No menu items!
HomeУхаарахуйҮхэл, мөнх бусыг бясалгах гэж юу вэ?

Үхэл, мөнх бусыг бясалгах гэж юу вэ?

-

Би анх энэ үгийг сонсоод төдийлөн таатай хүлээж авч чаддаггүй байж билээ. Яагаад ч юм “үхэл, мөнх бус” гэхээр “бүр мөсөн дуусах”, “эцсийн цэг”, “түнэр харанхуй” эсвэл “айдас хүрэм”, “там”, “үхлийн элч” гэх мэтчлэнгийн сөрөг хандлагаар ойлгодог байв. Үзэж судлаагүйн улмаас эндүүтэй төсөөлж байсан болохоор тэр биз.

Хожим олон мэргэд, сартваахын ном, тайлбараас эдгээр үгсийг огт өөр утгатай болохыг мэдээд биширч байж билээ.

Миний ойлгосноор “үхэл, мөнх бус” гэдэг нь “цаг хугацаа, түүнд орших орон зайн элдэв үзэгдэл болоод, тэдгээрийг барих сэтгэл”-ийн асар хурдтай хувьсан өөрчлөгдөх шинж чанарыг илэрхийлээд байх шиг. Харин тэдгээрийг бясалгана гэдэг нь уг үзэгдлүүдийн туйлын хувьсамтгай шинж чанарыг танин барьж, хязгааргүй олон эерэг боломжийг сурвалжлан тогтоож, бодитой үнэлэснээр өөрт болон өрөөл бусдад тустай байдлаар цаг алдалгүй ашиглаж сурахын нэр юм биш үү?

Тодруулбал “үхэл, мөнх бус”-ыг таньсан хүн эгэл ертөнцийн харвасан од шиг гялалзаад өнгөрөх барьцгүй үзэгдэлд авталгүй хэзээ ч эрчлэн ирээд юуг ч хуй хаман авч мэдэх цаг хугацааны хүчтэй шуурганаас урьтан “өөрийнхөө” болон “өөрт хамаатай” бодьгалуудын сэтгэлд үл бөхөх, түүнчлэн улам арвидах амар амгалангийн үрийг тарих гэж их яардаг бололтой. Тэгэхээр энэ чинь өөрт болон өрөөлд тустай эерэг сайн, сайхан үйл болгоныг хойш тавилгүй цаг хугацаатай уралдаж хийж гүйцэлдүүлнэ гэсэн үг болж байгаа биз. Бараг л тийм байхаа.

Угтаа гадаад үзэгдлийн бүхий л юмс эл цаг хугацааны хүчтэй шуурганд тэсч үлдэхгүй нь тодорхой. Тэгвэл ийм хэврэг орон зайн элдэв үзэгдэл нь бидний хүсэн хүлээсэн жинхэнэ хувирашгүй амар амгаланг нөхцөлдүүлж чадах уу? Логикийн хувьд үгүй.

Багадаа нартай борооны дараа татсан элдэв өнгөт солонгыг хөөж барих гэж ихэд хүч гарган чармайн гүйдэг байсан. Тэгж гүйх тусам гэрээсээ холдоно. Харин хэсэг хугацааны дараа тухайн оролдлого нь үр дүнгүй болохыг мэдээд буцах үедээ гэрээсээ ямар их холдсоноо мэдэрдэг байв. Тэгвэл би одоо ч тэр л солонго барих гэж оролддог байсан нялх багын зангаа давтаад, жинхэнэ аз жаргал, амар амгаланг солонго шиг тодрох материаллаг орон зайнаас хайгаад л гүйгээд байх аж. Гэнэн нас дуусахгүй юмаа даа.

Тэгвэл тэр хэмжээгээр өөрийн хамгийн эрхэм хүмүүстээ ямар ч материаллаг эрдэнээр орлуулашгүй жинхэнэ аз жаргалыг бэлэглэж болох “бодит боломж/энэрэл хайр” буюу оюун ухаант хүний хамгийн үнэ цэнэт зүйлсээсээ алслагдсаар байх нь. Ингэж төөрч явах зуур миний нөгөө сайхан боломжууд миний нөгөө эрхэм хүмүүсийн минь хамтаар цаг хугацааны хүчтэй шуурганд бас хийсэн одсоор! Бүр заримд нь “хайртай”, заримд нь “уучлаарай” ч гэж хэлж амжаагүй байхад шүү! Гомдмоор. Гэхдээ өөртөө л гомдмоор.

Жинхэнэ аз жаргал гагцхүү хүмүүсийн сэтгэлийн эерэг хандлагуудаас хамаарч бий болдог ба харилцан хамаарлын шинж чанартай. Харин эд материал нэг цагт сэтгэл ханахын тулгуур болох боловч нөгөө цагт гуниж гутрахын шалтгаан ч бас болдог. Учир нь энэ их асар хурдтай хувьсан өөрчлөгдөх цаг хугацаа, орон зайд миний хүсээд араас нь хөөгөөд байгаа зүйлс тэр бүү хэл тухайн зүйлсийг үзэх сэтгэлийн хандалага хүртэл алга урвуулсан мэт агшин төдийд л өөрчлөгдөж одохыг зөндөөн л харлаа шүү дээ, би.

Ер нь “үхэл мөнх бусыг бясалгана” гэдгийг угтаа асар хурдтай хувьсан өөрчлөгдөх энэ цаг хугацаа, орон зайн элдэв үзэгдэл болоод сэтгэл дээр тодрох олон эерэг боломжийг цаг алдалгүй өөрийн болон өрөөлийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж сурах тийм нэг эрүүл ухамсарыг хөгжүүлэх сонгодог арга техник гэж ойлгууштай юм болов уу даа. Ямартай ч “айлгах төлөвлөгөө” лав огт биш юм билээ шүү.

Сониноос “үхэл, мөнх бусыг бясалгах” нь буян зорих сэтгэлд хурдлах, яаравчлах хандлага төрүүлдэг гэж Буддизмд чухалчлан үздэг юм билээ.

Think POSITIVE

Speak POSITIVE

Conduct POSITIVE

Эх сурвалж: Shamatha Mongolia

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд