No menu items!
HomeУхаарахуйЧойжид дагинын тууж-6

Чойжид дагинын тууж-6

-

Өмнөх хэсэг: Чойжид дагинын тууж-5

АРВАН ЗҮЙЛ

Бас жанч нөмөрсөн номхон чавганцыг хөтлөн авчирч сөгтгөн асуусанд тэр чавганц мөргөл үйлдсээр ийн өгүүлэв.

– Би урьд сайн үйлээр хүн болж төрөөд биширхүйгээр гурван эрдэнийг шүтэж чавганц болоод билгийн дээд номын утгыг хичээж хатуужлыг олж эргэл мөргөл олонтой хийв. Орон хэссэн хувраг тойныг залран ирэхүйд хурднаа бишрэн хүндэлж хувьтай буяныг хураахын тулд идээ, эдийг өргөв.

Ядуу гуйланчийг ирэхэд хоол унд өгөн зүйтэй үгээр баярлуулан өнгөрүүлж байв. Хөдөө холыг хэссэн хөл нүцгэн бадарчинг ирэхэд энэрэнгүй сэтгэлээр асарч гутал хийгээд хөгшин тарган морь хоёрыг өгсөн билээ. Хаданд цугласан дөрвөн зуун хувраг номын хурим хийхэд архи, мах, гурил тэргүүтнийг хайргүй өргөж тэдний тааллыг баясган тахив.

Шагжамуньд зул өргөх хандивт шар тос найман жин, бүхэл бүс нэгийг өргөж хутгийг гуйв. Үлэмж бясалгагч ламд залбирч нэгэн жилийн хүнс өргөн насан өөд болох цагт дээл нэгийг өргөөд өндөр заяанд төрөхийн ерөөл хүртэвээ. Нэгэн гуйланчин хүн нохойд ноцогдож харангадан хэвтэхэд олон хоног идээ ундаа өгч шархыг идгэрүүлэв. Нүгэл хилэнц арилахыг залбирч Лхасын зуу тэргүүтэй адистай орнуудыг хэдэн жил хэсэж мөргөв.

Аръяабалын нүгнийг дөч гаруй сахиад авралт Майдарын ерөөл, Дарь эх хоёрыг аль олон уншиж, цамд суух маанийг уншваа. Өглөө бүр итгэл явуулах хийгээд үлэмж гурван эрдэнэд үргэлж залбирч үзүүлэгч багш юугаа орой дээрээ тахьдаг билээ. Тариа зулгаахад олон шоргоолж миний гарт өртөн үрэгдсэн болов уу хэмээн айдаг билээ. Харин би хийсэн нүгэлээ мэдэхгүй байна төгс дээд Номун хаан та айлдан соёрхоно уу хэмээн мөргөсөнд эрлэгийн түшмэдүүд толь дансаа үзээд ийн өгүүлрүүн:

– Эдүгээ буяны зүйлд эрхэм буянтай өдрийн номын хуриманд архи таван тавин жинг өргөсөн зэрэг өгүүлж буй буяны зүйл цөм үнэн боловч чи ядуу эмгэний хадгалуулсан хонины бөгс мах ба бөөрөнхий тос сэлтийг Самбуудоржтой хувааж идээд, авахаар ирэхэд нь хулгайд алдав хэмээн өгөөгүй байна.

Мөн худалдаа хийж явсан Рэнцэнцогтоос хойно өгье хэмээн нэгэн оюуг аваад гээж орхив хэмээн ховдог сэтгэлээр худал хэлээд өгөөгүй худалсан бас нэгэн нүгэл байна гэсэнд Эрлэг Номун хаан зарлиг болруун:

-Аяа бусад хүний мах, тос, оюу тэргүүтнийг ховдог сэтгэлээр дарж идээгүй бол тэнгэр хүний их жаргалант сайн заяанд төрөх байжээ. Тийм боловч үүний буян нүгэлийн хар, цагаан чулууг жинлэж хүнд хөнгөнийг үзэгтүн! хэмээсэнд эрлэгийн түшмэдүүд үзээд хилэнц хүнд буян арай хөнгөн байна хэмээн айлтгасанд Эрлэг Номун хаан:

– Ядарсан эмгэний хонины бөгс мах, тос, худалдаачин Рэнцэнцогтын оюуг ховдог сэтгэлээр нуун дарж идсэн тул биеэр цусны хорт нуурт хийж хайлсан халуун ширмийг аманд нь нэгэн удаа цутгаж өг! Түүгээр үүний нүгэл хилэнц нь арилж хийсэн буян нь дийлэх цагт сайн заяанд илгээ! хэмээн зарлиг болсонд эрлэгийн зардас нар хашгиралдан хүзүүнд нь төмөр аргамж углан уяад хөтлөн авч одохуй дор тэр чавганц нааш харан бархиран өгүүлэх нь: Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс буруу ховдог сэтгэлээр бусдын тавьсан юмыг дарж бүү ид!

Буян их хийлээ ч нүгэл хилэнц хүндэрдэг байна шүү! хэмээн захиарай! гэж хэлээд гаслан хашгирсаар явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

АРВАН НЭГЭН ЗҮЙЛ

Бас сайн хувцас өмссөн сайхан царайтай элдэв эрдэнэсийн чимэг зүүсэн махлаг биетэй охиныг сөгтгөн асуусанд тэрээр ийн өгүүлрүүн:

– Би угаас гүрнийг эзлэн захирсан нэгэн их хааны авхай билээ. Учирсан эрийн газраас төрхөмд одохуй цагт усанд унаж үхээд энд ирлээ. Буян нүгэл гэж ялгаж мэдэхгүй. Эрдэмтэн номчингуудаас хамаг номын хөтөлбөрийг заалгаж авах санаа байвч язгуурт хаан хүний охин тул хайш хэрэг явдалтай гэх болов уу гээд чадсангүй.

Тойн Шонужамц хэмээгч нэгэн ламаас хойтын хөтөлбөрийн номыг сонссон боловч тэр багш лам нааш ирсэнгүй. Хол ойрыг хэссэн тэр мэт гуйланчин манайд ирэх ёсгүй хэмээн ихэмсэгийг үзүүлж дээд тэгш чанарын ламыг дордод үзэн басамжласан билээ. Энд ирсэн хойноо үзвээс элдэв амьтны жаргах зовох бүгд урьдын хийсэн буян нүглээс болохыг мэдлээ.

Одоо хаан түшмэд нар минь намайг хариулан соёрхоо! Би баян хааны авхай мөний тул баясгалант цагаан буян ихэд үйлдээд эргэж бараалхая гэсэнд эрлэгийн түшмэд толь дансандаа үзээд өгүүлрүүн: – Тансаг нууцын номыг хүртсэн лам багш лугаа тангараг эвдээд их нүгэл хийсэн бөгөөтөл тамын зовлонгоос аюугаад зоргоороо гэртээ харина хэмээдэг чинь юу билээ.

Чиний муушааж доромжилсон лам чинь ертөнц хийгээд зуурдын номын барилдлагаатай олон шавь нар юугаан дагуулан арилсан орноо залрав. Тийм ачит богдыг чи аль муу үгээр муушааж тэнэмэл гуйлагчин гэх зэргээр дайран хор зэтгэрийн үг хэлснээр тамаас гарахын аргагүй бөлгөө.

Адил ном авсан шавь нар нь чиний үгийг дагалдаж багшаа муушааснаар илт нүгэлийг хурааж их нүгэлт тамд унаж байна биш үү! Арван хар нүглийг аль дураар үйлдсэнээр ачит лам багш юугаа басан доромжилсон нүгэл илт их хэмээн гурван аймаг савын номд дахин дахин номлосон бус уу? хэмээсэнд Эрлэг Номун хаан зарлиг болруун:

– Чи их хааны охин бөгөөд бие бялдар царай үзэсэгэлэнтэй сайхан бөгөөтөл аливаа буяныг үйлдсэнгүйгээр үл барам ном заалгасан багшийн тангаргийг бууруулсан нүгэлт хүн мөний тул үүнийг хамаг тамуудаар хэсүүлсүгэй. Хэлийг багалзуураас сугалан татаж мянган төмөр гадас шаа! Биеэнд нь улайдсан хавтгай төмрийг чихэм мэт ороо. Очирт халуун тамаас бүү гарга. Үүний насны хэмжээ жаран тав хүрээд энд ирэх учиртай бөлгөө.

Эдүгээ багшаа муучилж тангараг эвдээд гутамшигийн муу хар нүгэл хийснээр хорин насандаа цаг бусаар усанд унаж үхээд ирэх нь энэ бөлгөө хэмээсэнд зардсууд хашгиралдан тал талаас дэгээдэхүйд их хааны авхай айн чичрэн дагжин бархирсанд чи уйлах аваас тамдаа очиж уйл! ха! ха! ал! ал! хэмээн хашгиралдан аваад явахуйд тэр авхай өгүүлрүүн: Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гагцхүү багшийн тангаргийг эрхэмлэн хичээ хэмээн захиарай гэж бархирсаар явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

АРВАН ХОЁР ЗҮЙЛ

Бас нэгэн оготор дээл нөмрөг өмссөн толгойдоо хөвөнтэй саравч зүүсэн далан настай хэмээх өвгөн баруун гартаа маанийн хүрд, зүүн гартаа шар эрх барин маани эгшиглүүлэн уншсаар өгүүлрүүн:

– Би маанийн үсэг сийлэгч Ишцэрэн гэгч билээ. Зуурьдын амьтдын дотор урьд над лугаа номын ураг үндэс барилдаж, эд, идээ өглөг өгсөн хэн буй бөгөөс нааш ирэгтүн! Би хутагт их нигүүлсэгч Аръяабалын зарлигаар өмнө зүгийн бодлонгийн орноо одноо хэмээсэнд тэндэх зуурдаас олон хүн дагаж одохуй эрлэгийн зардасууд тэдний хагасыг доош татаж ававаа. Түүний хойно Чойжид би Эрлэг Номун хаанд сөгдөн мөргөж ийн айлтгав.

– тэр олон хүнийг дагуулан өөрийн бодлоор залрагч хэн бэ? хэмээсэнд дүнчүүр маань уншсан ба басхүү ураг садан ах дүү нар юугаа ариун цагаан буяныг маш хичээлгэж маанийг уншуулж чулуунд маанийн үсгийг сийлээд олон замын эхэнд босгож, залуу цагтаа эд идээ өргөсөн ба сүсэглэж даган баясгасан хүнүүдийг арилсан орноо дагуулах хувьтай нь тэр бөлгөө. Жич манай эндээс дагагсадыг доош авчирсан нь урьд Ишцэрэнг маанийн үсэг чулуунд сийлээд замын дэргэд залах цагт сүсэглэж сайшаан яваад хойно буруу үзэлт хүний үгэнд орж тэр маанийн үсгийг замын захад хичнээн залавч ачгүй тусгүй билээ хэмээсэнд тэр үгийнхээ нүглийн үрээр эдүгээ түүний хамт амгалант орноо одохын заяа тасарч доош татагдан ирэх нь тэр бөлгөө хэмээн зарлиг болов.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

АРВАН ГУРВАН ЗҮЙЛ

Бас хэнгэрэг цан үүрсэн егүүзэр дүртэй хувраг хүнийг авчирч сөгтгөн асууж эрлэгүүд хашгиралдан бушуу мэдүүл! бушуу мэдүүл! хэмээсэнд тэрээр ийн мэдүүлэв.

– Би хүний ертөнцөд бага наснаасаа хувраг болон хийдэд сууж эрдэм номыг нилээд сураад хорин хоёр насан дээрээ гарч нэг хоёр жил явж үзвээс хөдөөний зарим лам нар эм барьж гүрэм хийж их олз олж бас ч үзэсгэлэнтэй залуу сайхан эхнэр охид лугаа дасалцан янаглаж сайн явахуйд тэднийг үзэж бахдаад эм барин гүрэм хийгээд ашигт шунаж олсон олзноосоо буян хийсэнгүй гагцхүү амраг саданг тачияаж өмсгөж зүүлгэх, тэргүүтэн эдлүүлэн яваваа. Багш ламдаа эд идээ өргөе гэхэд миний эмс, охид багшид өгч юу хийнэв.

Одоогийн сайныг хожим үзэх бус хойт төрөлд юу ч болов хамаагүй хэмээсэнд би тэдний аясыг дагаж өргөл өргөсөнгүй билээ. Би өдгөө гучин гурван насан дээрээ гэнэт өвчнөөр үхээд энд ирэв хэмээн мэдүүлсэнд эрлэгийн түшмэдүүд толь дансандаа үзээд ийн өгүүлэв.

– Чи урьд ном сурч багшийг ихэд хүндэлж үнэхээр сайн явсан боловч гагцхүү хөдөө гарч гүрэм номоор олныг тонож идээд аль муу явдлыг үйлдэж сүсэгтний эд юмсыг буруу үзлээр авсан болон муу хүний үгэнд орж ном заалгасан багш юугаа хүндлэхийг зогссон энэ бүхний чинь нүгэл маш хүнд аюулт хар тамд төрөх учиртай байна. Тийм боловч багш юугаан дагаж сүсэг язгуураас эс буурсанд зовлонт адгуусанд хэд дахин төрөл аваад нүгэл хөнгөрөх болно хэмээхүйд Эрлэг Номун хаан зарлиг болруун:

– Үүнийг зовлонт адгуусны арваалж хийгээд хилэнцэт хорхойн төрлийг гурав дахин авхуулсугай хэмээсэнд эрлэгийн зардасууд хашгиран дэгээдэн чирч адгуусны төрөх замаар явуулахад тэр нааш харж ийн өгүүлэв. Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс олз ашиг олохыг бодож гүрэм ном битгий хийгээрэй! Зовлон их байна шүү хэмээн захиарай гээд яанадаа яанадаа хэмээн орилсоор адгуусны төрөх замаар явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд