Х.Энхжин: Хайрст үлд нь хувь хүнээс маш их тэвчээр, арчилгаа шаарддаг өвчин

0
294

АӨСҮТ-ийн поликлиникийн тасгийн их эмч Х.Энхжин хайрст үлд өвчний талаар мэдээлэл өглөө.

Хайрст үлд юунаас болж үүсдэг вэ?

Хайрст үлд өвчин нь генийн урьдал хүчин болоод удамшлын шалтгаантай үүсдэг. Мөн орчны гадаад, дотоод шалтгаан ч нөлөөлдөг бөгөөд архаг дархлаа хамааралтай өвчин юм. Гадаад хүчин зүйл болох арьсны гэмтэл, халдвар, дотоод шүүрлийн эмгэг, сэтгэцийн хямрал, эмийн хэрэглээ, хорт зуршил зэрэг нь нөлөөлдөг.

Хайрст үлд нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Шинж тэмдгийг тав ангилж үзнэ.

  • Энгийн хайрст үлд буюу хөрзөнт хэлбэр
  • Дусал хэлбэртэй
  • Хайрст үлдийн улайралт хэлбэр
  • Идээт, цэврүүт
  • Хайрст үлдийн артрит гэж ангилна.
  • Энэ дундаас энгийн буюу хөрзөнт хэлбэрийн хайрст үлд тохиолдлын 90 хувийг эзэлдэг. Илрэх шинж тэмдэг тухайд гэвэл, хоёр талдаа тэгш хэмтэй тууралт гарна. Ихэвчлэн өвдөг, тохойд гарах нь элбэг. Тууралт нь мөнгөлөг цагаан арьсаар хучигдсан амархан гууждаг онцлогтой.

Эмчилгээний тухайд?

АӨСҮТ 2021 оноос өмнө хэсэг газрын эмчилгээ буюу зовиурынх нь эсрэг эмчилгээг, гэрлийн эмчилгээтэй хавсарч хийдэг байсан. Харин 2021 оноос хойш шалтгааных нь эсрэг интерлейкин-17 А цитокины тариаг эмчилгээндээ нэвтрүүлсэн. Гэхдээ уг эмчилгээг хайрст үлдтэй хүн болгонд хийхгүй. Дундаас дээш хүнд зэрэгтэй хүмүүст хийнэ. Манай төвд одоогоор 40 гаран хүн хийлгэж байгаа.

Нөгөө талаас энэ тариа өртөг өндөр. Нэг ширхэг тарианы үнэ сая гаран төрөг байдаг учраас хүн болгон хийлгэж чадахгүй байна. Энэ эмчилгээг ЭМД-д хамруулах талаар холбогдох газарт хандаад, судлагдаад явж байгаа.

Хайрст үлдтэй хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хайрст үлд нь хувь хүнээс маш их тэвчээр, арчилгаа шаарддаг өвчин. Тиймээс өвчнийг сэдрээдэг хүчин зүйлсээс хол байж, хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Нэгэнт сэдэрсэн бол эмчдээ заавал үзүүлнэ. Хамгийн гол нь арьсыг тогтмол чийгтэй байлгах ёстой.