No menu items!
HomeМонгол брэндЦ.Пүрэвдорж: Үйлдвэрлэл нь ч, үр тариа нь ч органик байх ёстой гэж...

Ц.Пүрэвдорж: Үйлдвэрлэл нь ч, үр тариа нь ч органик байх ёстой гэж боддог

-

Нэг үеэ бодвол хүмүүс органик хүнс, эко бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь олширсон. Хүнсний аюулгүй байдал ихээр яригдаж байгаа энэ үед органик хүнс үйлдвэрлэж байгаа залуутай бизнесийнх нь талаар ярилцлаа. Ингээд “Тамир нэмэх” брендийн захирал Ц.Пүрэвдоржийн яриаг хүргэж байна.

-Ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-Хүнс болон гоо сайхны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогийн байдлаар гурван бүтээгдэхүүн худалдаанд гаргасан. Ер нь бол 40 гаран бүтээгдэхүүн бий. Импортын бүтээгдэхүүнийг орлох зорилгоор бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэе гэж бодож байгаа.

Манайх голчлон броккли зутан, нарийн ногоонуудыг нунтаглаж хатаасан бүтээгдэхүүнүүд хийдэг. Монгол улсын зах зээл дээр Америк болон Японоос ихэвчлэн орж ирж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд зарагдаж байна. Мөн сүлжээний бүтээгдэхүүнүүд үнэтэй зарагддаг. Үүнийг ер нь өөрсдөө хийе гээд хатаах технологийг олон жил судалж эхэлсэн. Эхлээд туршиж үзсэн, боломжтой болохоор бизнес болгоё гэж шийдсэн. Нэлээн судалсан, хоорондоо нийлдэг нийлдэггүй бүтээгдэхүүн гэж байна. Аль нь илүү хоорондоо зохицох вэ зэргээр их туршилт хийсэн.

Мөн бизнес хийж байгаа юм чинь бүтээгдэхүүндээ баримтлах зарчим байх ёстой гэж бодсон. Тэгээд химийн нэмэлт, амтлагч ашигласан зүйл хийгээд хэрэггүй, эрүүл органик бүтээгдэхүүн хийж өөрөөр нь хатаах зарчим баримталъя гэж шийдсэн.

Анх хоёр төрлийн зутан гаргасан, давс болон дүүргэгч бодис хийгээгүй. Жишээлбэл броккли буйцааны зутан гэж байгаа. Энэ хоёр ногоо нь байгалиасаа амтгүй ногоо. Үүнийг яаж амтлах вэ гэхээр оригано, баззелик зэрэг амт үнэр оруулдаг ногоогоор өөрөөр нь тунг нь тааруулж амталсан.

Мөн зах зээл дээр байгаа дийлэнх кофены сүү бол хиймэл. Өнгө үнэр оруулагчтай, сүү шиг харагддаг хирнээ сүүнд агуулагддаг кальци, эрдэс минерал уураг нь байдаггүй. Зөгийн балыг хүртэл хиймлээр хийж байгаа. Иймэрхүү хиймэл хүнсний бүтээгдэхүүн Монгол гэлтгүй дэлхийн зах зээл дээр маш их болчихсон. Дэлхийн хүн ам өсөлтөөсөө хамаараад хүнсний эргэлтэд орчихдог. Үүнээс улбаалаад улс орнуудын засгийн газраас генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн байдаг.

Анх АНУ-аас генийн өөрчлөлттэй хүнсийг газар тариаланд нэвтрүүлчихсэн, үр тариа ч ихээр гарч ирээд түүнээс гарсан химийн бүтээгдэхүүн гараад эргээд хүнсний бүтээгдэхүүн  орлуулагчид их гарсан. Нэрийг нь хэлээд яахав Монголд орж ирж байгаа зарим сүлжээ бизнесүүд хүнсний нэмэлт агуулж байгаа. Энэ нь хорт хавдар үүсгэх, наанадаж л бодисын солилцоог тэнцвэргүй болгодог. Үүнээс үүдээд органик хүнс үйлдвэрлэе гэж шийдсэн.

-Хатаасан бүтээгдэхүүн нь ихэвчлэн хүнсний ногоо юу?

-Бүх төрлийн хүнсний ногоог хатааж үзлээ. Монголчуудын дийлэнх гаднаас авдаг брокли буйцай зэрэг улирлын чанартай тариалагддаг нарийн ногоог хатааж үзсэн. Гэхдээ үүнийг шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай хийх хэрэгтэй. Жишээлбэл броклиг 50 градусаас дээш температурт байлгаж болохгүй. Температур алдвал агуулагдаж байгаа эрдэс минерал, амин дэмээ алдчихдаг. Барууныхан бол үүнийг түүхийгээр салатанд ихэвчлэн хийж хэрэглэдэг.  Хадгалах горим нь янз бүр байдаг болохоор маш олон туршилт хийсний дараа үүнийг би ойлгосон. Мөн бүтээгдэхүүнээ бэлэн болгоод гаргахаар бүтээгдэхүүнд маань ямар микро элементүүд байгаа юм бэ гээд шинжлүүлэхээр Монголд шинжлэх лаборатори муу байна. “Нийгмийн эрүүл мэндийн төв” шинжилдэг. Гэхдээ маш хэлбэлзэлтэй, хангалтгүй байдаг. Жишээлбэл “Омега 3”-ыг гаргаж авч чадахгүй байна. Гадаадын сайтууд дээрээс харахад ижил төстэй бүтээгдэхүүнүүдэд агуулагдаж байгааг нь мэдчихэж байгаа.

-Ногоогоо өөрөө тариалдаг уу?

-Гол нэрийн бүтээгдэхүүнээ өөрөө тариалдаг. Бусад хүнсний ногоонуудаа Монгол ногоочдоосоо авдаг. Ер нь Хятад лууван, Монгол лууван хатаахад тэс ондоо байдаг. Хятад лууван яаж хатаасан цагаан болчихдог. Монгол лууван өнгөө алддаггүй. Хөрснөөсөө шалтгаалж байгаа, Хятад бол олон жил бордогдсон үржил, шимгүй хөрстэй.

-Хүнсний бүтээгдэхүүнээс гадна, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн ямар бүтээгдэхүүнүүд байна вэ?

-Хүнсний ногоог ашиглаад таван төрлийн нүүрний маск гаргасан. Бууцайтай, өндөгний шар уурагтай, овьёостой, төмстэй зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Жишээлбэл, төмс бол цардуул ихтэй, үүнийгээ дагаад цайруулах үйлчилгээтэй, витамин С-тэй байдаг. Гоо сайхны хувьд масканд их тохиромжтой. Ер нь зөвхөн Монголд үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнд бага зэрэг инноваци шингээгээд гадагшаа гаргах боломж бий. Жишээлбэл тэмээний чөмөг бол Монголд их байдаг. Гадаадад байгаа ихэнх тэмээнүүд нэг улиралд байгаа. Монголын тэмээ бол жилийн дөрвөн улиралд байдаг учраас чөмөг нь илүү чанарлаг байна. Уламжлалт анагаах ухаанд тэмээний чөмгийг хэрэглээд манай ард түмэн баталчихсан. Маш их коллаген агуулагддаг учраас арьсны язралт, хэвтрийн цооролт зэрэгт сайн.  Амьтны гаралтай тос учраас үнэрний хувьд эвгүй байдаг. Сүүлний тос ч ялгаагүй хүүхдэд түрхэхээр үнэр байгаа учраас хэрэглэдэггүй. Эмч нар ч гэсэн удаан шингэдэг учраас арьсанд нян үүсэж болзошгүй гээд зөвлөдөггүй. Үүнийг хэрхэн сайжруулах технологийг судалж байгаа.

-Сүүлийн үед тэмээний чөмөгний тос, сүүлний тос зэргээр бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэгчид ихэссэн. Тэднээс ялгарах онцлог нь юу вэ?

-Тэмээний чөмгийг бол зарсаар л ирсэн. Социализмын үед өөхөн тосоор саван хийж хэрэглэдэг л байсан. Одоо үүнийг дахин сэргээж илүү боловсронгуй болгож байна. Миний хувьд саван үйлдвэрлээгүй. Арьс арчилгааны чиглэлээр бүтээгдэхүүн гаргах сонирхолтой байгаа.

-Бизнес хийхэд хүндрэл бэрхшээл бий юу?

-Хууль эрх зүйн хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний тухай хууль, зөрчлийн тухай хуулинд хүнсний бүтээгдэхүүн болгон стандарттай байх ёстой, стандартгүй бүтээгдэхүүн худалдахыг хориглоно гэж заасан байдаг.  Тэгэхээр манай бүтээгдэхүүнд тохирсон стандарт байхгүй байна. Энэ нь гарааны бизнес эрхэлж байгаа надад том цохилт болж байгаа юм. Тэгээд одоогоор худалдаалж байсан бүтээгдэхүүнээ зах зээлээс түр татсан. Үзэсгэлэнгийн хэмжээнд бол танилцуулаад явж болно. “Стандарт хэмжил зүйн” газар очихоор яаралтай гэвэл өөрөө стандартаа зохиох шаардлагатай болсон.

Хэрэв үгүй бол тэд боловсруулна, энэ нь маш уддаг. Том байгууллагууд бол стандарт хариуцсан багтай , мэргэжлийн хүнтэй байдаг. Жижиг дунд үйлдвэрлэж яваа миний хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэх судалгаагаа хийнэ, өөрөө найруулна бүх зүйлийг өөрөө хийх шаардлага тулгардаг. Монголд органик гэдэг ойлголт муу байна, хууль нь дөнгөж 2 жилийн өмнө батлагдсан. Энэ жилээс эхлээд 30 гаран байгууллага л  органик батламжаа авчихлаа. Ижил төстэй стандарт ашиглах боломж байдаг. Жишээлбэл Оросын РОСТ гээд стандартыг ашиглах боломж байна гэж санал болгосон. Гэвч яг манайх шиг 9 юм уу 5 төрөлтэй хүнсний бүтээгдэхүүний хатаасан стандарт байхгүй байна. Өдөрт хүний авах ёстой ногоон ургамлын хэмжээг тооцоолж байгаад үүнийг гаргаж авсан. Хүнсний ногооны 92 хувь нь ус байдаг найман хувь нь л жинхэнэ өөрийн эрдэс байна. Нэг килограммыг хатаахад 80 грамм болдог.

-Зах зээлд борлуулагдаж байгаа ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Гурван төрлийн бүтээгдэхүүн борлуулагдаж байсан боловч худалдаалахаа түр зогсоосон. Учир гэвэл нэгт стандартын асуудал байгаа, улсын хэмжээнд хүнсний стандарт хариуцсан ганц л хүн байна, тэр нь амралтаа авчихсан учраас стандартаа батлуулж чадсангүй. Мөн миний үйлдвэрлэлийг булаах оролдлого гарсан. Бизнесийн хувь өг гэж дарамталсан. Одоо ЦЕГ шалгаж байгаа, би саяхан хэвлэлийн хурал ч хийсэн. Дээрх асуудлууд цэгцэрчихвэл буцаад борлуулалтаа хийнэ.  Авч заръя, хэрэглэе гэсэн хүмүүс байна.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би багш  мэргэжилтэй. Бизнес сэтгэлгээ болон зохион бүтээх сэтгэлгээ хүүхэд байхад байсан. Техник технологийн олимпиад гэж болдог байхад их ордог байлаа. Тухайн үед модон хөргөгч зохиосон, одоо хатаагч төхөөрөмж зохиох гээд явж байгаа. Ер нь өөрөө зохиох хэрэгтэй юм байна, Хятадаас авч байгаа төхөөрөмжүүд шаардлага хангахгүй байна гэж үзсэн.

-Яагаад энэ салбар руу орох болсон бэ?

-Ер нь харж байгаад тэгээд л орсон. Би уул уурхай ухаж чадахгүй. Харин газар тариаланг ургуулаад ухаалгаар юм хийе гэсэн бодолдоо хөтлөгдсөн. Би 2012 онд Энэтхэгт очиж бясалгалын багш болсон. Хүнс тэжээл ямар эмзэг гэдгийг 10 гарүй жилийн өмнөөс мэдэрсэн. 2006 онд бясалгал хийж байхад цагаан хоол гэдэг ойлголт сүүтэй будаа л байсан. Бид шим тэжээлгүй зүйл идэж биеэ их хохироосон. Сүүлдээ бол өөрчлөгдөж улиралдаа тохируулж хооллох ёстой гэдгийг ойлгосон. Үүнийг яагаад өөрсдөө үржил шимтэй хөрсөнд ургуулж, органик хүнс хэрэглэж болохгүй юм гэж бодсон.

-Бизнесийнхээ онцлог, давуу талыг юу гэж хардаг вэ?

-Органик. Органик гэдэг үг бол организм гэдэг үгнээс гаралтай. Амьд организм хоорондын шүтэлцээ, экологийн эрүүл тэнцвэртэй байдал. Би үйлдвэрлэл нь органик, үр тариа нь ч органик байх ёстой гэж боддог. Энэ бизнесийг хийж байхад ямар нэг амьд организм хохирох ёсгүй. Аль болох эрүүлийг сонгох хэрэгтэй.

-Бизнестээ баримталдаг зарчим бий юу?

-Бизнес уг нь эхлээд зарчим тогтоогоод хөгжлийнхөө хирээр тэр нь улам боловсронгуй болох ёстой. Бизнесийн засаглал нь тогтчихсон компаниуд байна. Маш өндөр хүнсний стандартыг дагаж ажилладаг. Миний хувьд бол органикийг сонгосон, аль болох шударга байх ёстой гэдгийг ойлгочихсон байна. Би эрүүл хүнс үйлдвэрлэж байж, хүмүүс эрүүл байна. Би сүүгээ хиймэл сүүгээр хийчхээд, органик сүүгээр хийсэн гэж худал хэлээд яах юм бэ. Миний баримталж байгаа зарчим энэ л байна.

-Хамгийн эрэлттэй байдаг бүтээгдэхүүн нь аль вэ?

-Брокли, бууцайны зутан бол хамгийн эрэлттэй. Үүнийг хэрэглэсэн хүмүүс маань хелико бактери буурсан, арьс гоё болсон, өтгөн хаталт зогссон гэж байсан.

-Зах зээл хэр байна вэ, ОУ-д гаргах төлөвлөгөө бий юу?

-Зах зээл бий. Органик батламжаа авчихвал ОУ-д гаргана. ӨвөрМонголруу  хүмүүс их үзэсгэлэнд оролцдог. Тэрэнд оролцож бизнес дэмждэг байгуулгуудтай нь хамтарна.

-Цаашдын зорилго юу вэ?

-Органик хүнсний ногоогоороо эцсийн бүтээгдэхүүнээ гаргана. Зоорь бол ногоочдын хувьд том асуудал байдаг. Энгийн зооринд хадгалж болдоггүй ногоо байдаг. Жишээлбэл, брокли. Хөргүүртэй зооринд хийдэг. Үүний өртөг нь их байдаг. Тэгэхээр Хятадаас орж ирж байгаа борклитой үнийн хувьд өрсөлдөх боломжгүй болчихно. Тэгэхээр миний хувьд ногоогоо хатаах тал дээр илүү анхаарна.

Г.Жаргал

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд