Монголын Байт Харваан Холбоо 2023 оны гадаа талбайн эхний тэмцээнээ энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
“Улирлын нээлт” гадаа талбайн тэмцээн тавдугаар сарын 19-21-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360” талбайд болно.
Тэмцээн олон улсын стандартын дагуу 70 метрийн зайд тамирчид “Рекурв” болон “Компаунд” төрлөөр өрсөлдөнө.
Энэ удаагийн тэмцээнд нийт 11 байгууллагын 80 гаруй тамирчин оролцох бөгөөд хувь буюу ганцаарчилсан, холимог баг /эрэгтэй, эмэгтэй/, багийн /эрэгтэй гурван тамирчин, эмэгтэй гурван тамирчин/ 10 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм.
Байт харваан спортын хувьд үндсэн тэмцээн эхлэхийн өмнөх өдөр тэмцээний талбай, зайд өөрийн нум сумны техникийн байдлыг хангуулах, бэлдэх үүднээс хараа тааруулах харваагаар тэмцээнээ эхлүүлдэг байна.
Дашрамд, энэхүү тэмцээн нь Байт харваан спортыг сонирхогч хэн бүхэнд нээлттэй ба сонирхогч та бүхнийг урьж байна.
Улирлын нээлт тэмцээний хуваарийг хүргэж байна.







