Томуу, томуу төст өвчний талаар ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч, Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч, АУ-ны магистр О.Солонго дараах зөвлөгөөг өглөө.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэдээс хэдэн сар хүртэл үргэлжилдэг вэ?
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварт өвчний дэгдэлтийн үе нь 10-4 сар хүртэл үргэлжилдэг бөгөөд хамгийн элбэг тохиолддог. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүд жилдээ зургаан удаа уг өвчинд өртөх эрсдэлтэй байдаг. Томуу, томуу төст өвчний 90-95 хувь нь вирусийн шалтгаант байдаг бөгөөд 200 гаруй төрлийн вирус томууг үүсгэдэг байна. Томуу, томуу төст өвчний нууц үе нь 1-5 хоног, дунджаар 48 цаг үргэлжилдэг.
Өвчний нууц үеийн сүүлч, эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш эхний 3-5 хоногт хамгийн их халдвартай байдаг. Хүүхдэд халдвартай үе нь долоон хоног үргэлжилж болно.
0-12 сартай хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах вэ?
- Халуурах
- Тамирдах, унтамхай болох
- Нус гоожих, хамар битүүрэх
- Ханиалгаж байгаа, хөхрөлттэй шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.
- Бусад далд буюу хөнгөн хэлбэрийн тохиолдолд гэрээр өрхийн эмчийн хяналтад эмчлүүлнэ.
Ер томуугийн үед хүүхдэд
- Өндөр халуурах /38 хэмээс дээш/
- Амьсгалын тоо ихсэх
- Уруул, нүүр хөхрөх
- Цээж хонхолзох, цээжээр өвдөх
- Булчин өвдөх – Хүүхэд алхах дургүй байх зэргээр илэрхийлдэг
- Шингэн алдах – 8-аас дээш цаг шээхгүй, ам хатах, уйлахад нулимсгүй
- Олон хоногоор ханиалгах шинжүүд илэрдэг.
Насанд хүрэгчдэд
- Амьсгал давчдах
- Цээж, хэвлийгээр байнгын өвдөх
- Даралт өөрчлөгдөх
- Толгой эргэх
- Шээсний гарц буурах
- Гэдэсний булчингийн өвдөлт
- Ядрах, идэвхгүй болох
- Халуурах, ханиалгалт ихсэх
- Архаг хууч өвчин сэдрэх шинж илэрч болно.
Ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн томуу томуу төст өвчин элбэг байна вэ?
Ямар төрлийн вирусын улмаас бага насны хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа судалгааг жил бүр хийдэг. Судалгааны дүнгээс харахад RS болон риновирус нь бага насны буюу 0-12 сартай хүүхдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шалтгаан болж байна. Халуурах, тамирдах, унтамхай болох, нус гоожих, хамар битүүрэх зэрэг шинжүүдийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Бусад тохиолдол нь далд буюу хөнгөн хэлбэрийн шинжүүд байх бөгөөд гэрээр өрхийн эмчийн хяналтанд эмчлүүлэх боломжтой.
Риновирусээр өвчилсөн бага насны хүүхдийг халуурах тутамд нь халуун бууруулах эмийг өгөх биш харин механик аргаар халуун бууруулах буюу толгойд нь хүйтэн жин тавих, шингэн хангалттай уулгах, их зузаан бигнэхгүй байх хэрэгтэй. 38-аас дээш хэм халуурвал эмчийн зөвлөгөө авна. Риновирусын халдварын нууц үе 1-5 хоног, дунджаар 2-3 хоног байна.
Чичрүүдэс хүрэх, бие тавгүйрхэх, биеийн хэм 37-37,5 хүрч цочмог эхлэх бөгөөд хамар битүүрсний улмаас хамрын ойр орчим, духны хэсгээр өвдөх шинж илэрдэг. Бага насны хүүхэд риновирусын халдварт өртсөний улмаас хамрын салст амархан хөөж, хавагнаж, агаар дамжуулах зам саатсаны учраас хүүхэд уйлдаг. Үүнтэй холбоотойгоор 6 сар хүртэлх нярай хүүхдийн чих өвдөх шинж илэрч болно.