No menu items!
HomeЯрилцлагаР.Батхуяг: Хүүхдийн зурж байгаа зураас нь сэтгэл хөдлөл, өнгө нь үзэл бодол...

Р.Батхуяг: Хүүхдийн зурж байгаа зураас нь сэтгэл хөдлөл, өнгө нь үзэл бодол байдаг

-

“Hugo and Color” клубийн үүсгэн байгуулагч Р.Батхуягтай уулзлаа. Тэрбээр сургуулийн хүүхдүүдийн авьяасыг дэмжих зорилгоор хүүхдийн уран зургийн галерей байгуулахаар бэлтгэл ажилдаа орчихоод байгаа юм билээ.

-Хоёулаа тун удахгүй үүдээ нээх хүүхдийн зургийн галерейн талаар чинь яриагаа эхэлье?

-Би багш хүн л дээ. Багш хүн бүр хүүхдүүдээ ирээдүйд салбар салбартаа тэргүүлэгч байлгахыг мөрөөддөг. Тийм ч учраас би уран зургийн салбарт тэргүүлэгчдийг төрүүлэхийн тулд “Hugo and Color” гэсэн клубийг таван жилийн өмнө байгуулсан. Харин одоо хүүхдийн гэсэн тодотголтой уран зургийн галерей байгуулах гээд бэлтгэл ажилдаа орчихоод явж байна.

Энэ бол миний найман жилийн тэртээх мөрөөдөл маань. Яг одоо нийслэлд есөн галерей үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч тэд бүгд томчуудад зориулагдсан. Хүүхдэд зориулсан галерей нэг ч байхгүй. Уг нь хүүхэд ч гэсэн энэ нийгмийн нэг бүтээгдэхүүн. Тийм учраас үзал бодлоо чөлөөтэй илэрхийлж байх хэрэгтэй. Тэд яаж илэрхийлэх юм гэхээр зургаар л илэрхийлнэ.

Тийм учраас хүүхдийн үзэл бодооо илэрхийлсэн зургийг олон нийтэд харуулдаг галерей зайлшгүй байх шаардлагатай байгаа юм. Үүнийхээ эхлэл болгож МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль дээр Уран зургийн судалгааны төв байгуулсан. Яагаад ийм төв байгуулсан гэхээр өнөөдөр дунд сургуульд уран бүтээлчид эсвэл шугам зургийн багш нар дүрслэх урлагийн хичээл заагаад сууж байна.

Бүр зарим сургуульд дизайнер ч багшилж байх юм. Яг дүрслэх урлагийн багш үнэхээр хомсдолтой байна. Хатуухан хэлэхэд хүүхдийн зургийг оношилж үзээгүй хүмүүс хүүхдүүдэд хичээл заагаад самбарын өмнө зогсож байна шүү дээ. Уг нь их дээд сургуулийн сэтгэл судлалын хичээлээр хүүхдийн зургийг хэрхэн яаж оношлох вэ гэдгийг заадаг л даа.

Хүүхдийн зургийг оношилж байж тухайн хүүхэд ямар зан ааштай хүүхэд вэ, бас юу сонирхдог эсэх нь тодорхойлогддог. Угаасаа хүүхэд өөрийгөө хэн бэ гэдгийг зурж байгаа зургаараа хэлээд өгдөг. Ер нь тэгээд хүүхдийн зургийг уншилгүйгээр сургууль төгсөж байгаа хүн ямар багш байх нь тодорхой ш дээ. Гэхдээ уншъя гэхнээ ч хүүхдүүдийн зургийг тоож дэлгэн тавьдаг галерей байхгүй байгаа нь харамсалтай.

Тэгэхээр энэ төв багш нарт сурагчдын зурсан зургийг уншиж чаддаг, оношилж мэддэг болоход нь тус болно. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд дуу дуулж, хоол идээд л цэцэрлэгээ төгсөж болохгүй. Тэд ч гэсэн хүн, хөгжих хэрэгтэй. Хүүхдийн эрх ашгийг нэн түрүүнд тавина гээд хуулиндаа хүртэл бичсэн хэрнээ хүүхдийн төлөө хийж байгаа нэг ч зүйл байдаггүй, Монголд. Наад зах нь нэг галерейд ороод зураг үзэх гэхээр тэдэнд зориулагдсан зураг тавигддаггүй.

Тиймээс энэ байдлуудыг л өөрчлөх гэж би “Hugo and Color” клубийг байгуулсан юм. Бас нэг юм нэмээд хэлчихэд математик, монгол хэл, англи хэл, хими, биологи гээд л бараг бүх хичээлээр олимпиад зохиогддог хэрнээ зургийн олимпиад болдоггүй. Угтаа хүний хөгжлийн эхлэл чинь зураг шүү дээ. Хүн анх хадан дээр зураг зурж түүгээрээ дамжуулан хэл амаа ололодог байсан гэдэг биз дээ.

-Хүүхдийн уран зургийн галерейн үүд хаалга хүүхэд бүрийн өмнө нээлттэй юм байна, тийм үү?

-Тиймээ. Мэдээж эхний удаад бүх сургуулиудыг хуваарьт оруулаад танай сургууль энэ өдөр хүүхдүүдийнхээ бүтээлээр үзэсгэлэн бэлдээд манай галерей дээр гаргах боломжтой гэсэн зарыг өгнө. Тэгээд ч сургуулиудын багш нар МУБИС-ийн багш нарын шавь байдаг. Тэгэхээр МУБИС-ийн шавь нарынх нь шавь нар манай энэ галерейн үйлчлүүлэгчид байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл бидэнд галерейгаараа дамжуулан авьяастай хүүхдүүдээ хөгжүүлнэ. Манай энэ галерей цаашид уран зургийн галерей шиг маш том галерей болох байх гэж бодож байгаа. Дээрээс нь нэмж хэлэхэд энэ галерей судалгааны төв болно. Ер нь би хүүхдүүдэд зориулагдсан томоохон төв байгуулах гэж л зорьж явна даа. Нийгэмд байх л ёстой зүйлүүдийн нэг нь энэ болов уу гэж бодож байгаа ш дээ.

-Хүүхдийн уран зургийн галерей байгуулагдсанаар хүүхдүүдэд ямар ямар боломж нээгдэх вэ. Мэдээж хэрэг зураг зурдаг хүүхдүүд бол өөрийн зургаа үе тэнгийн найзууддаа үзүүлэх боломж нээгдэнэ. Өөр ямар боломж байна?

-Түүнээс гадна мэргэжлийн чиг баримжаа олгоно. Өөрийгөө нээх боломжийг нээж өгнө. Манай эцэг эхчүүд “Чиний зураач болно гэж юу байдаг юм. Дуугүй л хичээлдээ шамд” гэдэг. Бүр “чамайг зураач болгохгүй, будаг шунх чинь их үнэтэй юм байх чинь билээ” гээд хүүхдээ уйлуулаад чирээд гарч байсан хүн ч бий. Тэгэхээр энэ галерейд хандсанаар эцэг эхчүүд ч хүүхдийнхээ авьяасыг мэднэ хүүхэд ч өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилнэ гэсэн үг.

-Хүүхдүүд өөрийнхөө ертөнцийг зургаар илэрхийлдэг гэдэг?

-Хүүхдийн зурж байгаа зураас нь сэтгэл хөдлөл нь байдаг гэдэг ш дээ. Харин гаргаж байгаа өнгө нь тухайн хүүхдийн үзэл бодол байдаг. Гаргаж байгаа авир араншин нь ертөнцийг үзэх үзэл нь байдаг байхгүй юу. Гадаад байдал, дотоод байдал үүсгэл нь бүгд холбогддог. Энэ бүгдээр тухайн хүний зан байдлыг тодорхойлж болдог. Тэгэхээр багш нарт та сайн багш байя гэж бодож байгаа бол шавь нарынхаа зурсан зургийг сайн хараач ээ гэж хэлмээр байгаа юм.

Энүүхэндээ гэхэд зураачдын зурж байгаа, хүүхдийн зурж байгаа хоёр маш их ялгаатай. Зураачид цэвэр сэтгэхүйгээр бүтээл урладаг бол хүүхдүүд бодит байдлыг зурдаг. Гэхдээ юмыг дуурайх гэж яддаггүй. Машин зурлаа гэхэд дөрвөн дугуйг нь гадна талд нь дөрвөн тийш нь харуулаад зурчихдаг. Яагаад гэхээр дөрвөн дугуй байх ёстой гэж үзэж түүнийгээ өөрийнхөө ертөнцөөр гаргаж байгаа нь тэр. Энэ л хүүхдийн ертөнц байхгүй юу.

-Хүүхэд бүрийн бүтээл ямар нэгэн агуулгатай ямар нэгэн илэрхийлэлтэй байх нь дамжиггүй. Тэр олон хөөрхөн бүтээлүүдээс сонгож үзэсгэлэн гаргах ч бас амаргүй байх шүү?

-Үүнийг ярихаас өмнө би нэг зүйл хэлмээр байна. Юу гэхээр Монголд маш их зургийн уралдаанууд зохион байгуулагддаг. Гэхдээ би энэ уралдаануудад шүүмжлэлтэй ханддаг. 1-11 дүгээр ангийн хүүхдийн дунд уралдаан зарлачихаад гуравхан байр эзлүүддэг. Нэгдүгээр байранд 11 дүгээр ангийн хүүхэд, хоёрт, наймдугаар ангийнх, гуравт, нэгдүгээр ангийн хүүхэд ордог.

Нэгдүгээр ангийн хүүхдийг 11 дүгээр ангийн хүүхэдтэй битгий хэл гуравдугаар ангийн хүүхэдтэй харьцуулахын аргагүй ш дээ.Манайхан ингэж буруу шүүлт хийдэг байхгүй юу. Намайг нэг удаа зургийн уралдаан шүү гэхэд би “Би тэгж хүүхдүүдийг хооронд нь тэрсэлдүүлж чадахгүй” гэсэн. Мэдээж хэрэг нас насны хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл, харах орон зай нь өөр өөр шүү дээ.

11 дүгээр ангийн хүүхэд навчны судлыг зурна тэгэхэд бага ангийнхан судлыг нь огт зурахгүй. Харин манай клубээс зарлаж байгаа уралдаан энэ бүгдээс огт өөр. Бид зурсан зураг авдаггүй. Оролцохыг хүссэн хүүхдүүдээ ирэхээр нь шууд суулгаад зуруулдаг. Бас анги бүрт тус тусдаа нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлдэг. Харин галерейн хувьд бол тэдэн сард тийм насныхан үзэсгэлэнгээ гаргана гэсэн нарийн хуваарьтай байна.

Х.Алтанцэцэг

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд