Х.Болорчулуун: Үхрийг ээмэгжүүлэх дөрвөн тэрбум орчим төгрөгийг 2024 оны төсөвт тусгаж байгаа

0
39

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Тэрбээр энэ үеэр “Үхрийг ээмэгжүүлэх гэж хэлээд сурчихсан болохоос биш энэ нь угтаа бүртгэлжүүлж, паспортжуулах ажил юм. Бүх улс орон мал аж ахуйн салбарт үхрүүдээ паспортжуулж бүртгэдэг. Ингэснээр махыг нь гадагшаа экспортод гарах боломжтой болж, хамгийн эхний шаардлагыг хангадаг.

Энэ жил үхэр ээмэгүүлж, бүртгэл хийх төсөв тавигдаагүй. 2024 онд 4 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Ирэх хавраас шүлхийн вакцинтай хамт хийнэ. Ялангуяа мал эмнэлгийн дэглэмийг хангахаар эрүүл бүс статустай 5-6 аймагт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр махаа экспортлох боломж бүрдэнэ. Үхэр бүртгэх ажлыг цахимжуулах бэлтгэл ажлыг ХХААХҮЯ сайн хангаад байна” гэдгийг хэлэв.

Мөн “2023 оны урьдчилсан балансаар үр тариа 500 гаруй мянган тонныг хурааж авна. Үүнээс стратегийн хүнс болох улаан буудай 480,000 тонныг хураана. Энэ жил 330 га талбайд улаан буудай тариалснаас 14 га нь мөндөрт цохиулсан байна. 316,000 га талбайгаас 15 центр ургац авна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс  3.9 центрээр илүү улаанбуудай авах юм. Ургацаа цаг хугацаатай уралдан хураачихвал гаднаас улаанбуудай авахгүйгээр гурилын будааг хангах, нөөц бүрдүүлэх боломжтой болж байна.

Төмсийг 100% дотоодоосоо хангана. Хүнсний ногоог 14,000 га талбайд тариалсан, 165,000 тонныг хурааж авна. Хүнсний ногооны хангамж 82%-д хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.

65,000 тонн тосны ургамал хурааж авна. 10 гаруй мянган оюутан ургац хураалтад ажиллах төлөвтэй байгаа” хэмээн мэдээлэл өглөө.