No menu items!
HomeОнцлохД.Амарзаяа: Цус өтгөрснөөр даралт ихсэх, зүрх дэлсэх шинж илэрч болно

Д.Амарзаяа: Цус өтгөрснөөр даралт ихсэх, зүрх дэлсэх шинж илэрч болно

-

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт Уламжлалт анагаах ухаан, Технологийн хүрээлэнгийн ЭМТҮЧАБА-ны дарга, Уламжлалт анагаах ухааны зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны доктор Д.Амарзаяаг урьж, цус өтгөрлийн талаар ярилцлаа.

– Юуны өмнө цус өтгөрөлт гэж юу болох талаар бидэнд хэлж өгөхгүй юу?

– Хүний цус тодорхой харьцаатай сийвэн, цусны дүрст элементүүд буюу улаан, цагаан, ялтаст эсүүдээс тогтдог. Цус өтгөрөх гэдэг нь цусны дүрст элементүүд нь ихсэж, шингэн хэсэг буюу сийвэн нь багасаж, эдгээрийн харьцаа алдагдаж, цусны зуурамтгай чанар ихсэхийг хэлж  байгаа юм.

Уламжлалт анагаах ухаанд, цус төлжихөд идээ ундны тунгалаг буюу шим нь  элгэнд очиж үүсгэнэ гэсэн байдаг. Иймээс цусны үүсэл, өтгөрөлд идэж буй идээ ундаа чухал байр суурь эзэлдэг. Ер нь өвчин бүхний үндэс нь энгийн өдөр тутмын идээ ундаа, явдал мөрийн буруудлаас болдог. 

Тухайлбал, цаг улиралдаа тохироогүй хоол хүнс хэрэглэх, зун намрын улиралд халуун чанартай идээ ундаа адууны мах, архийг ихээр хэрэглэх  нь цус өтгөрөх нэг шалтгаан болдог. Ер нь өөх тос, давс, чихэрлэг зүйлсийн хэрэглээг бид багасгах хэрэгтэй юм.

– Цус өтгөрөх шалтгааны талаар үргэлжлүүлэн ярилцъя?

– Гадаад, дотоод олон хүчин зүйлийн нөлөөгөөр цус өтгөрөх боломжтой. Тухайлбал  хөдөлгөөний хомсдол, өөх махны хэт хэрэглээ, архи тамхины хэрэглээ, эмийн буруу хэрэглээ, жингийн илүүдэл зэрэг нь нөлөөлж болно.

Уламжлалт анагаах ухаанд  цус өтгөрөх нь дараах шалтгаантай гэж үздэг. Үүнд,

  • Гашуун эхүүн амттай, хөнгөн сэрүүн чанартай, шимгүй идээ ундааг удаан хугацаагаар хэрэглэх,
  • Хүйтэн сэрүүн орчинд удаан байх, даарч жиндэх, өлсөж ундаасах
  • Гэмтэж бэртэх, цус их алдах,
  • Эм болон бусад бодист хордох,
  • Удаан хугацаагаар өвдөх зэрэг олон нөхцөл шалтгаанаас болдог гэж үздэг. 

Тодруулбал, хүйтэн сэрүүний нөхцөлөөр бадган арвидан муу цусыг царцаан өтгөрүүлэх буюу цусны урсгалд харшлан цусыг зогсонги болгодог. Эсвэл хийн үйл ажиллагаа хямарснаас цусны урсгал саатан зогсонги болж, цус бүлэгнэж нөжрөх эмгэг үүсдэг гэж үздэг.

– Ковидын дараа цус өтгөрөл, цус бүлэгнэл иргэдийн дунд ихээр тохиолдох болсон гэх яриа бий. Цус өтгөрөх, булэгнэх нь ялгаатай юу, үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

– Ковидын дараа цус өтгөрөл,  цус бүлэгнэлийн шинж тэмдэг зарим хүнд илэрч байна. Гэхдээ энэ бүхэн хувь хүнээс ихээхэн хамааралтай. Өдөр тутмын амьдралын хэв маяг хөдөлгөөн,  хоол хүнсний хэрэглээндээ зөв зохистой байвал эдгээр эмгэг болон хүндрэлээс сэргийлж болно.

