No menu items!
HomeОнцлохТ.Алтангэрэл: Хэвлийн таргалалт хийтэй холбоотой

Т.Алтангэрэл: Хэвлийн таргалалт хийтэй холбоотой

-

Йогийн багш Т.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Жингээ хасахыг хүсч байгаа хүн юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан Ааюурведын ухаанд 5 махбодын онолоор хүний биеийг 3 хэсэгт хувааж үздэг. Хий давамгайлсан махбодтой, шар давамгайлсан махбодтой, бадгана давамгайлсан махбодтой гэж 3 хувааж үздэг. Хий давамгайлсан хүн төрөлхөөсөө бага жинтэй, шар давамгайлсан махбодтой хүн дундаж жинтэй, бадгана давамгайлсан хүмүүс голдуу жингийн илүүдэлтэй хүмүүс байдаг. Тодруулаад хэлбэл бидний биеийн жин бидний хүйстэй адил өгөгдчихсөн байдаг. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ.

Жингээ хасаж байгаа хүн хийдэхгүй байх дээр их анхаарах хэрэгтэй. Учир нь хийдвэл сэтгэл санаа хямарч тогтворгүй болох учраас энэ нь эргээд биедээ илүү асуудал үүсгэдэг.

Биеэ эрүүлжүүлж жингээ хэвийн байлгахын тулд илүүдэл жин үүсгэж байгаа шалтгаанаа эхлээд олох хэрэгтэй. Ямар сэтгэлийн хөдөлгөөний үед ямар төрлийн хүнс хэтрүүлэн хэрэглэж байна, хоол хүнсээ хэрхэн болгож байна, ямар сэтгэлийн хандлагаар хоолоо идэж байна энэ бүхнээс эхэлнэ.

-Манайхан эрчүүд, эмэгтэйчүүд ялгаагүй хэвлийн таргалалт ихтэй байдаг. Үүний шалтгаан юу вэ?

Эмэгтэй ч бай эрэгтэй ч бай ихэнх монголчууд маань хэвлийн таргалалт ихтэй болчихсон. Үүнийг биеийн тарган гэж бодоод байдаг. Хэвлийн таргалалт хийтэй шууд холбоотой. Хий оршдог гол орон бол бүдүүн гэдэс байдаг. Тийм учраас хийгээр хямрах үед хэвлийн таргалалт илүү амархан үүсдэг. Хийгээ засах, хийгээ дарахад хэвлийн таргалалт мэдэгдэхүйц гайгүй болно. Мөн хийгээр хямрах үед сэтгэл санаа их тогтворгүй болдог. Сэтгэл санаа тогтворгүй болоход биед аливаа асуудал үүснэ шүү дээ. Мэдээж энд хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ бас орно.

-Бид өдөр тутамдаа хэрэглэдэг хүнснээс хамгийн их таргалуулдаг нь аль нь вэ?

Хэвлийн таргалалт хийтэй холбоотой гэж дээр хэлсэн тийм ээ. Хүйтэн ус ихээр уух, кофены хэрэглээ нь бусад хүнснээс илүү хурдан хий үүсгэдэг. Мөн мөстэй хүйтэн ундаа жишээ нь мөстэй смүүти шууд хэвлийн таргалалт үүсэхэд нөлөөлдөг гэж ойлгож болно. Яагаад гэвэл гал руу ус хийхэд унтардаг тийм үү. Таргалалт юунаас үүсдэг бэ гэхээр хоол хүнсний биед шингээгүй үлдсэн хорт бодисоос үүснэ. Тэгэхээр идэж байгаа хоол хүнс биед гүйцэд, сайн шингэхийн тулд яах ёстой бэ гэхээр бид хоол боловсруулах тогтолцооны гал сайтай байх хэрэгтэй. Хоол боловсруулах тогтолцоо гадаад болон дотоод гэж 2 ангилагддаг. Гадаад хоол боловсруулах тогтолцоонд хоол хүнс – сав – гал буюу плитка орно. Дотоод хоол боловсруулах тогтолцоонд бидний амаар орж байгаа бүхэн – ходоод – хоол боловсруулах гал орно. Бидний дотоод хоол боловсруулах гал сайн байвал идэж байгаа бүхэн биед шингэцтэй байна. Гал муу бол хоол боловсруулах тогтолцоо доголдож биед эмгэг өвчин, таргалалт үүснэ. Хүйтэн ундаа онцгойлон мөстэй хүйтэн ундаа дотоод хоол боловсруулах галыг шууд унтрааж байдаг гэж ойлгож болно. Үүнийг би Ааюурведын ухааны онолоор тайлбарлалаа.

-Хоол хүнс гэхээс илүү хүний өөрийнх нь хоол хүнсэнд хандах хандлага илүү чухал санагддаг.

Яг тийм. Яг үнэндээ бид юу идэхээс илүү ямар хандлагатай хоол хүнсийг идэж байгаагаа ажиглах хэрэгтэй. Манай бүсгүйчүүд таргална даа гээд идээд байдаг учир таргалаад байна. Мөн гэртээ хоолоо хэрхэн хийж байна, ямар сэтгэл зүйтэй байна гэдгээ ажиглах хэрэгтэй. Өөрийн гал тогооноос л өөрийн эрүүл мэнд эхэлнэ шүү дээ. Гэртээ яарч сандран, ууртай ундуутай хоол хийгээд, хоолоо хэт болгоод, хэтрүүлж идээд байвал таргалалт болон өвчлөл үүсээд л байна. Тэгэхээр өөрийн хоол хүнсэнд хандах хандлага болон гэртээ хоолоо хийдэг өөрийгөө сайтар ажиглаж аваарай. Эндээс л бүх заслаа хийх хэрэгтэй.

-Хоолны дэглэм барихад тухайн хүний дошагаас хамаарч өөр өөр байх уу?

Хоолны дэглэм уул нь бие өвдсөн хүнд л хиймээр байгаа юм. Энгийн хүмүүс өглөө амин дэмтэй, өдөр үндсэн, орой уусгах туулгах шинж чанартай буюу шингэцтэй хоол хүнс идэх, хоолоо хэт болгохгүй хэтрүүлэн идэхгүй бол хоолны дэглэм барих шаардлагагүй л санагдах юм.

Монгол орны маань цаг агаарын онцлог, тогтоцоос шалтгаалан монгол хүмүүсийн ихэнх нь хий давамгайлсан хүмүүс байдаг. Ийм хүмүүст өглөөний цай тун чухал. Өглөөд цайгаа тавтай, цаг гарган тайван уувал хий дарагдана, улмаар хий дарагдахаар хүний сэтгэл санаа тогтуун болно, дагаад ажил үйлс бүтэмжтэй байна.

Хоол боловсруулах тогтолцооны гал хэзээ ертөнцийн нар хурц байна тэр үед илүү идэвхтэй байдаг. Тийм учраас өдөр үндсэн хоолоо идээрэй гэдэг. Орой өдрийн турш идсэн хоолоо шингээхийн тулд шингэцтэй хоол буюу хөнгөн хоол идэх, шар тостой хоол цай хэрэглэх зэрэг нь орой сайн нойр авах улмаар дараа өглөө сэргэг сэрэхэд шууд нөлөөлнө.

-Хоолны дуршил ихтэй, өлсөөгүй хэрнээ л өдөржин идээд байдаг хүмүүс яаж дуршлаа багасгах вэ гэж их асуудаг?

Үг хүртэл ухамсартай цаанаасаа зохиогдсон байхад бидний бие өөрийгөө анагаах болон засах, гэгээрэнгүй байх хүч нь цаанаасаа өгөгдсөн байдаг.

Stressed= desserts

Stressed гэдэг үгийг араас нь хөөхөд desserts болж байна, өөрөөр хэлбэл таны сэтгэл санаа тогтворгүй бол хоолоор дүүргэнэ гэсэн үг.

Тэгэхээр өөрт байгаа ажил амьдралын асуудлаа хэрхэн зохицуулахаас хоолны дур сонирхол, хэрэглээ шууд хамаарах юм.

-Зөвхөн хоолны дэглэмээр жингээ хасахаар арьс сулараад үлдчихдэг гэдэг. Дасгал заавал хамт явах ёстой юу. Иог хийхэд арьс чангарах уу

Йога хийхэд арьс их толигор болдог. Ямар нэг эрүүлжих, жин хасах хөтөлбөр болон мацгийг буруу барьсанаас арьс унжих гэх мэт сөрөг шинж гардаг байх. Эсрэгээрээ хоол хүнсээ зохицуулаад биеэ цэвэрлээд ирэхээр хүн өнгө жавхаа л нэммээр юм.

Манай уламжлалт шар тосоор нүүрэндээ иллэг хийх нь арьсыг чангалах үйлчилгээтэй.

-Эрүүл хооллолтын жоруудад ордог нарийн ногоонууд Монголын хувьд чанар муу (хятад ногоо). Үүнийг орлуулах ч юм уу монголчлох арга байна уу

Манайх жилийн дөрвөн улиралтай. Ургамал ногоо жимсийг байгалийнхаа жамаар ургадаг цагт нь идэх нь жинхэнэ эрүүл шүү дээ. Ногоог амт чанарыг нь алдуулахгүй сайхан хатаадаг хүмүүс ч бий болсон. Үүнд хөвсгөлийн хатаасан ногоог онцлон хэлмээр байна. Амт чанар, савлагаа дэндүү сэтгэл шингэж зөв хийсэн нь харахад л илт байдаг. Намар ногоогоо, өвөл махаа, хавар хураасан идээ цагаа, борцоо, зун цагаан идээгээ идэхэд монгол хүн эрүүл байх бүрэн боломжтой санагдах юм. Эрүүл хооллолт дан ногоо биш шүү дээ.

-Сүүлийн үед бага насны хүүхдийн таргалалт эрс нэмэгдсэн. Энэ юутай холбоотой вэ? Яаж засах вэ?

Амин дэмийн зохисгүй хэрэглээнээс хүүхдүүд хиймэл таргалалт ихтэй болж байна. Мөн хүүхэд сургууль гэр хоёрын хооронд байнга унаагаар зөөлгөж байгаа нь хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлаж үүнээс үүдэн хүүхдүүд хүртэл таргалалттай болж байна. Жин хасах болон эрүүлжих хөтөлбөр зарлахад зарим ээж хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Тийм ээжүүдэд миний хэлдэг ганц зөвлөгөө бол хүүхдэд хөдөлгөөнөөс өөр юу ч хэрэггүй гэдэг.

Өсвөр насны охидын дунд гармоны таргалалт гэдэг онош бий болгож байх шиг байна. Хүмүүс манай охин гармоны таргалалттай гэхийг нилээн хэдэн ээжээс сонсож байлаа. Насанд хүрсэн эмэгтэй хүн байтугай өсвөр насны охид хэвлийгээр жин ихтэй бол нөхөн үржихүйн эд эрхтний үйл ажиллагаа доголдоно шүү дээ. Үүнээс болж охидын сарын тэмдэг алдагдахад гармоноос үүдэлтэй таргалалт гэж онош тавьж байгаад үнэхээр харамсаж байна. Хүүхэд бол жамаараа хөдөлж байж л эрүүл цовоо байна.

-Зарим хүмүүс “Би жингээ хасч байгаа. Ийм тийм юм идэж болохгүй” гээд идэхийг маш их хүсдэг зүйлсээ идэж чадахгүй хараад хямраад түүнээсээ бүр стрестээд байдаг. Дуртай юмаа идчих гэхээр таргалчих гээд. Идэхгүй байхаараа сэтгэл нь хямраад. Ийм үед яах ёстой вэ?

Тэгж өөрийгөө хуурч, хүчээр хийх эсрэгээр илүү уршигтай. Юу идэх, ямар тогоонд хоол хийхээс илүү та юуг хэрхэн болгож ямар хандлагатай идэж байгаа л хамгийн чухал юм. Хүний хүсэл гэдэг чинь хэцүү шүү дээ. Хүслээ хүчээр барьж өөрийгөө хуурсан хүн дараа нь хоёр дахин давуулан иднэ дээ. Дахин хэлэхэд хоол хүнснээс таргалах биш түүнийг хэрхэн боловсруулж яаж идэж байгаагаасаа таны биед эмгэг гараад байгааг ойлгоорой. Монголчуудад байгаа биеийн аливаа асуудал хэт их хэрэглээ, хэт их хүнс, хэт боловсруулах, хэт их идэх гэх мэт ойлгомжтой зүйлээс үүсч байгаа учраас та бүхэн минь үүнийг ухамсартайгаар зохицуулж сураарай.

-Жингээ хасах гэж, тогтмол барих гэж хүмүүс янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Сөрөг тал бий юү

Бүтээгдэхүүн хэрэглэж үзээгүй учир сөрөг талыг нь сайн хэлж мэдэхгүй байна.

Таны эрүүл мэнд, биеийн жин гаднаас худалдаж авдаг бараа бүтээгдэхүүн биш юм. Та өөрийгөө сонсож чадвал та өөртөө оточ байж чадна гэж үздэг. Биед өөрөө өөрийгөө анагаах хүч нь байдаг. Бидний бие их ухамсартай, өөрт таатай болон таагүй зүйлээ үргэлж бидэнд хэлж байдаг. Бид харин анхаарч ажиглаж, сонсож чаддаггүй. Жишээ нь: хоол идэж байх үед гэдэс дүүрэх мэдрэмжийг үргэлж бидэнд өгч байдаг.

Та өөртөө оточ, таны эрүүл мэнд таны гарт, таны жин таны гал тогоонд бий гэж хэлье дээ.

Н.Цэндсүрэн

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд