НЭМҮТ-өөс дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүнийг цувралаар хүргэж байна. Улирал солигдох энэ үед цаг агаарын өөрчлөлтөөс болж хүмүүс ядарч сульдан нь элбэг. Тиймээс энэ үед бид улиралд нь зохицсон, амин дэмтэй хүнсийг хэрэглэх нь нэн чухал юм.
Нохойн хошуу

Уламжлалт анагаах ухаанд “Сэгод” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Аминдэм С, В, К-аар баялаг. 100 гр нохойн хошуу 900 мг аминдэм агуулсан байдаг. 30-40 гр нохойн хошуу нь насанд хүрсэн хүний хоногт шаардах аминдэм С-ийн хэрэгцээг бүрэн хангадаг. Шүүс ханд бэлтгэж хэрэглэнэ. Хандыг бэлтгэхдээ нэг аяга усанд хоолны халбагаар нохойн хошуу хийж 10-15 минут буцалгаж 24 цаг таглаж тавьна. Хандалсан нохойн хошуугаа шүүгээд мэдрэлийн ядаргаа, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэгт хэрэглэнэ. Эсвэл нохойн хошуунаас гаргаж авсан эмийг эдгээр өвчний үед хэрэглэж болно.
Хандалсан нохойн хошууг уухад чийг бам өвчнөөс маш сайн сэргийлнэ. Биеийн эсэргүүцэл сайжруулах, судасны хана зөөлрүүлэх, ходоод гэдэсний шархлаа, элэгний архаг өвчин, цус алдалт, бөөр давсагны архаг өвчинд ханд буюу шүүсээр өргөн хэрэглэнэ.
Эм зүйн судалгаагаар С аминдэм нь биед ороод устөрөгчийн атомыг дамжуулан исэлдэн ангижрах маш олон урвалыг идэвхижүүлж биеийг тордон, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг нэмэгдүүлэн, төмрийг ферритинд шилжих явцыг хөнгөвчлөн, глюкозын исэлдлийг хүчтэй болгож холестерины задралыг ихэсгэн, судасны хатуурлыг саатуулж бие махбодын дасан зохицох чадварыг нэмэгдүүлнэ.
Уурганд байгаа пролиныг усан-ислийн урвалд оруулж коллагенийг үүсгэдгээрээ аскорбины хүчил нь судасны ханыг бэхжүүлэн, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулж шарх, гэмтлийг түргэн эдгээнэ.
Нохойн хошуунд агуулагдаж буй каротин нь биед орж А витаминыг үүсгэх бөгөөд энэ нь нүдний хараа муудахуй өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй агаад бас шарх эмчлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах нөлөөтэй юм.
Жимсийг чийг бам өвчин, уушгины сүрьеэ, салхинд цохиулснаас үүдсэн өвчин, ядарч сульдах, турах, цус багадах, цус алдах, элэг цөсний үрэвсэл, мэдрэлийн ядаргаа, аминдэм дутагдсанаас шалтгаалсан бусад өвчний үед хэрэглэнэ.