“Өсвөр насны сэтгэл зүй ба нойр” сэдвээр СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор мэдээлэл өглөө.
Нойрны асуудалтай хүмүүсийн талаар хийсэн судалгаануудын талаар эхлээд танилцуулна уу?
Нойр бол хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл юм. Бид нойрны тусламжтайгаар урьд өдөр нь алдагдсан эрч хүчээ нөхөж, маргаашийг үр бүтээлтэй, амжилттай өнгөрүүлдэг. Нойр нь бие сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалах энергийн эх үүсвэр болдог. Гэтэл өнөөгийн нийгэмд хүмүүс нойроо хагаслан ажиллаж хөдөлмөрлөх, мөн буруу дадлаасаа болж нойрны өртэй амьдарч байна.
Олон улсад хийгдсэн судалгаагаар жилд 64 сая хүн нойрны асуудлаар шаналж байгаа нь тогтоогджээ. Мөн хангалттай унтаж амарсан хүнтэй сайн унтаж амраагүй хүмүүсийг харьцуулахад ажиллах хурд 14 хувиар буурсан, алдаа гаргах магадлал нь 24 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байдаг. Ерөнхийдөө гурван хүн тутмын нэг нь ямар нэг нойрны асуудалтай байна гэсэн үг.
Хүн хангалттай сайн унтаж амрахгүй байх нь биед ямар өөрчлөлтийг авчрах вэ?
Хүн хангалттай сайн унтаж амарснаар тархины үйл ажиллагаа, зүрх судасны систем, дархлаа, даавар, хоолны дуршлын зохицуулгууд хэвийн ажиллах нөхцөл бүрддэг.
Харин хангалттай унтаж амрахгүй бол олон сөрөг нөлөө гарна. Тухайлбал тархины үйл ажиллагаа муудсанаас ой тогтоолт, анхаарал төвлөрөлт буурна. Мөн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар буурснаас стрессийг давах чадвар багасаж, амархан уурлах, бухимдах, цочромтгой болох шинжүүд илэрнэ. Яваандаа энэ нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд хүргэдэг.
Цаашлаад зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдсанаас артерийн даралт ихсэх, халдварт өвчин өртөмтгий болох, мөн хавдар тусах эрсдэл нь хүртэл нэмэгддэг.
Хэдэн насны хүмүүст нойрны асуудал элбэг тохиолдож байна вэ?
Нойргүйдэл нь бүх насныхны анхаарах хэрэгтэй асуудал болсон. Эд ажил хөдөлмөр эрхлэх насны буюу 18-64 насныхны дунд нойртой холбоотой асуудал нилээд өндөр хувьтай байгаа юм.
Үүнтэй адил сүүлийн үед өсвөр насныхны дунд ч нойрны асуудал элбэг тохиолдож байгаа. Өсвөр насны хүүхдүүд маань нойр муутай явснаас болж хичээл номдоо анхаарах нь буурах, сэтгэл хөдлөл нь тогтворгүй болох шинж тэмдэг илэрнэ. Мөн танин мэдэхүй, суралцахуйн үйл ажиллагаа нь алдагдсаар байдаг. Ихэнх нойрны асуудалтай өсвөр насныханд толгой болон хэвлийн шалтгаан нь тодорхойгүй өвдөлт илэрдэг гэсэн судалгаа бий.
Хангалттай сайн унтаж амрахын тулд юуг анхаарах вэ?
Эрт унтаж хэвших. Ер нь хүний унтаж амрахад хамгийн таатай цаг нь оройн 21-ээс өглөөний 07 цагийн хооронд байдаг. Хэдийгээр цаг чухал ч унтахад орчин их чухал. Аль болох дуу чимээ хязгаарласан чимээгүй орчинд унтах нь сайн бөгөөд болохгүй бол чихний бөглөө хэрэглээрэй.
Түүнчлэн гэрлийг багасгах хэрэгтэй. Хүн аль болох харанхуй орчинд унтвал сайн бөгөөд гэрэлтэй бол тархи унтах болоогүй гэдэг дохио авдаг. Үүнээс болоод унтахад шаардлагатай мелатонин даавар цусанд ялгарах боломж нь буурч эхэлдэг.