Ер нь цус өтгөрөл, цусны бүлэн хоёр өөр асуудал юм. Цус өтгөрөл гэж цусны зуурамтгай чанар ихсэхийг хэлдэг. Харин  цус бүлэгнэл нь цусны ялтас эсүүд ихсэх, судасны хана хатуурах,  уян чанар алдагдах зэргээс үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл цусны урсгал саатаж эд эрхтэнд жижиг жижиг бүлэн үүсдэг гэсэн үг.

– Цус өтгөрөх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

– Цус өтгөрөх нь мэдээж сөрөг нөлөөтэй. Бие махбодын хүчилтөрөгчийн хангамж буурах түүнээс үүдэлтэй хүндрэлүүд үүсэж болно. Тухайлбал зүрхний шигдээс, тархины цус харвалт  гэх мэтчилэн амьдралын чанарт нөлөөлж болохуйц хүндрэл гардаг. Тийм учир цус өтгөрөл болон цусны бүлэгнэлтээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай.

Цус өтгөрснөөр тархи зүрх зэрэг амин чухал эрхтэн системийн хүчилтөрөгчийн хангамж буурч даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэх, зүрх дэлсэх шинж илэрч болно.

Мөн хөл гар бадайрах, хүзүү толгой хөших, мартамхай болох, ой ухаан муудах, толгой эргэх, тэнцвэр алдах, хараа сонсгол муудах зэрэг олон шинж тэмдгүүд гардаг бөгөөд  тухайн хүний онцлог, амьдралын хэв маяг, суурь өвчний байдал зэргээс шалтгаалан шинж тэмдгүүд нь өөр өөр байдаг.

– Тэгвэл цусаа шингэн байлгахын тулд юуг анхаарах вэ. Уламжлалт анагаах ухаанд цус шингэлэх ямар ямар эмчилгээг хийдэг вэ?

 – Уламжлалт анагаах ухаанд цус шингэлэх үйлдэлтэй эм олон байдаг. Уламжлалт эмийн үйлдлүүд нь цусны урсгалыг сайжруулах, бүлэгнэж нөжирсөн цусыг хайлуулан шингэрүүлэх зэрэг чадал бүхий найрлагатай.

Тухайлбал, Зомошин-6 тан, Гурван үрийн тан зэрэг уламжлалт эмийн найрлагууд нь цус шингэлэх үйлдэлтэй болохыг орчин үеийн судалгаа шинжилгээний аргуудаар баталсан байдаг.

Зомошин-6 тан нь Б.Дэжидмаа докторын судалгааны үр дүнд бүлэнгийн үндсэн элемент болох фибриний хэмжээг бууруулж, судасны хөндийг чөлөөтэй байлгаж, судас бүлэнгээр  бөглөрөхөөс сэргийлэх үйлдэлтэй болохыг баталсан.

Мөн хануур эмчилгээг хийдэг. Хануур эмчилгээг хийлгэхдээ мэргэжлийн эмчид хандан тодорхой бэлтгэл хийсний дараа эхэлнэ. Хануур эмчилгээ нь ширүүн засал эмчилгээнд хамаардаг, хүндрэл гарах боломжтой учир заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Ханах засал хийсний үр дүнд цус урсах нөхцөл сайжирч, цусны зуурамтгай чанар багасаж, цул эрхтний цусан хангамж сайжирдаг гэж эрдэмтэд тогтоосон байдаг.

Эм заслын аргаас гадна хувь хүн өөрөө цусаа шингэлэх хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн юм.  Тогтмол дасгал хөдөлгөөн хийх,  агаарт тогтмол алхах зэрэг нь цус шингэлэх хамгийн энгийн сайн арга байдаг.

– Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд