“Нүдний даралт ихсэх үед толгой таллаж, шанаа руугаа дамжиж өвддөг”

0
1420

Геронтологийн үндэсний төвөөс глаукома буюу нүдний даралт ихсэх өвчний талаар мэдээлэл өглөө.

Глаукома гэж юу вэ?

Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь харааны мэдрэл гэмтэж захын болон төвийн хараа аажмаар алдагдаж эргэшгүй байдал үүсдэг бүлэг өвчин.

Нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:

• Нас /40- өөс дээш насныхан өртөх эрсдэлтэй/

• Удамшил – Гэр бүлийн хамаатан, эмээ, өвөөгийн аль нэг нь энэ өвчнөөр өвдөж байсан

• Ерөнхий биеийн өвчин – Чихрийн шижин, цусны даралт ихтэй ба зүрх судасны өвчтэй

• Нүдний гэмтэл

• Эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх /Гормон/

Нүдний дотоод даралт ихсэх эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинж:

Нээлттэй болон архаг хаалттай өнцөгт глаукомын үед шинж тэмдэг бүдэг байна.

Харин хурц болон хурцавтар глаукомын давшлын үед:

  • Нүд хүчтэй өвдөх
  • Толгой таллаж шанаа руугаа дамжиж өвдөнө
  • Хараа огцом муудах
  • Манантах
  • Гэрэл солонгорч харагдах
  • Дотор муухай оргих, бөөлжих

Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай нүдний эмчид хандаарай.

Юу анхаарах вэ?

Нүдний даралт өвчнөөр алдсан хараа дахиж сэргэдэггүй учир хүний амьдралд эргэшгүй хохирол учруулна. Нүдний даралт ихсэх өвчин нийт хүн амд элбэг тохиолддог бөгөөд 40 наснаас эхлэн мэргэжлийн эмчид үзүүлж онош тогтоолгох хэрэгтэй. Ингэснээр урьдчилан сэргийлж болох бөгөөд эмчилгээний үр дүнд илүү байдаг.

Нүдний даралт өвчний эмчилгээний үндсэн зорилго нь харааг сайжруулахад биш одоо байгаа харааг хадгалахад оршино. Нүдний дотоод даралт хэвийн байх үед өвчин даамжирдаггүй. Эмийн эмчилгээнд нүдний даралт буухгүй байвал цаг алдалгүй мэс засал хийлгэх шаардлагатай.

Нүдний даралт ихсэх өвчний үед анхаарах зүйлс:

-Нүдний эмчийн хяналтанд байж заасан хугацаанд тогтмол ирж үзүүлэх

-Нүдний эмийг эмчийн зааврын дагуу дусаах

-Өрөө гэрэлтүүлэг сайтай байх.

-Амин дэмээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ, түлхүү хэрэглэх

-Эмчилгээг тасалж болохгүй.

-Архи, дарс, шар айраг, айраг болон кофе, халуун ногоотой хоол хүнс бага хэрэглэх

-Мөн ууранд орох, халуун шавар тавиулахыг хориглоно.

Сануулахад, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор глауком буюу нүдний даралт ихсэх эмгэгийн мэс заслын тусламж үйлчилгээг 449 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин 75 хувийг ЭМД-аар хөнгөлөх юм. Уг тусламж үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн жагсаалттай ЭНД дарж танилцаарай.