LOADING

Type to search

Хорлоогийн дүрийг бүтээсэн Л.Цогзолмаа Солонгост амьдарч байна

Share

1983 онд дэлгэцийн бүтээл болсон “Гарын таван хуруу” киног мэдэхгүй, үзээгүй хүн Монголд ховор биз ээ. Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа тус киноны Хорлоогийн дүрд тоглосон жүжигчин Л.Цогзолмааг онцоллоо.

Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны зураг авалтыг 1981 оны сүүлээр Дархан хотод анх авч эхэлжээ. Дөрвөн улиралд болсон үйл явдал бүтэн жил үргэлжилсэн байна.

Шагдарын сэтгэлийг булаасан Хорлоо бүсгүйн дүрд Л.Цогзолмаа тоглосон.

Тэрээр  Дарханы театрын гоцлол бүжигчин байжээ. Түүнийг И.Нямгаваа найруулагчийн анхны эхнэр О.Цэнгэлтэй хөгжим бүжигт байхаасаа сайн найзууд байсан гэдэг. Л.Цогзолмаа 1974 оноос 2000 он хүртэл Дарханы театртаа бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж байжээ.

Одоо тэрээр солонгос хүнтэй гэр бүл болж, БНСУ-д амьдардаг гэнэ.

Тэрээр багын жүжигчин болох мөрөөдөлтэй хүүхэд байж.  Түүний аав хариуцлагатай нарийн бичгийн дарга хүн байсан учраас театраар үнэ төлбөргүй жүжиг, бүжиг их үздэг байсан гэдэг. Аав, ээж хоёроосоо зөрсөөр  байгаад л хот руу Хөгжим бүжгийн дунд сургуульд сурахаар ирсэн тухайгаа ярьсан байдаг.

Тус кинонд түүний ганц охины дүрд Дарханы театрын жүжигчин Бужгар, Дэлгэржаргал хоёрын охин  нэвтрүүлэгч Гантигмаа тоглосон билээ. Ээж охины дүрээр алдаршсан хоёр 35 жилийн дараа уулзжээ. 

Түүнд “Гарын таван хуруу” кинонд тоглохоос нь өмнө онд “Эхлэл” уран сайхны кинонд хөдөөний охины дүрд тоглох санал ирсэн байна. Тус кино нь Монгол, Зөвлөлтийн ажилчдын найрамдлын тухай өгүүлэх учраас найруулагч нь Орос жүжигчдээ авч ирэхээр Улаан-Үдэ рүү явж, ирэхийг нь хүлээсээр түүний ажилдаа орох хугацаа болсон тул Дархан руугаа буцаж, тус кинонд өөр хүн тоглосон ажээ. Тэрээр  “Би эмээ болохгүй”, “Тэнгэрийн цааз”, “Нандин эрдэнэ”, “Үлгэр дууссан хойно” зэрэг Монголын уран сайхны кинонуудад туслах дүрүүд бүтээж байжээ.

Г.Жаргал

error: Content is protected !!