No menu items!
HomeБоловсрол"Хүүхдээ баруун гараараа шийтгэн зүүн гараараа тэвэр"

“Хүүхдээ баруун гараараа шийтгэн зүүн гараараа тэвэр”

-

Цэцэрлэгийн насны хүүхэд өрөөнд байсан үнэтэй ваарыг санамсаргүйгээр унагаагаад хагалчихсан гэж бодоод үзье. Ийм тохиолдолд эцэг эхчүүдийн хүүхэддээ хандах хандлагыг томоор 2 хувааж болох юм. Хүүхдээ шууд загнасныхаа дараа зодож шийтгэдэг хандлагатай эцэг эхчүүд байдаг. Ийм эцэг эхчүүд “Чи ямар тэнэг хүүхэд вэ?, Энэ ваар хичнээн үнэтэй болохыг чи мэдэж байна уу?, Бүтэлгүй амьтан, болгоомжтой бай гэж чамд хичнээн их хэллээ, Чи ер нь яагаад ийм бүтэлгүй байдаг юм бэ?, Одоо энэ ваарыг яах болж байна аа?” гэх мэтээр хүүхдээ загнаж зэмлэснийхээ дараа шалан дээр өвдөглөөд гараа өргөөд 10 минут суу гэх мэтээр хүүхдээ шийтгэдэг. Хүүхэд иймэрхүү маягаар загнуулж шийтгүүлсээр байвал ихэнхдээ өрөөндөө ганцаараа байхыг хүсдэг бөгөөд аав ээжтэйгээ харилцах тал дээр муу болдог. Харин хамгийн зөв хандлага бол шийтгэснийхээ дараа хүүхдээ тайвшруулан яагаад ийм нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлаж ойлгуулах юм. Ваар хагалсан нь яагаад буруу зүйл болох талаар хүүхэддээ тайлбарлан өөрийнх нь хийсэн буруу зүйлээс болж ямар их хэмжээний хохирол учирсан болохыг хүүхэддээ хэлж ярьж ойлгуулах нь чухал юм.

“Эцэг хүн хатуу чанга эх хүн зөөлөн байх хэрэгтэй” гэсэн үг байдаг. Энэ нь хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхдээ эцэг хүн хатуу чанга эх хүн зөөлөн байх хэрэгтэй гэсэн үг юм. Эцэг эхийнхээ хэн нэгэнд загнуулж шийтгүүлсэн хүүхдийг тэр байдалтайгаар нь орхивол боловсролын талаасаа маш муу үр дүн дагуулдаг. Учир нь өөртөө итгэх байдалдаа шарх авсан хүүхэд сэтгэл санаагаар унан буруу зүйл хийн алдаа гаргах нь их байдаг. Мөн заавал эцэг нь хатуу эх нь зөөлөн байна гэсэн ойлголт байхгүй юм. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалан хүүхэддээ эх нь хатуу эцэг нь зөөлөн ч хандаж болно. Ямар ч байсан эцэг эхийн хэн нэг нь загнуулж шийтгүүлэн сэтгэл зүрх нь шархалсан хүүхэддээ зөөлөн хандан тайтгаруулж аав ээж хоёр нь өөрийг нь хайрлан зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэх гэсэндээ загнаж шийтгэсэн болохыг тайлбарлан ойлгуулах хэрэгтэй.

Еврей гэр бүлд эцэг хүний эрх мэдэл томоохон байр суурийг эзэлдэг. Хүүхэд нь буруу зүйл хийсэн үед ихэвчлэн аав нь загнаж шийтгэх үүргийг хариуцдаг. Ийнхүү эцэг нь шийтгэсний дараа ээж нь хүүхдээ тэврэн тайтгаруулж яагаад шийтгүүлэх болсон талаар эелдэг зөөлөн үгээр тайлбарлан ойлгуулж хүүхдээ тайвшруулдаг ба дахин ийм алдаа гаргахгүй байх талаар зааж хэлж өгдөг. Ер нь хүүхдийг зөвхөн шийтгээд л өнгөрвөл эцэг эхийн эрх мэдлээр хүүхдээ дарамталж байгаагаас цаашгүй зүйл болох бөгөөд хүүхэд ч яваандаа бусдад өөрийн бодол санаагаа илэрхийлж чаддаггүй аймхай бүрэг ичимхий зан чанартай болох нь амархан байдаг муу талтай.

Еврей хүмүүс бага наснаасаа эхлэн өөрийнхөө хийх ёстой ажлыг өөрөө бие даан хийж суралцаж эхэлдэг. Жишээ нь өөрийнхөө амьдардаг өрөөг цэвэрлэх, угаалгын машинаар хувцасаа угаах гэх мэт. Гэрт нь гаднаас зочин ирсэн үед мэндлэх, хүмүүсийн дунд биеэ хэрхэн зөв авч явах байдал зэрэг ёс зүйн боловсролыг ч бага наснаасаа эхлэн сайтар суралцдаг. Мөн өөрийн хийх ёстой ажлаа мартах, залхуурах, хийгээгүй тохиолдолд өөрийгөө алдаа гаргасан гэж үзэн дотроо дүн шинжилгээ хийн яагаад ийм байдалд хүрсэн талаараа эргэцүүлэн тунгаан бодож байх ёстойг эцэг эх нь бага наснаас нь сайн зааж өгсөн байдаг. Эцэг эхчүүд эхлээд хүүхдийнхээ байр суурийг хүндэтгэн юу ярихыг нь сонссоны дараа юу буруу хийсэн болохыг нь хүүхэддээ сайн тайлбарлаж өгч байвал хүүхэд алдаа гаргасандаа харамсахаасаа илүүтэйгээр өөрийнхөө юу буруу хийсэн болохыг ухааран дахин алдаа гаргахгүйг хичээдэг. Харин хичнээн тайлбарлаж ойлгуулсан ч эцэг эхийнхээ үгийг сонсохгүй байвал хүүхдээ зодож шийтгэж байх хэрэгтэй. Еврей хүмүүс хүүхдээ зөв хүмүүжилтэй зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэхийн тулд шаардлагатай бол зодож шийтгэхийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл эцэг эх нь шийтгэхгүй байсаар байгаад хүүхэд муу хүн болж өсөж хүмүүжсэнээс шаардлагатай үед нь зодож шийтгэж байх нь хүүхдийн цаашдын амьдралд тустай юм.

Юуны түрүүнд хүүхэддээ буруу хийсэн зүйлийнх нь талаар сайн тайлбарлан хэлж ойлгуулан үүнд тохирсон шийтгэлийнх нь талаар хэлснийхээ дараа зодож шийтгэх хэрэгтэй. Гэтэл ихэнхи хүмүүсийн тухайд хүүхдээ зэмлэж шийтгэж байгаа байдалд нь ямар ч уялдаа холбоо байдаггүй. Жишээ нь сэтгэл санаа сайхан өөдрөг байх үед хүүхэд нь буруу зүйл хийвэл хүүхдээ шийтгэлгүй орхин, ажил төрөлдөө ядрах юмуу сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байдалтай байвал гэнэт хүүхэд рүүгээ уурлаж уцаарлан зэмлэж шийтгэдэг. Мөн хүүхдийнхээ хийсэн буруу зүйлийн талаар эхлээд дотроо сайтар тунгаан бодохоосоо өмнө хүүхэд рүүгээ шууд сэтгэл хөдлөлөөр ханддаг. Хүүхэд өөрсдийнх нь үгийг сонсохгүй бол юу юугүй сэтгэл хөдлөлөөр хандан уурлаж уцаарладаг эцэг эхчүүд маш их байдаг. Мөн хүүхэдтэйгээ маш хэрцгий бүдүүлэг байдлаар хандан янз бүрийн байдлаар доромжилж басамжлан харааж зүхдэг эцэг эхчүүд ч байдаг. Бүр цаашилвал хүүхдийнхээ хацар ам руу алгадах, толгой тархи руу нь цохиж нүдэх гэх мэт буруу үйлдэл хийдэг хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Түрхэн зуур үүсэж буй сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй хүүхэдтэйгээ хэтэрхий хатуу ширүүн харьцдаг хүмүүс байдаг. Мөн “Ах чинь хичээлээ ийм сайн хийж байхад чи яагаад ийм муу байгаа юм бэ” гэх мэтээр хүүхдийнхээ дандаа сул талыг хайн басамжилж доромжлон хүүхдээ үг хэлээрээ хүчирхийлдэг хүмүүс байдаг. Хүүхэдтэйгээ сайн ярилцаж ойлголцолгүй юу юугүй хүүхдийг зэмлэж шийтгэх нь хүүхдийн зөрүүд занг нэмэгдүүлэхээс өөр үр дүнгүй зүйл. Иймэрхүү буруу хандлагаар хүүхдийг зэмлэж шийтгэх нь хүүхэд амьдралын зөв хандлагатай болон өсч хүмүүжихэд огтхон ч тус нэмэр болдоггүй. Харин ч эсрэгээрээ хүүхдийн зан чанар бүрэлдэн бий болоход маш муу нөлөө үзүүлдэг.

Еврей хүмүүс хүүхдээ буруу зүйл хийсэн үед зодож шийтгэхдээ толгойноос бусад биеийн хэсгийг нь зодож шийтгэдэг. Хүүхдээ зодож шийтгэхдээ ихэнхдээ гараараа бөгсөн дээр нь алгаддаг бөгөөд буруу зүйл хийсэн үед нь хүүхдээ загнаж зэмлэх бол тэдний хувьд энгийн үзэгдэл юм. Хүүхдээ зодож шийтгэхдээ ямар нэгэн эд зүйл ашигладаггүй. Өөрсдийнхөө гараар хүүхдээ зодож шийтгэж байгаа нь хүүхдээ үзэн ядсандаа биш хайрласандаа хийж байгаа зүйл гэсэн утгатай юм. Еврей хүмүүс огтхон ч ах, эгч, дүү гэх мэт гэр бүлийн гишүүдийн авъяас чадварыг хооронд нь харьцуулдаггүй. Хүн бүрийн авъяас чадвар харилцан адилгүй байдаг учраас хүмүүсийг хүчээр хооронд нь харьцуулах нь огтхон ч сайн зүйл биш бөгөөд эсрэгээрээ хүүхдийг амархан цөхөрч гутрах хандлагатай болгон хүүхдийн өөрийнхөө давуу талыг нээж илрүүлэх боломжийг хаадаг.

Мэргэжилтнүүд хүүхдийг зэмлэж шийтгэхдээ дараах аргыг ашиглахыг зөвлөж байна.

1-рт. Эцэг эхчүүд уур уцаартай сэтгэл санааны хувьд таагүй байх үедээ хүүхдээ зэмлэж шийтгэж болохгүй. Еврей сургааль үгэнд “Хүн уур уцаартай үедээ хэнд ч юу ч зааж чаддаггүй” гэсэн үг байдаг. Хэрэв уур уцаартай сэтгэлзүйн хувьд түгшүүртэй байвал уураа гарч тайвширсны дараа хүүхдийнхээ буруу хийсэн зүйлийн талаар хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй.
2-рт. Хүүхэд ямар нэгэн зүйлийг буруу хийсэн бол тухай бүрт нь хэлж ярьж алдааг нь засуулж байх хэрэгтэй. Хийсэн буруу зүйлсийг нь сэтгэл дотроо хуримтлуулж байгаад нэг дор хэлэх нь огтхон ч сайн арга биш юм.

3-рт. Буруу хийсэн зүйлийнх нь зөвхөн үр дүнг харах биш учир шалтгааныг нь хүүхдээсээ сайтар сонссоны дараа хүүхдээ загнаж шийтгэх хэрэгтэй. Томчууд өөрөө алдаа гаргаж байсан зүйл дээр нь хүүхэд нь адилхан алдаа гаргах үед буруу хийсэн зүйлийг нь хүүхэддээ хэлж ойлгуулан загнаж зэмлэхээсээ илүүтэй хөхүүлэн дэмжих тохиолдол их байдаг. Эцэг эхчүүд хүүхэд нь санамсаргүйгээр буруу зүйл хийсэн эсэх эцэг эхийн анхаарал халамж дутсанаас хийсэн үйлдэл эсэхийг сайтар ажигласны дараа хүүхэдтэйгээ харьцах нь маш чухал.
4-рт. Хүүхдээ загнаж зэмлэхдээ үг хэлнийхээ сонголтонд маш сайн анхаарах хэрэгтэй. Ихэнхи эцэг эхчүүд хүүхдээ загнаж байхдаа сэтгэл хөдлөлөөр “байнга, огтхон ч, үнэхээр, заавал” гэсэн хэтрүүлсэн үг хэллэгийг маш их ашигладаг. “Чи яагаад дандаа ингэж асуудалд орж байдаг юм бэ?” “Чи үнэхээр яах гээд ч нэмэргүй хүн юмаа“ гэх мэт үгийг сонссон хүүхэд өөрийнхөө зан чанарын талаар буруу ойлголттой болон эсрэгээрээ эцэг эхээ улам эсэргүүцэх хандлагатай болох нь амархан байдаг.

“Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц” номоос

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд