No menu items!
HomeОнцлохНайргийн тойрогт, нам гүмийн дунд...

Найргийн тойрогт, нам гүмийн дунд…

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа “Болор цом” наадмын хошой эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Ичинхорлоог онцоллоо.

Өдгөө 100-аад жилийн түүхтэй соёлын ууган байгууллага болох Үндэсний номын санг удирдан яваа түүнийг ард түмэн найрагч гэдгээр нь андахгүй сайн мэднэ. Цэл залуухан найрагч бүсгүй эх орны тухай омог бардам шүлэглэж, “Мөнгөн үе”-ийн яруу найргийн хуудаснаа нэрээ үлдээсэн билээ. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Яруу найргийн тэнгэр дэх марал гурван од бол Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг” гэсэн нь бий.

Цэл залуухан найрагч

Тэнгэр

“Миний монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй

Миний монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм.

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй” гэж Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат цэл залуухан найрагч бүсгүй омог бардам шүлэглэж явсан үе 1990 он.  17 насандаа найргийн дэвжээнээ “Болор цом”-ын эзэн болж явлаа.

“Яруу найргийг шүүж болохгүй” гэж өдгөө сайн муугаар хэлэгдэх уг наадам цагтаа авьяас билгээр цалгиж явсан залууст хөг нэмж явсан нь зайлшгүй.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн “Болор цом” наадмыг анх 1983 онд Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж санаачлан зохион байгуулж, “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж бай­сан түүх­тэй. Тэр цагаас хойш  Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Ц.Чимэддорж нарын олон авьяас билигт найрагчид “Болор цом”-ын эзнээр тодорч байв.

Тэдний залгамж халаа болсон найрагч Ичинхорлоо хойтон жил нь ахин энэ наадмын тэргүүн байрыг “Эх нутаг” шүлгээрээ эзэлсэн билээ. Аав Баярхүү нь Өвөрхангай аймгийн Арвайхээрийн 15 дугаар автобаазад тээврийн жолооч байсан учраас охиноо нийтийн цайны газарт нь ажилд анх оруулсан. Тэр үед уншигчдын сэтгэлд хоногшсон “Бодол”, “Тэнгэр” зэрэг шүлгээ бичсэн гэдэг.

ЭХ НУТАГ

Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч

Хуучин гутлын уланд чахрана

Цас орж байна гэж намайг тэнэглэхэд

Хүмүүс аанай л толгой дохино

Тэс хөлдүү моддын нөмөрт

Даль хумин болжмор чичирч

Зовлонт эх нутгийнхаа тухай

Золгуй шүлэгч гиюүрэн дуулна

Энд би оршуулгын газар шигээ дасч

Элгээ өмлөн хоромхон чулуужнам

Хуучин танил шиг элэгдмэл саран

Хувхай мөчирт гэрлээ унагаж

Хилэгнэл харууслын дуу

Хэрээ мэт айсуй

Цөөхөн байгаасай гэмээр яг энэ орой л

Цөмөврөв үргэчихлээ шүү, сэтгэлийн хун шувууд…

Намуун борооноор оддыг нэг ажихнаа

Намар л юм байлгүй дээ, навч хагдрах ч шиг…

Болдогсон бол яг л одоо

Бодлоо тээж эмээгийн цайны усанд явмаар

Цангасан чулуу дэвтээж бороо шиврэх нь

Чамайг үхэж гэж зүүдлээд сэрэх мэт

Шүлэг мэт Монголын тал дээгүүр

Шөнө мэт уянга хөглөрнөм

Халуун залуу насыг чинь би алган дээрээ бөмбөрүүлсээн

Хагацаж чадсан бол эргэж хараад хэрэггүй

Зөнгөөр амьдралын минь бурангуй өдрүүд өөрийн төрхтэй болохоор л

Зүрх сэтгэл минь үгүй мэт хоосровч нөмөр дулаан.

Тэрбээр “Болор цом”-ын эздээс хамгийн их өөрчлөгдсөн хэмээгддэг. “Улаахан хацартай, салаа гэзэгтэй охин гунхсан сайхан хүүхэн болжээ” гэх хүмүүс цөөнгүй.

Байх газар минь найргийн тойрог

Тэрбээр “Болор цом”-ын хошой эзэн болоод найргийн дэвжээнээс зодог тайлсан нь “залуучууддаа зай тавьж өгсөн” гэх. “Болор цом”-ын дэвжээнээс буусан ч найргийн тойргоосоо урваагүй гэдгээ нэгэнтээ дуулгасан. Яг ингэж бичиж суух дор сэтгэлийн түмэн хэлхээс болсон нэгэн шүлэг төрж буйг хэн үл мэднэ…

Яруу найрагч Ц.Хулан, Г.Бадамсамуу нарын хамт

Өвөө, эмээгийн эрх танхи “миний улаан хүүхэн”. Өвөөгийн хайрласан Бээжинхорлоо гэх нэрээр дөрөвдүгээр ангид ортлоо явсан бөгөөд олон сайхан бэлгэдэлт утга бүхий энэ нэрээ ээжийнхээ хайрласан Ичинхорлоо гэдэг нэрээр сольсон гэдэг. Бага ангид байхдаа монгол хэл, математикийн олимпиадад оролцон аймгаасаа шалгарч явсан бөгөөд сурагч ахуй цагтаа геологич болохоор мөрөөдөж явсан нэгэн. Харин 17 насандаа шүлэг найргаараа гангарч явсан түүнд УБИС-д шинээр нээгдэж байсан Утга зохиолын ажилтны ангид “Болор цом”-ын эзэд болох А.Эрдэнэ-Очир, Ц.Хулан, Г.Мөнхцэцэг нартай тохой залган суух учрал тохиосон юм.

Яруу найрагч Б.Ичинхорлоо, Н.Билгүүн, Г.Мөнхцэцэг нар.

Бийр, билиг оюуныг нь хурцалж явсан багш Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн түүнийг “Нүглийн шүд хүрээгүй алим шиг охин” хэмээсэн нь бий. 1999 онд “Гэгээн зүг” хэмээх анхны номыг нь Б.Лхагвасүрэн гуай

Гэгээн зүг рүү тэмүүлсэн

Гэзэг нь хийссэн охин ирсэн,

Уул хүртэл шүлгийг нь сонсдог

Ухаантай найрагч болтугай хэмээн “босго үг”-ээр мялааж байсан юм.  Үүнээс хойш “Орчихуйн чинад”, “Хязгаарт хүрэхүй”, “Он цагийн хэлбэр” хэмээх шүлгийн түүдрүүдээ гаргасан билээ.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хамт

Нам гүмийн дунд

Өдгөө гурван хүүхдийн эх болсон тэрээр нам гүмхэн амьдралыг эрхэмлэдэг бөгөөд нэгэн үе алс холын АНУ-д ажиллаж, амьдарсан. Хань П.Товуудоржтойгоо оюутан ахуй цагаасаа үерхэж, ханилсан. Ханьдаа зориулж бичсэн олон сайхан хайрын шүлэг бий.

2016 оноос хойш Үндэсний номын сангийн захирлын албыг хашиж буй тэрээр “Нийслэлийн шилдэг эмэгтэй”-ээр нэрлэгдэж байсан юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд