“УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Раднаасэдийн хүүхдүүд тэтгэлэг, Ш.Адьшаагийн хүүхэд зээлээр сурсан”

0
29

Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдалын мэдэгдэл ямар нэгэн байдлаар улс төржсөн, улс төрд тодрох гэж оролдсон нялхсын өвчин болсон харамсалтай үйл явдал боллоо.  Энэхүү зээлийн мэдээлэл ил тод болсон. Шилэн болсон мэдээллийг ямар нэгэн улс төрийн зорилгоор ашиглаж, улстөрчдийн болоод УИХ-ын гишүүд, хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаа хүний нэр хүндэд халдаж байна.

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүүхэд Боловсролын зээлийн сангаас зээл авсан нь үнэн. Түүний хувьд хиймэл оюуны чиглэлээр суралцсан юм билээ. Монгол Улсдаа хиймэл оюун ухааны чиглэлээр ирж ажиллаад, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд чөлөөлөгдсөн юм байна. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хүүхэд зээлээр биш, тэтгэлгээр суралцсан юм байна. Тэтгэлэгт олон улсын болон дэлхийн олимпиадад алт, мөнгөн медаль авсан хүүхдийг хамруулдаг. Ингэхдээ тухайн хүүхдийг урилга ирсэн сургууль руу нь явуулдаг зохицуулалттай. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүүхэд зэрэг нь аав ээж нь хэн байхаас үл шалтгаалан дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэж, явж байсан юм байна лээ” гэв.

Өнөөдрийн байдлаар тус сангаас 1.2 сая хүүхэд зээл авсан байна. Энэ бол том тоо. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь БЗС-гаас зээл авсан байна гэсэн үг. Гэвч ихэвчлэн эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд тус сангийн зээлээр суралцдаг гэх буруу ташаа мэдээлэл гарч байгааг тэрбээр ярилаа. 

Мөн тэрбээр “Албан ёсны тоон мэдээллээр магистр, докторын түвшинд суралцаж буй 230 хүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүй. Эдгээр хүүхдэд 27 тэрбумын эргэн төлөлтийн асуудал бий. Харин 34 суралцагч зээлээ төлж байгаа. 

Хамгийн гол нь үнэн, зөв мэдээлэлд суурилж шүгэл үлээж болно. Түүнээс биш Засгийн газрын ил тод, нээлттэй болгосон мэдээллийг гуйвуулж болохгүй. Хэн нэгний нэр төрд халдах гэсэн болчимгүй үйлдлээр нялх Сэнгүмийн өвчнөөр өвчилж болохгүй

 “Иргэн О.Батнайрамдал хууль бус зээл тэглэлт гэж хэлж байсан. Энэ бол хууль бус зээл тэглэлт биш. Тодруулбал, зургаан хуулийн зохицуулалттай. Тэрбээр БЗС-гийн нийт тэглэсэн үнийн дүн 80.2 тэрбум төгрөг гэж мэдээлсэн. Харин БШУЯ-ны мэдээллээр 48 тэрбум төгрөгийн гэрээний үүрэг дуусгавар болгосон байна” гэлээ.