Эмч зөвлөж байна: Хөхний хорт хавдар нь дан ганц эмэгтэй биш эрэгтэй хүнд ч тохиолддог

0
65

Э.Төмөрчөдөр: Хөхний хортой хавдар удамших хандлагатай байдаг

ХСҮТ-ийн Хөхний төвийн мэс заслын эмч Э.Төмөрчөдөр: Хөхний хортой хавдар удамших хандлагатай байдаг. Удамшихдаа ийм ийм генээр удамшдаг гэдгийг тогтоосон бөгөөд 13 төрлийн мутаци байна гэж үздэг. Хортой хавдар дээр мутаци үзэх нь энгийн. Харин эрүүл хүний цуснаас хортой хавдрыг генетикийн түвшинд илрүүлнэ гэдэг нь багийн ажил юм. 2000 оны үед мутацийг хадгалж байгаа хүмүүсийн хөхийг бүтэн аваад оронд нь имплант суулгадаг байсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад шүү. Ингэсэн ч нөгөө мутациа хүн хадгалж байгаа учраас эргээд тухайн хүнд өндгөвчний хортой хавдар үүсэх эрсдэл байсан.

ДЭМБ-ын зөвлөмжид хүүхдийг нэг жил хүртэл хугацаанд хөхүүлнэ гэсэн байдаг. Учир нь хөхний сүүнд байгаа уураг нь жилийн хугацаанд хүүхдийн дархлааны суурь болж өгнө. Харин үүнээс хойш хэрэггүй гэж үздэг. Манай улсын эмэгтэйчүүд дунджаар хоёр жил хөхүүлж байна.

Идээт үрэвслийн шарх нь хортой хавдрын суурь болдог. Манайхан горьдоно гэж ярьдаг даа, тухайн үедээ халуурсан зовиурласан бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингээд эмийн эмчилгээ хийлгэсний дараа эход харуулна. Энэ нь тухайн суурин дээр ямар нэг хадвар үүсэх вий гэдэг урьдчилан сэргийлэлт болно.

Б.Эрдэнэбулган: Хөхний хорт хавдар нь дан ганц эмэгтэй биш эрэгтэй хүнд ч тохиолддог

УХТЭ-ийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган: Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд тохиолддог хорт хавдрын өвчлөлийг тэргүүлдэг. Дэлхий дахины судалгаагаар хөх, умайн хүзүүний хорт хавдар тэргүүлж буй статистик бий. Жил ирэх тусам хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр байна. Өвчлөл нэмэгдэхийн хэрээр түүнтэй тэмцэх эмчилгээний тактик, арга улам нарийн болж байгаа.

Европын орнууд, Хойд Америкийн бүс нутгуудад хөхний хорт хавдрын өвчлөл маш өндөр байдаг. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн нийт өвчлөлөөс зургадугаар байрыг эзэлдэг.

Хөхний хорт хавдар нь дан ганц эмэгтэй биш эрэгтэй хүнд ч тохиолддог. Тодруулбал, хөхний хорт хавдраар өвчилсөн 100 хүн тутмын нэг нь эрэгтэй хүн байна гэсэн статистик судалгаа бий.

Нас ахих тусам хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс нас бол үүнд нөлөөлөх чухал эрсдэлт хүчин зүйл юм. Уг өвчин нь удамшлын гаралтай биш ч зарим тохиолдолд удамшимтгайд тооцогддог. Тухайн хүний ээж, эгч нь хөхний хорт хавдраар өвчилж байсан бол, хэрэв цацраг идэвхит бодистой орчин нөхцөлд ажилладаг бол хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл маш өндөр.

Бас нэгэн судалгаагаар тухайн хүний хөхний хэмжээ төрөлхийн том байх нь өвчлөлийг дагуулах маш том эрсдэлт хүчин зүйл болж байна гэж үздэг. Азийн улс орнуудын иргэдийн биеийн галбир тэр дундаа хөхний хэмжээ нь Европын орнуудынхыг бодвол харьцангуй жижиг байдаг.

Мөн таргалалт нөлөөлнө. Таргалалт нь олон өвчин үүсэх үндсэн суурь болж байна. Энэ нь тэр чигээрээ өөхөн хуримтлал юм. Хүний биеийн арьсан дор өөхөн эд хуримтлагдаж, зузаарснаар хөхний хэмжээ томордог. Энэ нь хавдрын эрсдэлийг дагуулдаг гэж үздэг.

Сарын тэмдэгийн мөчлөг хавдар үүсэхэд нөлөөлнө. Тухайлбал, сарын тэмдэг хугацаанаасаа хэт эрт ирэх, цэвэршилт хожуу явагдах, төрөх насны эмэгтэй хэт оройтож төрөх зэрэг асуудал нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Европын улс орнуудад нэг хэсэг хөгшрөлтийг удаашруулах зорилгоор цэвэршилтийн эсрэг бэлдмэлийн хэрэглээ хүчтэй тархсан. Энэ бэлдмэл нь хөхний хорт хавдар үүсгэх нэлээд том шалтгаан болсон гэж судлаачид үздэг. Ийнхүү Европын холбооноос тодорхой хугацааны дараа гормоны бэлдмэлийг хориглосон байдаг.

П.Батсүх: Цэвэршилтийн өмнөх болон дараах насанд хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэж байдаг

ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх: Хөхний хавдраар өвдөх шалтгааныг хоёр ангилж болно. Нэгдүгээрт, үнэмлэхүйн эрсдэл. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн болж төрөх, нас нэмэх зэрэг нь үнэмлэхүйн эрсдэл болно. Учир нь хөхний хортой хавдрын 98-99 хувь нь эмэгтэйчүүдэд тохиолддог. Нас нэмэх тусам, ялангуяа цэвэршилтийн өмнөх болон дараах насанд хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэж байдаг.

Хоёрдугаарт амьдрахуйн эрсдэл гэж бий. Үүнд удамшлын хүчин зүйл, биеийн жингийн илүүдэл зэрэг орно. Мөн хорт зуршлын хэрэглээ эрүүл мэндэд их нөлөөлж байгаа. Стандарт тунгаар алкоголь хэрэглэхэд хөхний хавдраар өвдөх эрсдэл нэмэгддэг гэж үзэж байна. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн хөхний хавдар дахих эрсдэл байгаа гэх судалгаанууд бий. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол, туяаны нөлөөлөлд ажиллах, шөнийн ээлжинд ажиллах, дааврын эмийн нөлөө гэх мэт зүйлс ч нөлөөлдөг.

Учир нь Монгол Улсад хөхний хавдраар өвчилсөн хүмүүсийн 80-85 хувь нь 40-70 насныхан байдаг. Энэ хүмүүсийг жил тутам хөхний хавдрын эрт илрүүлэх үзлэгт, хоёр жил тутам момографийн үзлэг хийлгэхийг зөвлөдөг.