“Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахдаа ногооны шөл, будааны зутан зэрэг шингэн зутан өгвөл тохиромжтой”

Хүүхдийн хооллолтын талаар мэргэжлийн хүмүүсийн өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

М.Пүрэвжав: Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахдаа ногооны шөл, будааны зутан зэрэг шингэн зутан өгвөл тохиромжтой

Хоолзүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав: Хүүхдийн хооллолт маш чухал. Хүний амьдралын эхний 1000 хоног буюу хүүхэд эхийн хэвлийд буй болсноос 2 нас хүртэлх хугацаа бол тухайн хүүхдийн насан туршийн эрүүл мэндийг шийдвэрлэх үе байдаг.

Нэмэгдэл хоол гэдэг нь хөхөө хөхөж байгаа хүүхэд нэмэлтээр хооллохыг хэлдэг. Хүүхдийн нэмэгдэл хоол ямар байх нь зохимжтой вэ гэдэг талаар 1920 онд Шведийн хүүхдийн эмч судалсан байдаг. Судалгаагаар хүүхдэд маш зөв нэмэгдэл хоол өгөх нь тухайн хүүхдийн өсөлт, хөгжилд маш эерэг нөлөөтэй гэдгийг тогтоосон. 1960 онд АНУ-д хүүхдэд хэдэн сартайгаас нь нэмэлт хоол өгөх вэ гэдэг талаар туршилт хийгдсэн. Хоёр сартай хүүхдэд нэмэлт хоол өгч туршилт хийж үзсэн байдаг. Энэ мэтчилэн судалгаа хийгдсээр ДЭМБ-аас гаргасан орчин үеийн судалгаагаар хүүхдэд зургаан сартайгаас нь эхлэн нэмэлт хоол өгөх нь зөв юм гэж үзсэн. Зарим орнуудын хувьд таван сартайгаас нь өгдөг. Ерөнхийдөө 5-6 сартайд нь хүүхдийг бор хоолонд оруулах процесс явагддаг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн системийн хоолыг хүлээж авах чадвар, хоол боловсруулах ферментүүд,  амны хөндийн булчингууд зэрэг олон зүйлстэй холбоотойгоор энэ хугацааг тогтоосон.

Нэмэгдэл хоолонд оруулахын тулд хамгийн түрүүнд ногооны шөл, будааны зутан зэрэг олон нэр төрлийн шингэн зутангуудыг өдөрт 20-30 граммаар 1-2 удаа өгөх хэрэгтэй. Зургаан сар хагастайгаасаа эхлэн хүүхэд хоолондоо дадаж эхэлнэ. Энэ үеэс хоолны хэмжээг нь нэмэгдүүлнэ. 1 нас гарантай хүүхэд нэг удаад 150-250 мл хоол идэх тогтолцоо үүсдэг. Хүүхдийг хөхнөөс гаргасан тохиолдолд өдөрт заавал хоёр аяга сүү болон тараг уулгах ёстой. Хүүхдийг гурван нас хүртэл тусад нь хоол хийж өгөх нь оновчтой байдаг.

Өөрсийн иддэг хоолноос өгөх нь тийм ч их таатай биш. Хүүхдэд юуны амтыг их тааламжтайгаар мэдрүүлнэ тэр нь цаашдын хооллох дадад зуршлыг илэрхийлдэг. Зарим эцэг эхчүүд манай хүүхэд ийм хүнсийг иддэггүй, ийм хоолонд дургүй гэж ярьдаг. Энэ нь бор хоолонд оруулахдаа тухайн хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг хоол хүнсэнд эь хэрэглэдэггүй байснаас шалтгаалдаг. Хүүхдийг нэмэлт хоолонд оруулах буюу зургаан сартайгаас хоёр нас хүртэлх хугацаанд аль болох олон нэр төрлийн хоол хүнсийг өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд ээжийн хийж өгч байгаа хоол шинэ зүйл байдаг. Хоолноос амт, үнэр, өнгө, таашаал мэдэрдэг. Энэ нь хүүхдийн тархинд мэдээлэл болж, дадал хэвшлийн рефлекс бий болгодог. Тиймээс хүүхдийг бор хоолонд оруулах үед ээжүүд маань хариуцлагатай хандах ёстой. Хүүхдүүддээ будаа, бантан, гурилтай шөл зэрэг хэдхэн нэр төрлийн хоол өгөөд байж болохгүй. Хоолны нэр л өөрчлөгдөж байгаагаас биш орц, хүнсний бүтээгдэхүүн, шим тэжээлийн хувьд хэвээрээ байдаг.

Бантангийн гурил нь хүүхдийн гэдсэнд наалддаг гэж зарим эцэг эхчүүд ойлгодог. Энэ нь буруу ташааа ойлголт юм. Харин бантангаа олон төрлийн ногоогоор баяжуулж өгөх нь хэрэгтэй. Хүүхдийн хоолыг ясны шөлөөр бэлтгэж, ногоогоор баяжуулсан байх нь зохимжтой. Олон төрлийн хүнсээр баяжуулж өгөхөөс гадна хоол нь амтлаг байх ёстой. Мөн ус уулгаж байх ёстой.

Б.Туул: 2-5 насны хүүхдийн хооллолтод сайн анхаарч, эрчимтэй өсөлт хөгжилтөд хангалттай хэмжээний шим тэжээллэг хоол өгөх хэрэгтэй

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул: Цэцэрлэгийн нас буюу 2-5 насанд хүүхдийн өсөлт эрчимтэй явагддаг. Тухайлбал 2-5 насны хүүхдүүд жилд дунджаар 7-8 см өсөж, биеийн жин нь 1.8-2.7 кг-аар нэмэгддэг. Иймээс 2-5 насны хүүхдийн хооллолтод маш сайн анхаарч, хүүхдэд эрчимтэй өсөлт хөгжилтөд хангалттай хэмжээний шим тэжээллэг хоол өгөх хэрэгтэй.

Мөн зөв, зохистой хооллож сурах дадал бага наснаас тавигддаг тул хүүхдээ багаас нь олон төрлийн хүнс хэрэглэж сургах, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглүүлж сургах зэрэг зохистой хооллолтын дадал хэвшилд сургаснаар насанд хүрээд зохистой хооллох хэвшилтэй болдог.

Энэ насны хүүхдүүд зарим тохиолдолд хоол идэх дургүй байдаг. Иймээс хоолны дуршлыг нь сайжруулахын тулд хоолыг өнгө хосолсон, тод гоё өнгөтэй хийх, хэлбэр дүрс оруулж өгвөл хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг. Мөн хурц үнэргүй, идэхэд зөөлөн, давс султай, бага хэмжээтэй, халуун бүлээн байх хэрэгтэй. Хүүхдийг хүчээр идүүлэх гэж шаардах, хүчлэх хэрэггүй. Бага багаар дасгаж өгөх хэрэгтэй.

Хүүхэд хооллох орчин нь ая тухтай, анхаарал сарнихааргүй байх хэрэгтэй. Жишээлбэл зурагтаа унтраах, хүүхдээ хооллохдоо гар утсаа оролдохгүй байх, хүүхдийн анхаарал сарних зүйлсийг хийхгүй байхад эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй.