LOADING

Type to search

Т.Алтангэрэл: Мөргөлөөр нурууны өвчин бүрэн эдгэрдэг

Share

“Монгол йогийн урсгал”-ыг санаачлагч, йогийн багш Т.Алтангэрэлтэй 108 мөргөлийн тухай ярилцлаа.

Фейсбүүк хаяг: Alta Yogini

Сургалтын группын хаяг: Сумочин аав Йогчин ээж

-108 мөргөл гэхээр бурхны шашны зан үйл юм шиг зарим хүмүүс боддог шүү дээ?

-Өнөө цагийн бидэнд байгаа ойлголтоор бол мөргөлийг бурханы шашнаас үүсэлтэй гэж боддог. Гэтэл энэ маань Монголчуудын ахуй амьдралаас үүссэн гэдэг, тийм ч учраас мөргөл Монголчуудаас үүссэнийг нотлохоор судалгааны ажил хийгээд явж байна.

Мөргөл нь Монголчуудын ахуй амьдралаа байгаль дэлхий, уул ус, тэнгэр газартайгаа шүтэн барилдуулж, хүндэтгэн дээдэлж мөргөн залбирч ирсэн хүн – байгаль хоёрын нандин холбооноос үүссэн гэж ойлгож болно. 

-108 мөргөхөд ямар ач тустай вэ?

-108 мөргөхийн ач тусыг дурдаад дуусашгүй, үнэхээр. Миний бие өөрөө хатха йог, аштанга йог, эмчилгээний йогийн багш боловч маш энгийн энэ мөргөлийн гайхамшгийг бие сэтгэлээрээ, сургалтаараа, хүмүүстээ мэдрээд өдөр бүр сүсэглэн сүсэглэн хийж байна. 

Мөргөлөөр нурууны өвчин бүрэн эдгэхээс гадна, сэтгэл түвшин сайхан болдог. Сэтгэл түвшин сайхан бол биед аливаа эмгэг өөрчлөлт гарах нь бага шүү дээ. Одоо ихэнх Монголчуудад маань асуудал болоод байгаа хэвлийн жинг асуудалгүй багасгана. Өтгөн хаталт арилна, нойр сайжирнэ гээд биеийн эрүүл мэнд сайжирхаас гадна оюун ухаан их сэргэг болж, залуу байх боломжтой ч гэж үздэг.

Мөргөл нь хүний махан биеийн цусны эргэлт болон, сүнс сэтгэлийн биеийн хийн эргэлтийг тэгшитгэж, биеийн бүх булчинг тэгш ажиллуулдаг гайхамшигтай дасгал хөдөлгөөн юм.

-Мөргөл хийхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Мөргөлийг хийхдээ бие хөнгөн байхад анхаарах хэрэгтэй. Мөргөлийн өмнө болон мөргөлийн дараа идэх юм уу уух цагаа мөргөлөөсөө нилээн зайтай байлгаарай. Жишээ нь хоол идсэнээс хойш 1-2 цагийн дараа мөргөлөө хийх юм уу, мөргөлөө хийснээс хойш багадаа 30 минутын дараа идэж уувал зүгээр. Харин мөргөлийн дараа бие засахыг чухалчилаарай. Йогийн хичээл дараа бие засах мэдрэмж төрөөгүй байсан ч бие засахыг санал болгодог. Учир нь йогийн дасгал хөдөлгөөнөөр бидний бие цэвэрлэгддэгтэй холбоотой юм. 

Мөн мөргөлийг хийсэн болж хурдан дуусгах юм уу, анхаарлаа хандуулахгүй хийх нь ач тусаа өгөх нь бага. Тийм учраас бищ сэтгэлээ бэлтгээд тайван, амьсгалын хэмээ дагаад, ажиглаад, биеэ мэдрээд хийх нь зөв юм.

-Өдрийн аль цагт хийх вэ? 

-Өглөө хийхийг санал болгодог. Мөргөл хийгээд бие хүлээж аваад, сэтгэл сэргээд ирэхээр бие өөрөө хийхийг хүсдэг. Тэр үед орой бас хийж болно. Гэхдээ орой 19 цагаас хойш, хэт орой хийхгүй байвал зүгээрээ.

Ажил амьдралын онцлогтой холбоотойгоор хүмүүс орой хийхээр төлөвлөх үед ямар нэг тохиолдлоор зав гаргаж хийх боломжгүй болох үед гэмшил төрөх учраас, өглөөний 20-30 минутыг өөртөө гаргаад мөргөлөө хийгээрэй. Мөргөл хийснээр бие сэтгэл сэргээд сайхан болох учир өглөө хийхийг хичээх л хэрэгтэй.

Миний хувьд болон, миний олон шавь нар өглөө хийгээд орой бас давтан хийхийг хүсдэг болсон. Тэр мэдрэмж биед иртэл өөрийгөө хүчлэхгүй байвал зүгээр. 

-Хориглох заалт бий юү? Хүн бүр хийх боломжтой юу? 

-Мөргөлийг хүн бүр хийх боломжтой. Харин жирэмсэн эх болон, хийсвэрээр төрсөн ээжүүд болон хагалгаанд ороод удаагүй хүмүүс хийх хориотой. Яагаад жирэмсэн эх хориотой бэ гэхээр хэвлийн хэсгээрээ хэвтэх учир энэ нь урагт таагүй байх. Йогийн эмчилгээнд хийсвэрээр төрсөн эхийг 6 сарын дараа йога хийхийг санал болгодог. Энэ нь гаднах оёдол эдгэсэн ч дотуур оёдол бүрэн эдгээгүй мөн йог болон мөргөл нь өөрөө энергийн дасгал хөдөлгөөн учраас биед маш их хэмжээний өөрчлөлт гарна.

-Ганцаараа хийх, бусад хүмүүстэй хамтдаа хийхийн ялгаа?

-Аль аль нь зүгээр шүү дээ. Ганцаараа хийхэд хүн илүү төвлөрч мөргөл нь бясалгал болох нь бий. Олуулаа хийхэд хүн мөргөлийг хийх илүү урам зориг орох болов уу.

 -Биеийн асуудлаас гадна сэтгэл санааг засахад нөлөөтэй юу.

СУМОЧИН ААВ ЙОГЧИН ЭЭЖ сургалтын группээрээ мөргөлийг хичээлийг заадаг. Өөр дээрээ болон хүмүүст маань гарч байгаа олон эерэг нөлөө бий. Үүнээс сэтгэл сайхан боллоо, арьс толийлоо гэхийг илүүтэй их сонсож байсан. Мөргөл өөрөө хүн бие хэл сэтгэлээрээ үйлдсэн нүгэлээ наманчилж бурханы таалал, зарлиг, лагшин, эрдэм үйлс гэсэн таван зүйлийг өөртөө авъя гэж ариусган мөргөдөг учиртай учраас сэтгэлийг засдаг. Алга хавсрах хүртэл хүний сэтгэлийг их түвшин болгодог шүү дээ.  

-Зөв, буруу хийх гэж байх уу

-Энэ тухайн хүнээсээ шалтгаалах байх даа. Зөв сэтгэлтэй, зөв зорилготой, бусдын тусын тулд зориулан мөргөх нь зөв юм. Буруу гэхээр яг юу хэлэхээ сайн мэдэхгүй л байна, жишээ нь хэт их улайран зөвхөн махан биеийн хөгжилд хүрэх гэж хичээх, тасралтгүй хийх гэж хийсэн болох, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн хэрнээ тасралтгүй хийх ёстой гээд хийх, уур уцаартай хийх, бэлтгэлгүй хийх, хийнгүүтээ тухайн энергийг биедээ шингээлгүй хэт их гадагш хандах зэрэг нь бурууд орох болов уу. 

-Шууд эхнээсээ 108 мөргөж чадахгүй байгаа хүмүүс арай цөөн тоогоор хийж болох уу? Тэр тохиолдолд биед гарах үр дүн адил байх уу?

-Эхлээд хийж байгаа хүмүүс 21-ээр нэг удаа хийж болно. Тэгээд  өөрийнхөө биеийг мэдэрч байгаад өдөр өдрөөр 21-ээр нэмж хийвэл зүгээр.

Хэд ч хийсэн хийсэндээ сэтгэл дүүрэн байгаарай. Эхний удаа тоонд хэт их ач холбогдол өгөлгүй, хэрхэн хийх, хэр сэтгэл дүүрэн байх зэрэг нь таньд илүү эерэг нөлөөтэй. Мэдээж биед гарах нөлөө нь 108 хийвэл маш сайн шүү дээ. Тэр хүртэл мэдээж хүн бүр тодорхой хугацаа хэрэгтэй байхаа. 

-Төрсний дараа бүсгүйчүүдэд маань тулгардаг нэг том асуудал нь сунасан хэвлий гэдэс байдаг шүү дээ. Хүүхэд харах хүнгүйгээс ихэнх ээжүүд иог дасгалд явж чаддаггүй. Гэртээ 108 мөргөөд хийгээд энэ асуудлаа шийдэх боломж бий юү? 

-Хүмүүс гэрээсээ гарч заавал ямар нэг зааланд очсоноор асуудал нь шийдэгдэнэ гэж бодож байж магадгүй юм. Гэртээ 108 мөргөлийг хийснээр хэвлийн жин, биеийн жин болон хөдөлгөөний дутагдлаас бүрэн ангижрах боломжтой. Гэртээ суугаа, гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулаад онлайн 108 МӨРГӨЛ-н хичээл заадаг. Би өөрөө йогийн багш учраас мөргөлийг хүний биед үзүүлэх нөлөөгөөр илүү судалдаг. Хэвлийн жин байтугай суларсан үтрээг ч чангалах боломжтой. Мөн нүүрний арьс ч өргөж болно гэх мэт гайхамшигууд бий. Мөн нурууны өвчлөлийг бүрэн анагаадаг гээд олон судалгаанууд бий шүү дээ.   

-Таны 108 МӨРГӨЛ-ийн онлайн сургалтанд хэрхэн хамрагддаг юм бэ?

 -Нэг удаагийн сургалтын төлбөр төлөөд энэ сургалтын группын байнгын гишүүн болох бөгөөд долоо хоног бүр ямар нэг идэвхтэй сургалт болно. Жишээ нь дараа долоо хоногт Илүүдэл жингүй – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН мөргөлийн хичээл явагдах гэж байна. Мөргөлийн хичээлээ СУМОЧИН ААВ ЙОГЧИН ЭЭЖ сургалтын группээрээ явуулдаг байж байгаад одооноос Монгол йогийн урсгалыг санаачлан үүсгэж байгаагийн хувьд судалгаа хийх зорилгоор дан 108 МӨРГӨЛ-ийн ангийг нээсэн юм. 

-Мөргөж байх үедээ тоогоо алдчих гээд, тоондоо л хүмүүс анхаараад байдаг. Үүнийг яаж хялбараар шийдэх үү? 

-Хэрвээ мөргөж байгаад тоогоо алдсан бол санаанд орж ирж байгаа тоогоор үргэлжлүүлээрэй. Бидний бие туйлын ухамсартай учраас хол зөрүүлэхгүй.

-Танд баярлалаа.

Н.СҮРЭН

error: Content is protected !!