No menu items!
HomeЗөвлөгөөАмьдралд бэлдэх ухаан-Монтессори

Амьдралд бэлдэх ухаан-Монтессори

-

Эцэг эх бүр үр хүүхдээ ирээдүйдээ өөртөө итгэлтэй, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай, эмх замбараатай, чөлөөтэй сэтгэдэг амьдралын ухаантай болгохыг хүсч, уг хүслийнхээ үүднээс хүмүүжлийн олон аргыг ашигладаг. Зуу гаруй жилийн тэртээ Итали эмэгтэй Мария Монтессорийн боловсруулсан хүүхэд хүмүүжүүлэх арга нь орчин цагт ч үнэ цэнээ алдалгүй хүүхдийн хүмүүжил, эцэг эх –хүүхдийн харилцаанд гайхалтай сайхан өөрчлөлтүүдийг бий болгосоор байна.  

Сонирхсон, таалагдсан зүйлээ хийж байхад нь тасалдуулах биш харин ч түүнд нь анхаарч, эцэг эх нь өөрийн зүгээс түүнийг нь сайжруулах, алдаж буруудсан зүйлсийнх нь учрыг хамтдаа олох, юун дээр алдсан хэрхэн засах зэрэгт чиглүүлэгчийн үүрэгтэйгээр оролцох хэрэгтэй.

Хүүхдийн тархины 80 хувь нь 0-6 насандаа хөгжин, мөн энэ л үедээ ирээдүйд хэн болох суурь хүмүүжил нь төлөвшдөг гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Хүний амьдралын эхлэлийн хамгийн чухал энэ үед анхаарч судалсны дүнд боловсруулснаараа Монтессори хүмүүжил, сургалтын онцлог оршдог. Монтессори хүмүүжлийн аргыг хамгийн товчоор хэлбэл “Хүүхдээ дага”. Хамгийн тод жишээ нь хүүхдийнхээ хийж буй  зүйлийг анхааралтай ажиглах юм. Хүүхэд чинь өөрийн хүсэл, дур сонирхлоороо сурч, хүмүүжих боломжийг олгохоос бүхнийг эхлүүлж болно. Хүүхдийнхээ өөрөө эхлүүлсэн зүйлийг тасалдуулах нь хожим анхаарал нь амархан сарнидаг хүн болоход ихээхэн нөлөөлдөг. Сонирхсон, таалагдсан зүйлээ хийж байхад нь тасалдуулах биш харин ч түүнд нь анхаарч, эцэг эх нь өөрийн зүгээс түүнийг нь сайжруулах, алдаж буруудсан зүйлсийнх нь учрыг хамтдаа олох, юун дээр алдсан хэрхэн засах зэрэгт чиглүүлэгчийн үүрэгтэйгээр оролцох хэрэгтэй. Үр дүнд нь зөвхөн хүүхэд бус эцэг эх ч гэсэн шинэ зүйлд суралцаж чаддаг. Эмх замбараатай, аливаа зүйлийг нягт нямбай хийдэг, чөлөөтэй сэтгэдэг, бүтээлч, бие даасан хүүхэдтэй болохыг хүсвэл монтессори аргыг хэрэгжүүлээрэй. Монтессори аргыг жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой. 

Монтессори өрөө

Монтессори хүүхдийн өрөөний гол шинж нь хэт олон өнгийн, хэт их зүйл байхаас зайлсхийдэг. Өнгө будаг алагласан, хэт олон тоглоом хэрэгсэлтэй өрөө нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэхэд саад болдог, хийж буй зүйлээс нь сатааруулах муу нөлөөтэй гэж үздэг. Ийм өрөөнд өссөн хүүхэд алсдаа анхаарал нь сарнимтгай, анхаарал төвлөрөл муутай хүн болж хүмүүждэг байна. Тиймээс монтессори хүүхдийн өрөө нь аль болох цулгуй, олон тавилга хэрэгсэлгүй, тоглоом нь цөөн, аюулгүй, тайван орчин байхаар тохижуулсан байвал сайн. 

Монтессори нярай 

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн суралцдаг. Нярай үедээ хөдөлгөөнөөрөө дамжуулан суралцдаг бөгөөд энэ үед нь хүүхдийн гар хамгийн чухал үүрэгтэй байдаг аж. Тиймээс монголчууд бидний эртнээс хэрэглэж ирсэн өлгий буюу хүүхдээ өлгийдөхийг монтессори аргад огт дэмждэггүй. Хөдөлгөөнөөр дамжуулан суралцах гэж буй хүүхдийг гарыг нь даруулан өлгийдөх бус эсрэгээрээ биед нь эвтэйхэн, хөдөлгөөнд нь саад учруулахгүй хувцас өмсүүлэх хэрэгтэй юм. Ураг гэдсэнд байхдаа тавгүйтсэн үедээ, төрснийхөө дараа ч гэсэн таагүй байхдаа хуруугаа хөхөн тайвширдаг рефлекстэй байдаг. Тиймдээ ч хүний тархины хөгжилд гар хамгийн чухал үүрэгтэй байсаар ирсэн гэж үздэг. Нярай гэлтгүй бага насны хүүхдэд хувцас сонгохдоо: 

• Цэвэр даавуун материалтай 
• Биеийг үрж холгох цахилгаан, том товчгүй, зузаан хатгамал, цахилгаангүй байх 
• Яг таарсан буюу хэт бариу эсвэл томдсон биш 
• Биенд таарсан хэрнээ сунамтгай материалтай байх нь нэг талаас давуу чанартай байдгийг анхаарч авах хэрэгтэй. 

Нярайн таван сартайгаас эхлэн улирлын байдлаас шалтгаалан хувцаслах ч гэлээ дулаан бол хүүхдийнхээ өвдөг, тавхайг аль болох нүцгэн байх, хүрэлцэхүйн мэдрэхүйгээ хөгжүүлэхэд нь туслаарай. Мөн нярай ч гэлтгүй бага насны хүүхдүүдийг өвдөгнөөс нь доош нүцгэн байлгах, унтлагын хувцас нь шуумаггүй, оймсгүй байлгавал бие нь илүү сайн амарч, тайван сайхан нойрсдог ажээ. Монтессори хүмүүжлийн нэг онцлог нь хүүхдийг хуурах байдлаар хүмүүжүүлэхийг дэмждэггүй. Тиймээс угж хөхөлтөөр унтуулахыг хуурамчаар тайвшруулж буй хэрэг хэмээн дэмждэггүй. 

Монтессори ор болон тавиур 

Монтессори орны онцлог нь ихэвчлэн дан гудас болон матрассыг шууд газар байрлуулсан байдаг. Нэгт хүүхдийг орноосоо унаж бэртэхээс сэргийлэх, хоёрт унтаж, сэрэхдээ заавал бусдын тусламжийг авахгүй байх давуу талтай. Монтессори аргыг минималист хэв маягаас салгах аргагүй юм. Төсөр цөөн тавилга хэрэгсэлтэй, хог хаягдал багатай, өөрсдөө бүтээгч байж амьдрах минималист хэв маяг нь монтессори аргатай гайхалтай хосолдог. Тиймдээ ч монтессори хүүхдийн өрөө хамгийн гайхалтай минималист хэв маягийн жишээ болдог. Хүүхдийн тоглоомын тавиур нь жижгэвтэр, жижиг тасалгаануудтай байвал тохиромжтой. Хүүхдийнхээ тоглоомуудыг цөөн гэлтгүй төрөлжүүлэн өөр өөрийнх нь хэсэгт хураахад тасалгаануудын үүрэг их. Жишээ нь эцэг эхчүүд хүүхдээ тоглоомоо өөрсдөө хураадаггүй хэмээн гомдоллодог. Бодит байдал дээр эцэг эхчүүд хүүхдийнхээ бүх тоглоомыг нэг хайрцагт хийснээ хураагаад болчихлоо гэж боддог. Ингэж хураадаг бол хүүхэд ямар нэг тоглоомоороо тоглохыг хүсвэл тэр хайрцагтай тоглоомоо бүгдийг нь гаргаж ухах хэрэгтэй болно. Бүгдийг нь гаргаж хаячихаад ганц л тоглоомоор тоглох нөхцлийг буюу буруу хүмүүжлийг эцэг эх нь өөрсдөө бүрдүүлдэг. Тиймээс хүүхдийнхээ тоглоомыг сэдэвчлэн ангилаад тавиур, тасалгаанд нь яг таг өрдөг хэвшлийг хүүхдэдээ ч өөрсдөдөө ч хэвшүүлэх хэрэгтэй. Ийм зүйлд хүүхэд удаан хэвшиж болох ч нэгэнт сурчихвал дараа нь бусад зүйлст ч гэсэн эмх цэгцтэй, ангилж төрөлжүүлж хийдэг дадалтай болно. Мэдээж энэ нь ирээдүйд хичээлээ давтах, ажил дээрээ ч эмх цэгцтэй байхад нь нөлөөлдөг. 

Монтессори хооллолт 

Бие даан сууж сурсан буюу 9-10 сартайгаасаа хүүхэд хоолоо өөрөө барьж идэх, халбагадаж, сэрээдэх хүсэлтэй болж ирдэг нь өөрийгөө илүүтэй мэдэрч эхэлдэгтэй нь холбоотой. Өөрөө хийхийг нь хориглох гэдэг нь монтессори аргын эсрэг болчихдог учраас хүүхдээ зөнгөөр нь орхиж хүссэнээрээ хооллох, халбагадахыг нь зөвшөөр гэсэн үг юм. Хувцсаа бохиртуулна, ам хэлээ хатгачихна гэх зэргээр болгоомжлон хүүхдээ өөрсдөө хооллох нь цаашдын олон зөв дадлын эхлэл болдог. Эцэг эхчүүдийн гол алдаа бол тэвчээргүй зан. Энэ нь хүүхдээ ямарваа нэг үйлийг хийж эхэлмэгц өөрсөд шиг нь төгс сайн хийх юм шиг бодож, анхны үйлдэл нь гэдгийг мартдаг явдал байдаг. Анх удаа өөрөө хоолоо халбагадаж идэхээр оролдож буй хүүхэд асгах нь тодорхой. Анх удаа халбагадаад л асгачихаар нь шууд өөрсдөө хоолыг нь аманд нь халбагадаж өгөөд байдаг. Хүүхдэдээ тэвчээртэй хандаж асгасан ч бай өөрөө идэж сурахыг нь тэвчээртэй хүлээвэл нэг л өдөр хоол, цайгаа огтхон ч асгалгүй халбагадаж идэж сурна. Ингэж сурсан хүүхэд цаашид аливаа үйлийг хийхдээ өөрөө сайжиртлаа хичээдэг, олон давтан хийхээс залхалгүй байсаар нягт нямбай хийж чаддаг болно. Халбагаа сайн барьж сурсан хүүхэд том болоод үзэг, балаа зөв барьж, улмаар цэвэрхэн бичиж сурах зэрэг зөв дадлуудад суралцдаг. 

Монтессори тоглоом 

Цөөн үгээр бол нэг тоглоомоор олон янзаар тоглох боломж. Жишээлбэл өрж тоглодог модон шоогоор байшин, гүүр, цамхаг барих буюу машин, ямар нэгэн амьтан, хүн ч хийж болдог. Нью Йорк хотын тоглоомын музей хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг тоглоомыг “модны мөчир” гэж тодорхойлжээ. Модноосоо хугарч унасан ганц мөчир түүгээр тоглох хүүхдийн гарт илд, морь, шидэт дохиур, бейсболлын цохиур зэрэг байж болох бүхий л төрөлдөө хувирдаг байх нь. Жирийн зүйл хүүхдийн хийсвэр сэтгэхүй, төсөөлөх бодох сэтгэлгээний ачаар маш олон хувирч чаддаг нь энэ юм. 

Модноосоо хугарч унасан ганц мөчир түүгээр тоглох хүүхдийн гарт илд, морь, шидэт дохиур, бейсболлын цохиур зэрэг байж болох бүхий л төрөлдөө хувирдаг байх нь.

Ийнхүү олон төрлөөр хувирч болдог тоглоомыг open-ended toys буюу нээлттэй тоглоом хэмээн нэрийддэг. Нээлттэй төрлийн тоглоом нь хүүхэд өөрөө л сэтгэж чадвал түүгээр тоглох маш олон арга бий учраас буруу тоглох вий гэсэн айдас төрүүлдэггүй. Мэдээж хэрэг сэтгэн бодох чадварыг сайн хөгжүүлнэ, асуудал шийдэх чадвар олгоно, өөртөө итгэх итгэлийг нь давхар нэмэгдүүлж байдаг сайн талтай. Ганцаараа ч, олуулаа ч тоглож болно. Ганцаараа бол өөрийн уран сэтгэмжээр, олуулаа бол бие биедээ дүр оноож, үйл явдал зохион, тоглоомын явцад гарсан үр дүнд өөрөө хариуцлагаа хүлээнэ, бусадтай хамтран тоглож сурна, найзуудтайгаа ойлголцож, баг болон ажиллахын зэрэгцээ хааяа бие даах хэрэгтэй ч болдог. Ийм төрлийн тоглоомын бас нэг давуу тал нь насны хязгаар байдаггүй. Өсөж том болохынхоо хэрээр түүгээрээ бүтээж буй зүйлс нь улам боловсронгуй болдог. Нээлттэй төрлийн тоглоомын хамгийн тод жишээ бол бидний эмээ өвөө, аав ээжийн тоглож өссөн чулуу юм. Тэд чулуугаар гэр барьж, чулуугаар аяга, таваг, идээ будаа хийхээс гадна морь хүртэл болгож чаддаг байснаа бахархан ярьдаг. Байгаль дэлхий бидэнд нээлттэй төрлийн тоглоомыг харамгүй хайрлахын зэрэгцээ бидний өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүний хайрцаг, бөглөө гэхчилэн маш олон зүйлсийг энэ төрлийн тоглоом болгон ашиглаж болдог. 

Энэ мэтчилэн монтессори хүмүүжлийн арга барилын талаар дурьдаад байвал гайхалтай олон сайн талтай. Хамгийн гол нь хүүхэд өөрөө юу хүсч, юу сурмаар байгааг нь анхаарч сургахад чиглэгддэг. Монтессори аргыг заримдаа хэрэглээний боловсрол, өөрөө олж авах боловсрол гэж нэрлэх нь ч бий. Би үүнийг чадахгүй юм байна гэсэн мэдрэмжээс хүүхдийг хамгаалах буюу өөрөө хичээгээд оролдвол бүхнийг чадна гэсэн итгэлийг бий болгох, тийм замаар суралцах нь баяр баясал авчирдаг гэсэн ойлголт төрүүлэх, амьдралд бэлдэх том шинжлэх ухаан болдгоороо монтессори арга барил дэлхийд алдаршсан. 

Л.Эрдэнэжаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд