УХТЭ-ийн эмч нар артерийн даралт ихсэх өвчний талаар мэдээлэл өгснийг “Эмч зөвлөж байна” буландаа онцоллоо.
Ц.Жаргалсайхан: Даралт нь ихэсдэг бол насан туршдаа хянаж, эм уух ёстой

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн эмч, клиникийн профессор Ц.Жаргалсайхан: Эрүүл хүний хэвийн даралт 120/80-90/60 байдаг. Энэнээс их байвал ихэссэн гэж үзнэ, бага байвал буурсан байна гэж үзэх юм. Нэг удаа үзээд миний даралт зүгээр байна гэж болохгүй. Дор хаяж 6-7 удаа хэмжиж байж тодорхой болно.
Зарим хүмүүс нэг удаа эм уугаад даралт зүгээр болчихлоо гэж боддог. Гэтэл тийм биш шүү. Даралт яагаад ихэсдэг вэ гэхээр том судаснуудын уян хатан чанар буурах, судас хатуурах болон жижиг судаснууд нарийсал болсноос үүсдэг.
Артерийн даралт ихсэлтийг шалтгаанаар нь жинхэнэ даралт ихсэх өвчин, бусад өвчний үед дэх шинж тэмдэгийн даралт ихсэх өвчин гэж ангилдаг. Даралт ихсэлтийн 70 гаруй хувийг жинхэнэ даралт ихсэх өвчин эзэлж байдаг. Шинж тэмдгийн даралт ихсэлт гэдэг нь харьцангуй бага хувийг эзэлдэг ч дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүдийн шалтгаантай, бөөрний судасны нарийслын шалтгаантай гэх мэт хоёрдогч шалтгаанаар үүсч байгаа даралтыг хэлнэ. Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн 28 хувь нь артерийн даралт ихдэх өвчтэй байна. Үүнээс эрэгтэйчүүдийн 32 хувь, эмэгтэйчүүдийн хувьд 23 хувь нь энэ өвчнөөр өвчилсөн судалгаа байдаг.
Ер нь даралт ихэсч буй өвөрмөц шинж тэмдгүүд байдаггүй. Даралт ихэсдэг хүмүүсийн 45 хувьд нь ямар ч шинж тэмдэггүй илрээгүй байдаг. Энэ үед хүний биеийн чухал эрхтнүүд болох тархи, нүд, зүрх бөөр гэх мэт гол эрхтнүүд гэмтдэг. Тиймээс энэ өвчнийг “чимээгүй тахал” гэж нэрийддэг.
Аль эрхтнийг илүү гэмтээснээс шалтгаалж илрэх байдал нь өөр өөр байдаг. Жишээ нь тархины судсанд ачаалал өгч байвал толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих, ядрах, сульдах, нойргүйдэх, тэнцвэр алдах, цочромтгой болох шинжүүд илэрдэг.
Зүрхний талын ачаалал өгвөл зүрхээр өвдөх, зүрхээр хатгах, зүрх дэлсэх, амьсгаадах шинж илэрнэ. Харин нүдний судсанд нөлөөлж байвал нүд бүрэлзэх, хараа муудах шинжүүд илэрдэг. Нүдний судсанд ачаалал хэт их өгвөл үр дүн нь нүдэнд харвалт үүсэх, сохрох хүртэл аюултай. Бөөрөнд ачаалал өгч буй үед ам цангах, ойр ойрхон шээс хүрэх, шөнө их шээх гэх мэт зовуурууд илэрдэг. Захын артерийн жижиг судаснуудад ачаалал өгвөл гар хөл бадайрах, гар хөлийн үзүүр цайрах, гар хөл чинэрэх эвгүй оргих хүнд оргино. Тоохгүй орхиж болохгүй. Хэрвээ дээрх шинж тэмдэг илэрч байвал заавал эмчид хандаж даралтаа үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
Даралт нь ихэсдэг бол насан туршдаа хянаж, эм уух ёстой. Эмийг ямар тунгаар хэдий хугацаанд яаж уух вэ гэдгийг эмчид үзүүлж эмчийн заавраар ууна. Нэг өдөр эм уугаад зүгээр болчихлоо гээд хаяж болохгүй.
Эмээ тогтмол ууж байхад даралт буурахаа больчихвол эмчид дахин үзүүлж уух тунгаа тааруулах хэрэгтэй. Одоо даралтыг огцом буулгахаас илүү аажмаар буулгах, аль болох удаан хугацаанд бага тунгаар уухыг чухалчилдаг болсон. Огцом буулгадаг эмүүд маань цус эргэлтийг алдагдуулж эргээд тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсгэх эрсдэлтэй. Таны даралт 200 байсан бол хоёр цагийн дараа 180-170 болж буурвал сайн. Гэтэл манайхан 30 минутын дотор л хоёр дахин буулгах гэдэг. Энэ нь эсрэгээрээ харвалт үүсгэх эрсдэлийг нэмдэг. Ер нь аливаа эмийг өглөөний цайгаа уусны дараа уудаг байхыг зөвлөдөг. Энэ нь өглөө стрессгүй байгаа үедээ уух нь илүү үр дүнтэй.
П.Долгормаа: Артерийн даралт ихсэлт нь бүрэн эдгэдэг өвчин биш учраас байнга хянах шаардлагатай

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн зөвлөх эмч, Монгол Улсын гавьяат эмч, Клиникийн профессор П.Долгормаа: Артерийн даралт ихсэх өвчний үед эмийн эмчилгээнээс гадна даралтын хүндрэлээс сэргийлэхэд эмийн бус эмчилгээ бас чухал байдаг. Даралтын түвшин амьдралын хэв маягтай нэлээн холбоотой. Сүүлийн үед эрдэмтэд, даралт ихсэлт өвчнийг ямар эмийн бус аргаар эмчлэх талаар нарийн судлах болсон.
- Даралт ихсэх өвчний үед амьдралын хэв маягаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд жингийн илүүдэл, хоолны дэглэмд анхаарах хэрэгтэй. Жингийн илүүдэл нь кг тутамд даралтыг 1-2 мм мөнгөн усны баганаар ихэсгэдэг.
- Хоолны дэглэмийн тухайд өдрийн давсны хэмжээгээ тааруулах, болж өгвөл давс бага хэрэглэх, давс орлуулах хүнс хэрэглэх нь зохистой.
- Хэвийн жинтэй байхын тулд дасгал хөдөлгөөн тогтол хийх хэрэгтэй. Өдөрт 3 км ердийн алхаагаар алхах, 108 мөргөх зэргээр өөрт тохирсон хөдөлгөөн хийгээрэй.
- Мөн стрессийн хүчин зүйлс, агаар орчны нөлөө нь бие махбодын өвчлөлд нөлөөлдөг учир стрессээ удирдаж сурах, орчноо өөрчлөх байдлаар амьдралын хэв маягтаа зөв дадал зуршлыг эрэлхийлэн хэрэгжүүлэх нь сайн үр дүнтэй.
- Архи, тамхины хэрэглээ даралт ихсэх өвчинд хамгийн сөрөг нөлөөтэй. Тамхи татах нь судас агшааж даралтыг улам ихэсгэдэг тул энэ өвчнөөр оношлогдсон л бол эрс татгалзах хэрэгтэй.
Даралт ихэссэн үед эмчид хандах боломжгүй тохиолдолд эмийн бусаар өөрөө даралтаа буулгах арга хэмжээнүүд бий.
Тухайлбал, Ногоон цай, ургамлын цай даралт буулгах үйлчилгээтэй. Хэт өндөр тунгаар уувал эсрэгээр үйлчилнэ. Тиймээс тохирсон хэмжээгээр ууж болно. Харин хавар, өвлийн улиралд сэрүүддэг учир бага уух нь зохистой.
- Харшил өгдөггүй бол гаатай цай ууж болно.
- 37-40 хэмийн халуун усанд гар хөлөө дүрэх нь бага хэмжээгээр даралт буулгадаг.
- Мөн халуун баннд 40 минут суух нь нэмэртэй.
- Зүрхний дусаалга нь /долоогоны ханд/ зүрхний цохилтыг бууруулж зүрхний захын судсыг өргөсгөх байдлаар тодорхой хэмжээгээр даралт бууруулах үйлдэл үзүүлдэг.
- Бас нэг энгийн арга нь гүнзгий амьсгалж, амьсгалаа удаан гаргах байдлаар амьсгалын зөв дасгал хийх. Амьсгал авахдаа цээжээ төмбийлгөж, гаргахдаа хэвлий хумигдах байдлаар зөв амьсгалах нь даралт буулгах нөлөөтэй.
- Хамгийн гол нь өдөр бүр даралтаа хэмжээд юунаас болж ихсээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Гэхдээ артерийн даралт ихсэлт нь бүрэн эдгэдэг өвчин биш учраас байнгын хяналттай байж, эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Ж.Оюунцэцэг: Даралт буулгах эм нь богино үйлдэлтэй болон уртасгасан үйчилгээтэй гэж байдаг

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор, АУ-ны магистр Ж.Оюунцэцэг: Артерийн даралт бууруулах эм уухдаа анхаарах гол зүйл нь тогтмол цагт нь уух юм. Иргэд эмээ уухаа мартчихдаг. Тиймээс сэрүүлэг тавиад тогтмол цагт уух ёстой.
Даралт буулгах эм нь богино үйлдэлтэй болон уртасгасан үйчилгээтэй гэж байдаг. Бид сүүлийн үед иргэдэд уртасгасан үйлчилгээтэй даралт бууруулах эмийг бичиж өгч байна. Энэ нь цусанд 24-36 цаг барьдаг. Гэтэл эмчийн бичиж өгсөн эмийг иргэд өөрсдөө дур мэдэн сольж гэр бүлийн өөр нэгний уудаг эмийг уух нь бий. Энэ нь даралт ихсэх өвчний хүндрэлд хүргэнэ. Артерийн даралт ихсэх өвчин нь тархи, зүрх, бөөрөнд хүндрэл өгдөг. Тиймээс эмчийн өгсөн заавраар эмийг ууж, хүндрэлээс өөрийгөө сэргийлнэ.
Хавсарсан нийлмэл эм ууж байгаа хүмүүсийн тухайд 160-аас дээш даралттай хүмүүст өгдөг. Энэ хүмүүс эмээ дуусахаар дан эм уугаад хүндрэл гаргаад ирэх тохиолдол байдаг. Артерийн даралт бууруулах эмүүдийг тухай өвчтөний суурь өвчин, насанд нь тохируулж зорилтот тунгаар нь бичиж өгдөг.
Мөн өөрийнхөө ууж байгаа эмийн нэр, тунг сайн мэдэж байх хэрэгтэй. Эмийнхээ нэрийг мэдэж байвал эмч хагас задралын хугацаагаар нь хөөгөөд таны даралтын барьж байгаа хэмжээг гаргаж ирдэг. Түүнчлэн, гэрт байгаа артерийн даралтыг хэмжигч нь эмийн тунг тохируулахад чухал ач холбогдолтой. Эмнэлэгт очих үед хүний сэтгэл санаанаас хамаарч даралт 15-20 хэмжээгээр нэмэгддэг. Тиймээс эмчид үзүүлэхээсээ өмнө гэрийн нөхцөлд хэмждэг цагтаа даралтаа хэмжээд тэр хэмжээгээ эмчид үзүүлэхдээ хэлэх хэрэгтэй.