No menu items!
HomeДэлхий"РосАтом" Унгарт атомын цахилгаан станцын хоёр реактор шинээр барихаар болжээ

“РосАтом” Унгарт атомын цахилгаан станцын хоёр реактор шинээр барихаар болжээ

-

Оросын цөмийн эрчим хүчний тэргүүлэгч компани “РосАтом” ирэх долоо хоногт Унгар улсад цөмийн хоёр шинэ реактор барьж эхлэх гэж буй талаар Унгарын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ.

Унгар, ОХУ, Европын Холбоо нь Унгарт байрлах Пакс атомын цахилгаан станцыг өргөжүүлэх гэрээг 2014 онд байгуулж ямар нэгэн тендер, шалгуургүйгээр “РосАтом” компанид энэ төслийг хариуцуулсан. Шинжээчид Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёрын найрсаг харилцааны үндсэн дээр энэхүү төсөл гацаанаас гарч байна хэмээн дүгнэжээ.

Унгарын Цөмийн энергийн газар вэбсайтдаа гаргасан мэдээлэлдээ “Оросын одоо байгаа Пакс дахь станцыг хоёр шинэ цөмийн реактороор өргөтгөх боломжтой болсон. Энэ нь ОХУ-ын нэг бүр нь 1.2 гигаваттын хүчин чадалтай VVER реактор юм” хэмээжээ.

Пакс дахь шинэ хоёр блокийн төлөвлөгөө нь Унгарын стратегийн ашиг сонирхолд нийцэж байна гэж Гадаад хэргийн сайд Петер Сиярто 5-р сард Росатомын гүйцэтгэх захиралтай уулзсаныхаа дараа мэдэгдэв.

Паксын атомын цахилгаан станц нь 1982-1987 онд бүтээн байгуулагдсан бөгөөд 2000 орчим мегаваттын хүчин чадалтай, Орост үйлдвэрлэсэн дөрвөн жижиг VVER- 440 реактортой үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Энэхүү цахилгаан станц Унгарын одоогийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Бүтээн байгуулах ажил саадгүй үргэлжилбэл цөмийн реакторууд 2030 онд ашиглалтад орох боломжтой ажээ. 12.4 тэрбум ам.долларын өртөг бүхий уг маргаантай төслийн ихэнх төсвийг ОХУ-аас санхүүжүүлж байгаа юм. Одоо бүтээн байгуулалт нь эхлэх гэж буй хоёр шинэ реакторын үйл ажиллагаа эхэлвэл Унгар улс Пакс дахь атомын станцаа цоо шинэ станцаар сольсонтой ялгаагүй болох юм. Түүнчлэн ойрын ирээдүй дэх энергийн салбартаа Унгарын эрх баригчид санаа зовох явдалгүй болох аж.

Унгар улс нь ОХУ Украинд дайн эхлүүлсний эсрэг олон улсын хориг арга хэмжээг дэмжээгүй үлдсэн Европын болон Европын холбооны цөөхөн улсын нэг юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Оросын нефтийн экспортод хориг арга хэмжээ авах тухай Европын холбооны саналын эсрэг байр суурьтай байсан. Ийм арга хэмжээ нь Унгарын эдийн засгийг сүйрүүлнэ гэж тэрээр үзсэн юм.

Үнэхээр ч өнгөрсөн сард Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнтэй холбогдуулан Унгар улс дотооддоо онц байдал зарласан билээ. Унгарын Засгийн газар тун удахгүй дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм. Унгарын Ерөнхий сайдын Хэрэг эрхлэх газрын дарга Гергели Гуляс бүс нутгийн эрчим хүчний хямралд Украины дайн болон ОХУ-д тавьсан Европын холбооны хориг арга хэмжээг буруутгасан. Тэрээр Будапештэд болсон хэвлэлийн бага хурал дээр “Европ тив намар, өвлийн улиралд хангалттай хийгүй болох магадлалтай” гэжээ.

Унгар улс нь Европын бусад орнуудын адилаар ОХУ-ын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай. Үүнд тус улс газрын тосны хэрэгцээнийхээ 65 орчим хувийг, байгалийн хийн хэрэгцээнийхээ 85 хувийг Оросоос авдгийг дурдаж болно. Тиймээс өнгөрсөн онд л гэхэд Газпромтой байгалийн хий худалдан авах 15 жилийн гэрээ байгуулж байсан юм.

Унгарын гадаад хэргийн сайд Петер Сийярто “Бүтээн байгуулалтыг эхлүүлцгээе! Маш том, чухал алхам боллоо. Бид энэ эрчээрээ Унгарын эрчим хүчний аюулгүй байдлыг урт хугацаанд хадгалж, унгарчуудыг эрчим хүчний үнийн огцом хэлбэлзлээс хамгаалах болно” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд