НҮҮР Эмч зөвлөж байна Г.Ундрах: Ургамлын тоосонцроос харшилтай бол өдөр тутамдаа мөрдөх хэд хэдэн зүйлс бий

Г.Ундрах: Ургамлын тоосонцроос харшилтай бол өдөр тутамдаа мөрдөх хэд хэдэн зүйлс бий

0
233

ТТАХНЭ-ийн Дотрын II тасгийн Арьс харшлын эмч Г.Ундрах харшлын талаар мэдээлэл өглөө.

Ургамлын тоосонцроос харшилтай бол өдөр тутамдаа мөрдөх энгийн хэд хэдэн зүйлс бий. Тухайлбал,

  • Гадуур явах шаардлагатай бол чийглэсэн даавуун маск зүүх, нүдний шил зүүх хэрэгтэй.
  • Тоос шороо болон ургамлын харшлаас ангид байя гэвэл ургамал тоосоо гөвдөг цаг буюу өглөөний 04:00-10:00 цаг, оройдоо 17:00-20:00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй.  
  • Гаднаас орж ирэнгүүтээ хувцсаа солино.
  • Өдөрт 2-оос дээш удаа усанд орох, үсээ угааж, ам хамраа сайтар зайлах.
  • Тасалгааны цэцэг тарихгүй байх.
  • Өд, сөд, будаа буурцаг, цай, хушгаар хийсэн дэр дэрлэхгүй байх.
  • Солбицон харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Жишээ нь: Архи дарс, халуун ногоотой хоол, жүрж, лемон сармис, өнгө, үнэр, будагч бодистой бүтээгдэхүүн, айраг, хоормог, кофе, өндөг, самар, түүхий ногоо зэрэг нь харшлыг сэдрээдэг.
  • Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, РА бичигтэй тосыг наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй.

Бидний өдөр тутмын амьдралд харшил төрүүлэгч тоос тоосонцор, бактериуд амьдарч л байдаг. Хүмүүс “юунаас харшлаад байгаа юм бол” гэж их асуудаг. Юунаас ч харшиж болно. Харшил үүсгэдэг гол зүйл нь уураг болоод маш жижиг тоосонцрууд байдаг. Энэ нь бидний арьс, салст , амьсгалын замаар биед орж, харшлыг өдөөдөг. Тухайлбал амьсгалын замын харшил гэж байна. Үүнийг ургамлын тоос, байшингийн хөгц гэх мэт зүйлүүд өдөөж байдаг.

Түүнээс гадна зарим хоол хүнс нь харшил үүсэхэд нөлөөлдөг. Жишээлбэл самар, тоор, алим,  лийр, киви, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, бяслаг, даршилсан бүтээгдэхүүн, шар айраг, дарс зэрэг юм. Учир нь эдгээр хүнсэнд гистамин гэдэг бодис маш их хэмжээгээр агуулагдаж байдаг. Тиймээс харшил төрүүлэх магадлал маш өндөр гэсэн үг. Хэрэв эдгээр хүнснээс харшилтай бол их хэмжээгээр хэрэглэсний дагаар бие дээгүүр тууралт гарах, амьсгал боогдох, уруул хавдах, нүд хавдах шинжүүд илэрнэ.

error: Content is protected !!