Бид “Хүмүүс” буландаа үе үеийн эрхэм уран бүтээлчдийг онцолсоор ирсэн билээ. Энэ удаад сэтгэлд хоногшсон эерэг дүрийг бүтээсэн жүжигчдийн тухай мэдээлэл бэлтгэлээ.
Дэнзэн – Д.Чимид-Осор

“Талын баатар” жүжгийн Чогдон хувилгаан, “Сүрэг чоно” жүжгийн Данзан, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Шукарь өвгөн, “Цогт тайж” киноны Цэцэрлэгч өвгөн, “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн, “Мандухай сэцэн хатан” кионы Хурц зайран Мөнх зэрэг олон дурээрээ монголчууд бидний зүрх сэтгэлд хоногшсон үлдсэн Ардын жүжигчин Д.Чимид-Осор сайн жүжигчин төдийгүй сайн найруулагч байв. Бидний шимтэн үздэг “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг кинонууд түүний авьяас билиг, хүч хөдөлмөрөөс бүтсэн билээ. Тэрбээр 1912 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт мэндэлсэн.
1936 оноос урлагийн замд хөл тавьж, 24 насандаа Улсын төв театрын босгоор алхжээ. Түүний тайзны анхны дүр нь “Яг 18” жужгийн Ойдовын дүр аж. Тэрбээр 47 насандаа М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн” жүжгийн Шукарь хэмээх өвгөний дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ олонд танигдаж өвгөн Шукарь хэмээн нэрлэгдэх болсон билээ. Түүний дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрүүдийн нэг нь “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн өвгөний дүр юм. Киног үзсэн хүн бүр ухаарал, хайр, хүний сайхан сэтгэлийг олж харсан гэдэгт итгэлтэй байна.
Багаяа – Л.Лувсан

Монголын театрын домог болсон жүжигчдийн нэг Лувсанбалдангийн Лувсан “Ирж яваа цаг” киноны Багаяа өвгөний дүрийг сэтгэлд хоногштол урласан билээ. Тэрбээр 1908 онд Төв аймгийн Баянцогт сумын нутаг Жирэм хэмээх газар төрсөн. Л.Лувсан гэдэг 18 настай жаал хүү 1926 оны “Майн нэгэн” хамтралд морин тэрэгчин байсан. Том байгагүй түүнийг “Алаг морины Лувсан” гэдэг байв. 1931 онд цэрэгт татагдан Тамсагийн отрядад байлдагч, бага дарга, 1933 онд нисэх онгоцны жолооч болсон. 1935-1939 онд Баянтүмэнгийн нисэх хороонд дайрагч нисэгч, Баян-Түмэнд байлдаж явсан ахмад дайчин билээ.
Бага наснаасаа сайн дурын уран сайханд явж “Өргөмөл сувд” жүжгийн лам, “Ардын зориг” жүжгийн Хурц, “Цэнд комиссар” жүжгийн хиа зэрэг ролиуд болон олон тооны концертод оролцон тоглодог байж. Улмаар 1940 оноос УТТ-т дагалдан жүжигчнээр орсон. Тэрээр театрын тайзан дээр төдийгүй кино дэлгэцнээ олон сайхан дүрүүдийг бүтээсэн. “Гэм нь урдаа” (1956) киноны Самдан, “Цэргийн хүү” киноны Дорж, “Талын цуурай” киноны Сэнгэ,
Цахиур төмөр – Т.Сундуйжав

Цахиур Төмөр нь Монголын ард түмний дунд шилийн сайн эрийн сонгодог төлөөлөгч болон танигдсан бодит түүхэн хүн-уран зохиолын дүр юм.
“Тунгалаг тамир” кинонд түүний дүрийг Т.Сундуйжав гэх нягтлан бодогч мэргэжилтэй хүн бүтээжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “1969 он юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Р.Доржпалам, Ч.Лодойдамба гуайн гэргий ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, зураглаач Баттулга нар манай Налайх дүүрэгт ирж сонгууль авч байгаа байдалтай танилцсан. Гол нь Цахиур Төмөрөө л хайгаад байсан хэрэг. Өмнө нь Х.Баянмөнх аварга тэргүүтэй олон хүнийг шалгаад бүгд тэнцээгүй юм билээ. Огт танихгүй нэг хүн “Чи улсаас 25 төгрөг идсэнээ мартаагүй биз” гэв. Гэнэт уур хүрсэн гэж жигтэйхэн. Гэтэл өнөө хүмүүс чинь боллоо, олчихлоо гээд баярлалдаад явчхав. Байгаа байдал хийгээд уурласан минь өнөө Цахиур Төмөр дүрээрээ байж. Ингэж л Засагт ханы сайн эрийн дүрийг бүтээсэн түүхтэй” хэмээжээ.
“Молиго” Очир – Д.Алтангэрэл

Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, зан төрх, ахуй амьдралын онцлогийг залуу бөхийн үйл явдлаар дамжуулан харуулах “Гарьд магнай” кино. Уг киноны “шигтгээ” болсон нэг дүр нь яах араггүй “Молиго” Очир билээ.
Гадна төрх, төрөлх араншин, дуу хоолой гээд бүх зүйлээрээ бусдын хайрыг татдаг, юу ч болсон мишээгээд л явдаг хачин уужуу эр хүний дүр үзэгчдийн сэтгэлд тодхон. Энэ дүрийг амилуулсан хүн нь Д.Алтангэрэл хэмээх эрхэм юм. Түүний дэлгэцэнд бүтээсэн хамгийн сүүлийн, бас олны хайртай жүжигчин болгосон дүр нь “Гарь магнай” киноны “молиго” Очир гэдэг.
Гансүх – Ч.Хүрэл

“Гэрлэж амжаагүй явна” киноны Гансүхийн дүр бол яах аргагүй сайхан монгол залуугийн төлөөлөл билээ. Киног үзсэн хэн бүхэн Монгол эрийн шулуун шударга бахдам шинжийг эргэцүүлэх буй.
Ч.Хүрэл 1981 онд үзэгчдийн хүртээл болсон “Гэрлэж амжаагүй явна” кинонд уурхайн инженер Гансүхийн дүрийг бүтээсэн билээ. Ж.Бунтар найруулагч “Гэрлэж амжаагүй явна” кинондоо их сайхан биетэй, хаанаасаа ч сайхан харагддаг болохоор нь яам руу орж байгаа, хонгилоор явж байгаа дүрсүүдийг биеийг нь бүтнээр нь оруулж авсан гэлцдэг. Жүжигчин Ч.Хүрэл их өндөр, том биетэй хүн байж. Тэрбээр өөрийнхөө хуучны жүжигчидтэй хамтарч ажилласан Монгол кинонуудаа үздэггүй байсан тухай дурсамж бий.
Тус кинонд хамтран тоглосон МУГЖ Н.Батцэцэг “Гэрлэж амжаагүй явна” киноны төгсгөлийн хэсгийн зургийг хамгийн эхэнд нь авахуулсан юм. Нэлээн тоглолттой тийм хэсэг байсан. Тэгэхэд Хүрлээ ахын одоо өөдөөс нь хараад тоглолтыг хийхэд их балмагтаж байлаа. Уг хүн бол их сайхан зантай, хүнд их түшигтэй, өөрийнхөө хийж байгаа юмыг жин тан хийчихдэг жүжигчин байсан юм шүү дээ. Сэтгэл догдлом, хамгийн бэрх тоглолтуудыг үзүүлж чадсан жүжигчин. Ер нь дэлгэцэд энэ байна аа гээд үзүүлээд, харуулахаар биш, хүнд харагддаггүй хэрнээ харуулах ёстой тийм тоглолтууд гэж байдаг. Үүнийг их сайхан үзүүлж, Монголын киноны баялаг санг чимж чадсан хүн дээ” гэсэн байдаг.
Сантехникч Санги – Г.Адилбиш

Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшиж үлдсэн “Мартагдсан дууль” киноны сайхан сэтгэлт Сангийн дүрийг мэдэхгүй хүн үгүй. 1989 онд бүтээгдсэн тус бүтээлд ээжийгээ ажилд явсан хойно гэртээ ганцаар үлдэх бяцхан охин Жаргалмаа, сантехникийн слесарь Санги нарын гайхалтай нөхөрлөлийг харуулдаг нь одоо ч бидний сэтгэлд тодхон. Уг киноны сайхан сэтгэлт залуугийн дүрийг жүжигчин Г.Адилбиш бүтээсэн байна.
Жаргалмаа охиныг гэртээ байх үед нь орон сууцны засварчин Санги ирж, усны хоолой засах зуур ганцаар уйдсан охин түүнд өөрийн зурсан зургаа үзүүлэн тэд танилцана. Ээлжит үзлэгийн үеэр ээжтэй нь дайралдаж тэр хоёр эртний танилууд болох нь мэдэгдэхэд Дуламсүрэн охиноо түүнд дасгахаас дургүйцнэ. Санги Дуламсүрэнд сайн байсан боловч Дуламсүрэн түүний сэтгэлийг ойлгоогүй өөр хүнтэй ханилан сууж, охин төрүүлсэн хэдий ч аз жаргал эдэлж чадалгүй охинтойгоо хоёулаа амьдардаг байлаа. Энэ бүхнийг харж сэтгэлдээ Дуламсүрэнг хайрласаар яваа Санги охиноор нь дамжуулан ойртон дотносохыг хүснэ. Гэвч амьдрал Сангийн бодсоноор болсонгүй. Хүн хүндээ дасан хайрлаж байсан бүхнээсээ хагацан салахын гашуун үнэнийг тус кинонд өгүүлдэг билээ.
Үргэлжлэл бий…