Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээгээр нэг бөхөөс хориотой бодис илэрснийг холбогдох газраас мэдээлсэн. Эрх бүхий байгууллагаас тухайн тамирчны нэрийг албан ёсоор зарлаагүй ч наадмын түрүү бөх, улсын арслан М.Бадарч өөрийн цахим хуудсандаа “Б” сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргасан гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Харин Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг энэ талаар “Допингийн шинжилгээ авах бүх процесс хууль хяналтын байгууллагын хатуу хяналт дор явагдсан. Ямар нэг байдлаар солигдох боломжгүй. Бөхчүүд өөр өөрийнхөө асуудлын хариуцлагыг хүлээж сурмаар байна. Ийм ёс зүйгүй, аль нэг байгууллагыг буруутгадаг, ард иргэдийг талцуулж хуваадаг байж болохгүй.
Үнэхээр шээс сольдог асуудал байвал баримттай гаргаж ирээд ярих ёстой. Би сүүлийн хоёр жил уг асуудлыг хариуцаад явж байгаа. Одоогоор ийм зүйл байх ямар ч боломжгүй. Авлигатай Тэмцэх Газар, цагдаа, тагнуулын бүх байгууллага, Үндэсний Бөхийн Холбооны хүмүүс нь өөрсдөө допингийн шинжилгээ авахад оролцсон.
Жудагтай баймаар байна. Түрүүлж амжилтад хүрэхийн тулд янз янзын башир арга хэрэглэчхээд, энэ нь илчлэгдээд ирэхээр иргэдийг худлаа мэдээлэлд талцуулж, нутаг усаараа хуваагддаг, би л хэлмэгдэх гээд байна гэдэг энэ зүйл явахаа больсон. Ийм заваан байж болохгүй” гэв.