Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэд дараах зүйлийг анхаарна

0
64

Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд тус эрт илрүүлэг үзлэгийг бүтэн жилийн турш зохион байгуулах юм. Тэгвэл үзлэгт хамрагдах иргэд дараах зүйлийг анхаарах шаардлагатайг НЭМГ-аас зөвлөлөө.

Түүнчлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн чих, хамар, хоолойн ахлах зэргийн эмч Ц.Цагаандарь: Цусны болон биохимийн шинжилгээ, сахар, тэмбүү, ХДХВ, гепатит В,С-ийн шинжилгээ өгөхдөө долоо хоногийн өмнөөс өөх тостой хоол идэхгүй, өөх тос бууруулах эм хэрэглэхгүй байна. Учир нь энэ нь шинжилгээний үр дүн зөв гаргахад нөлөөлнө.

Мөн шинжилгээ өгөхөөс гурав хоногийн өмнө витамин С буюу аскорбины хүчлийг хэрэглэхгүй байх бөгөөд шинжилгээ өгөхөөс нэг хоногийн өмнө шар лууван, жүрж, өөх тос, халуун ногоо ихтэй хоол идэхгүй байх нь зүйтэй. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхгүй, биеийн хүчний хөдөлмөрийг хэтрүүлэхгүй, эм тариа ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоогоод шинжилгээгээ өгөх хэрэгтэй. Зүү төөнүүр тавиулах, рентген шинжилгээг хийлгэхгүй байх нь зүйтэй. Онц шаардлагагүй бол эм уухгүйгээр шинжилгээ өгвөл үр дүн нь зөв гарна.

Улаан хоолой, ходоод дурандуулахын өмнөх өдөр 19 цагаас хойш хоол идэхгүй. Хоол удаан шингэдэг, шингэц муутай бол 14-15 цагийн орчмоос хоолоо сойх нь зүйтэй байдаг. Шинжилгээ өгөхдөө өлөн ирэх бөгөөд ус уухгүй. Мөн цагаан идээ идэхгүй, тамхи татахгүй, бохь зажлахгүй, эм уухгүй.

Умайн хүзүүн эсийн шинжилгээг 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд гурван жилд нэг удаа хийгдэг. Шинжилгээг хийлгэхдээ долоо хоногийн өмнөөс үтрээгээр лаа, бусад эмийн бодисыг хийхгүй. Хоёр хоногийн өмнөөс угаалга хийж, үнэр дарах цацлага хэрэглэхгүй бөгөөд бэлгийн харьцаанд орохгүй байх нь зүйтэй. Сарын тэмдгийн үед шинжилгээг өгч болохгүй бөгөөд дууссанаас тав хоногийн дараа шинжилгээ өгөх боломжтой.

Хэвлийн хэт авиан шинжилгээгээр элэг, цөс, нойр булчирхай, бөөр, дэлүү, түрүү булчирхайн үйл ажиллагааг үздэг. Энэ шинжилгээг хийлгэхээс гурав хоногийн өмнө хэвлийд хий их үүсгэх хоол хүнсийг багасгана. Оношилгоог хийлгэх өдрөө өлөн байх бөгөөд давсаг шээстэй байна. Мөн дурангийн шинжилгээг хийлгээгүй байх хэрэгтэй. Учир нь энэ үед хий их үүсдэг” гэдгийг хэлж байсан юм.