“Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 орчим хувийг хангана”

0
32

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. 

Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 онд БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлж байв. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шаттай юм. Үүний “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 2021 оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд иргэний есөн барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам сувагчлал зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 92.4 хувьтай байгаа юм байна. 

Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил үргэлжилж байгаа аж. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын авто зам, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгчээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1, 2, 3 дугаар багцын ажлууд хийгдэж буй бөгөөд 4 дүгээр багцын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экзим банктай Монгол Улсын Сангийн яам зээлийн хэлэлцээрийг шинэчлэн  тохиролцсоноор үйлдвэрийн бүтээн байгуулалт саадгүй явах боломж бүрдсэн байна. Зээлийн эргэн төлөлтийг 2030 он хүртэл сунгасан.

Ерөнхий сайд тус үйлдвэрийн явцтай танилцах үеэрээ Засгийн газар бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжихээ илэрхийлээд Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн 4 дүгээр багцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргана гэдгээ мэдэгдэв. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм байна. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар