No menu items!
HomeМонгол брэндЭ.Дагвасүрэн: Сэтгэлээ гаргаж урладагт л миний хуурны үнэ цэнэ оршино

Э.Дагвасүрэн: Сэтгэлээ гаргаж урладагт л миний хуурны үнэ цэнэ оршино

-

Модны үнэр ханхалсан байшинд бүтээл туурвиж суудаг эрхмийг Эрдэнэ-Очирын Дагвасүрэн гэдэг.

“Аялгуут хуур” нөхөрлөлийн хуур хөгжим урлаач. Олон жилийн турш Хуур хөгжмийн зэмсэг урлаж буй тэрээр “Хийвэл хийсэн шиг л хийх хэрэгтэй” гэдэг зарчимтай. Түүнийг “Монгол бренд” буландаа урилаа.

-Хэдийнээс эхэлж хуур хөгжмийн зэмсэг хийх болсон бэ? 

-Аав маань хуур урладаг, Монгол гэрийн хаалга, тооно урладаг мужаан хүн байсан. Бага байхаасаа л аавыгаа харж дуурайж, ааваасаа хуур урлах эрдмийг нь өвлөн залгамжлуулан явна. Аавын маань хийсэн хаалга, тооно 30, 40 жил болоход хэвэндээ л байна. Аав багажаа өөрөө хийдэг байсан. Би ч гэсэн сийлбэрийн багажаа өөрөө хийдэг.

Багаасаа л модтой ноцолдож өссөн дөө. Зургаан настай байхдаа модон дөрвөлжөө цоолж, өрөмдөж багагүй л зэмлүүлж  явсан. 1998 оноос бие даан хуур урлаж эхэлсэн. 2007 оноос хойш л эрчимтэй хийж байна.  Ятга, товшуур, хуур хөгжмийн зэмсгүүдийг захиалгаар хийдэг. Дүү нар маань бас хуур хөгжмийн зэмсэг урдадаг. Захиалга их үед хамтарч ажилладаг.

– Нэг хөгжмийн зэмсэг урлахад хэдий хэр хугацаа зарцуулах вэ?

-Модны чанар болон захиалагчаас шалтгаалдаг. Сийлбэр ихтэй бол хугацаа их шаардана.Тоглолтын, сургалтын болон мастер хууруудад төдийлөн их сийлбэр шаардлагагүй. Модны чанараас л шалтгаална. Тухайлбал Улаан мод л гэхэд Энэтхэг, Түвэдийн хатуу зандангийн төрлийн мод бөгөөд олдоц ховор бас хийхэд хугацаа их шаарддаг.

-Түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?

-Хус модыг Орос улсаас, Түнхэлээс Нарс, хуш зэргийг захуудаас авдаг.

-Танд нэрийн дэлгүүр бий юу?

-Нэрийн дэлгүүр байхгүй. Цэцэг төв, Мөнгөн завьяа, Улсын Их дэлгүүрийн 6 давхарт борлуулалт хийдэг. Ихэвчлэн захиалгаар хийдэг.

-Хийсэн бүтээлүүдийнхээ тоо хэмжээг гаргаж үзэж байв уу?

-Тодорхой тоо гаргаж байгаагүй. Тоогоо алдсан байх аа.

-Бүтээлийн үнэлгээг яаж гарах вэ?

-Модны чанар болон хийцээс хамаараад бүтээлийн маань үнэлгээнд  өөрчлөлт орно. Сургалт, тоглолтын хууруудийг хусаар хийдэг. Мастер хуур бол хатуу чанарын модоор хийнэ. Улаан модоор хийнэ гэвэл олдоц ховор. Энэ мод нь будаг шаардлагагүй байгалиасаа их өвөрмөц өнгөтэй байдаг. Аавын минь үлдээсэн улаан мод одоо бараг ашиглагдаад дуусч байна даа.

-Та хун толгойтой хуур хөгжим хийсэн байсан шүү дээ. Их өвөрмөц харагдсан?

-Дорноговь аймгийн нутгаас эртний зуунд хамаарах археологийн олдвор олдсон. Тэр нь музейд байдаг. Түүнийхээ зургийн дагуу надаар захиалж хийлгэж байсан юм. Үүнээс гадна хун товшуур, янгир, тэмээн болон луун товшуур ч  хийсэн.

-Хийцний онцлог, давуу тал юу вэ?

-Хүн бүрийн хийдэг бүтээлийн онцлог өөр өөр л дөө. Дуу, хийц, чанар гээд л. Миний хийсэн зүйл миний нүдэнд сайхан харагдах нь мэдээж. Гэхдээ үйлчлүүлэгчид маань ялгааг нь анзаарсан л байдаг. “Таны хийсэн хуур дуугаралт нь ийм байна” гээд л өөр өөрсдийн үнэлгээг өгдөг. Хийцийн хувьд гэвэл миний хийсэн хуур дөрвөн хүчтэнтэй гэдгээрээ илүү онцлог юм уу даа. Хуур хөгжмийг сувинер талдаа хийдэг хүн олон ч урлаг талдаа хийдэг хүн цөөн.

-Хуур хөгжим урлахад хэцүү зүйл нь юу вэ?

-Модны “ааш”-ийг олно гэдэг их хэцүү. Үүнээс гадна мэдээж хөгжмийн зэмсэг учраас хөглөгөө чухал. Хөглөгөөг гадна дотор талаас нь ар өвөргүй хөглөнө. Тэгж байж дууны зөв өнгө гарна. Модны чанар ч мөн адил бүтээлийн хийцээс дуугаралтад нөлөөлнө. Жишээлбэл жодоо хамгийн дуугаралт сайтай.

-Таны баримталдаг зарчим юу вэ?

-Хийвэл хийсэн шиг хийх, хийхгүй бол болих хэрэгтэй шүү дээ. Энэ миний хувьдаа баримталдаг зарчим.

-Таны хийсэн хуурын үнэ цэнэ нь юундаа байна вэ?

-Сэтгэлээ шингээж бүтээдэгтээ л оршино. Хэн ч намайг хуур хий гэж шахаагүй. Хийж байгаа хуураа чанартай л хийхийг зорьдог доо.

-Хамгийн их хөдөлмөр, хугацаа зарцуулсан бүтээл?

-Г.Батхүү сайдын захиалгаар улаан модон хуур хийж байсан юм. Үүнд л их хөдөлмөр, бас чамгүй их хугацаа зарцуулсан.

-Өөр төрлийн хөгжмийн зэмсэг хийж байв уу. Тухайлбал Домбр хөгжим ч юм уу?

-Захиалгаар цөөн ширхгийг хийж байсан. Домбр хийхэд хүндрэлтэй зүйл нь шанаган цараа хийхэд залгаа их шаарддаг. Матаж хийнэ дараа нь наана гээд л ажиллагаа ихтэй. Хуу, товшуур, ятга хөгжмийн захиалга элбэг.

-Та өөрийн хуур хийх арга барилаас бусдад зааж сургах бодол байдаг уу?

-Тийм ээ. Гэхдээ одоохондоо ажлын байрнаасаа шалтгаалаад бололцоо арай бага байна. Хэд хэдэн хүүхдэд сургах гэж үзсэн. Хуруу гараа хэд эсгээд шантраад явсан. Уг нь СУИС-ийн сийлбэр чиглэлээр сурдаг хүүхдүүд сонирхох байх гэж боддог.

-Таны ирээдүйн зорилго?

-Үнэтэй модоор чанартай хуур хийж гадаад руу гаргах боломжтой. Гэхдээ энэ талаар сайн судалж үзээгүй. Гадаадаас ирсэн захиалгын дагуу хэд хэдэн хуур хийж байсан.

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд