Ард түмний бахархал болсон нэрт дуучид

0
2305

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа аялгуу дуугаараа бидний сонорыг мялаасаар ирсэн нэрт дуучдыг онцолж байна.

Бадраагийн Бадар-Ууган

Ерээд онд Монголын урлагт рок поп урсгал “Инээмсэглэл” нэртэй хамтлагаар анхлан хөл тавьж, цоо шинэ урсгалыг “хөтлөн” орж ирсэн эрхэмийн нэг бол Бадраагийн Бадар-Ууган. Түүнээс хойш ард түмний дуулах дуртай олон уран бүтээлийг ар араас нь “төрүүлж”, өдгөө урлагт хит болон эгшиглэсээр байна.  

Б.Бадар-Ууган нь 1952 онд Монголын соён гэгээрүүлэгч Жамцын Бадраа, хүний гавьяат эмч Х.Бадарч нарын ууган хүү болж төржээ. Тэрбээр театр, цирк, телевизэд ажиллахдаа маш их шинэчлэл хийж, шинэ туршлага нэвтрүүлсэнийг өдгөө мэргэжлийнхэн үнэлж байна. Түүний буй болгосон Радио телевизийн дээд сургууль өнөөдөр өргөжин тэлж хамгийн оновчтой, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлддэг томоохон институц болжээ.

Тэр мөн “Инээмсэглэл” хамтлагт байхдаа жинхэнэ монгол өнгө аяс бүхий рок попыг үүсгэсэн уран бүтээлч. Цахилгаан бөмбөр морин хуурын хослолоор биш харин аялгуу хэмнэлд нь монгол пентатоник аяс оруулж чадсан гэдэг. Б.Бадар- Ууган агсан гурван хүүтэй. Түүний том хүү  бидний танил хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун билээ.

Намдагийн Төмөрхуяг

Тэрбээр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1959 онд төржээ. 1977-1979 онд Хэнтий аймгийн Тээврийг Удирдах Газарт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдаж, 1982 он хүртэл Ардын Армид алба хаав. 

1983-1990 онд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад дуучин, 1991-1993 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ. 

Тэрээр олны сэтгэлд хүрсэн “Амьдрал хайр дээр тогтдог” дуугаа 1987 оны хавар Монголын радиод нууцаар, нэг ёсондоо хулгайгаар бичүүлсэн байна. 

Энэ талаараа тэрээр “Аймгийн чуулгын тайзан дээр гоцлол дуулж болохгүй тийм танхай, эсэргүү нөхрийн дууг Монголын радиод бичүүлнэ гэдэг хэцүү биз дээ” хэмээж байжээ.

Лувсангийн Оюунчимэг

“Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай” зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялаасан энэ эрхэм 1952 онд  Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төржээ. Эстрадын нэрт дуучин, Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулгын анхны эмэгтэй дуучин тэрбээр 1969 оноос БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны “Цахилгаан хөгжмийн чуулга” буюу одоогийн “Баянмонгол” чуулгад гоцлол дуучнаар уригдан ирж ажиллаж байжээ. Түүнийг монголын эстрад урлагийн цахилгаан хөгжмийн үеийн түүхийг бичилцсэн гол төлөөлөгч, анхдагчдын нэг хэмээн үздэг байна.

Л.Оюунчимэг нь чуулгынхаа урын сангийн эмэгтэй хоолойн бүхий л дууг гадаад дотоод, хот хөдөөгийн тайзнаа дуулж ирсэн хүчирхэг, цээл хоолойтой нэгэн байсан бөгөөд монгол түмний дунд “Ард түмний гавъяат” хэмээн алдаршжээ.

“Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Намрын дурьдатгал”, дуучин Х.Галхүүтэй хамтран дуулсан “Дөрвөн улирал хоёр амраг”, Н.Гэрэлт-Одтой хамтран дуулсан “Алтанхан сортой тариа” зэрэг олон сайхан дуу нь зуун дамжин сонсогчдын сонорыг мялаасаар байгаа билээ.

Буурангийн Нандинцэцэг

“Анхны хайр”, “Хунгийн дуу”, “Хүлээлт”, “Хөдөөгийн сайхан талд зорино”, “Хос хун” зэрэг дуугаараа ард түмний сонор, зүрх, сэтгэлийг жаргааж, бүтээлээрээ өөрийгөө мөнхөлж чадсан уран бүтээлч бол Буурангийн Нандинцэцэг. 

Буурангийн Нандинцэцэг нь Монголын эстрад урлагийн нэрт дуучин, Монголын хөнгөн хөгжмийн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны гоцлол дуучин юм. Тэрбээр дуу хуурын өлгий Дундговь аймгийн Өндөршил суманд 1954 онд төржээ. Төрөлхийн өвөрмөц содон сайхан хоолойтой тэрбээр 23-р сургуульд 7 дугаар ангиа дүүргээд дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Ардын дуу бүжгийн чуулгын байран дахь Залуучуудын Ордонд тасалбар түгээгч, таслагчаар ажилд орж улмаар УАДБЧ-ын дэргэд 1970 онд байгуулагдсан “Соёл-Эрдэнэ” чуулгад анхны дуучин нь болжээ.

Монголын эстрад урлагийн нэрт дуучин, “Алдрын од”-ын анхны эзэн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны дуучин, СТА Б.Нандинцэцэгийн гайхамшигт сайхан хоолойг уран бүтээлээс нь монгол түмэн зуун дамжин таашаан сонссоор ирсэн билээ. Түүний дуулсан “Мартагдашгүй намар” киноны “Анхны хайрын дуу”, “Учралын уянга”, “Ангийн хоёр анддаа”, “Суварган цэнхэр уулс” киноны “Хунгийн дуу” болон “Хөдөөнөөс бичсэн захидал”, “Тэр бидэнд хайртай байсан юм”, “Хаврын урь”, “Хүлээлт” зэрэг уран бүтээлийг монголын үзэгч, сонсогч олон түмэн андахгүй мэднэ.

Үргэлжлэл бий.