Ард түмний бахархал болсон алтан үеийн дуучид

0
481

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа ард түмний бахархал болсон алтан үеийн дуучдыг онцолж байна. Уран тансаг хоолой, яруу сайхан аялгуу нь хэзээ ч давтагдашгүй тэднийг мартах учиргүй билээ.

Намжилын Норовбанзад 

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин тэрээр долоон настайгаасаа дуулж эхэлжээ. Н.Норовбанзад гуай 1940 онд Дэлгэрцогт сумын бага сургуульд есөн настайдаа элсэн орсон байна.

1942 онд түүний аав нь нас барж, 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нийслэлд ирж сайн дурын уран сайханчаар ажиллах болжээ. Н.Норовбанзад гуай “Идэр жинчин” гэж уртын дуу 15 настайдаа дуулж их урлагт хөл тавьсан гэдэг. Түүний аавыг Дамдин гэдэг боловч тэрээр ээж Намжилаар овоглодог байжээ.

Тэрээр Монгол ардын уртын дууны охь болсон “Сэрүүн сайхан хангай”, “Уяхан замбуу тивийн наран”, “Эртний сайхан”, “Дөмөн”, “Энх мэндийн баяр”, “Хэрлэнгийн барьяа”, “Түмэн эх”, “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал сайхан”, “Бор борын бялзуухай”, “Саруул тал” зэрэг олон сайхан дуунаас гадна монгол ардын богино дуу “Баян Монгол”, “Үхэрчин хүү”, “Үлэмжийн чанар”, “Манарч байгаа шил”, “Ганган хар морь”, “Гоолингоо”, “Ян тайван гөөгөө” зэрэг дуунуудыг дуулж олон түмний сонорыг мялааж байв.

“Сэрүүн сайхан хангай” дуу нь түүний дуулснаар ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд ард түмний дунд хамгийн алдаршсан дуу нь “Уяхан замбуу тивийн наран” билээ. Н.Норовбанзад гуай 1957 онд Москва хотноо болсон дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль, 1993 онд Японы Фүкүокагийн “Азийн соёлын шагнал”-ыг хүртэж байсан түүхтэй.

Хорлоогийн Уртнасан

“Монголын сонгодог урлагийн ноён оргилын нэг, дуурийн хатан хаан, ХХ зууны манлай дуучин” хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн энэ эрхэм найман хүүхэдтэй айлын ууган охин болон 1945 онд Улаанбаатар хотод мэндэлж, Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсчээ.

Монголын радиогоор “Ардын дуу бүжгийн чуулгад дуучин элсүүлж авна” гэсэн зарлалын дагуу дуучин болохоор эргэлт буцалгүй шийдэж, 1959 онд  “Би дуучин болно, шалгалт өгнө” гэхэд ээж нь охиныхоо шийдвэрийг дэмжихийн сацуу үхэр тэргэнд суулгаж аваад хотод ирж шалгалтыг нь өгүүлсэн юмсанж. Охиноос шалгалт авсан хүн нь малын саравчинд нэрийг нь мянгантаа зарлуулж, орлон тоглож явсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Д.Мяасүрэн нар байсан гэдэг. Ийнхүү түүний авьяас билиг, хүсэл зоригийг нь үнэлснээр амжилтын үүд хаалга нээгдэв.

Тэрээр 1963-1964 онд УДБЭТ-т дуучнаар ажиллаж, Г.Хайдав багшийнхаа студид Д.Баадайжав, Т.Насанбуян нарын хамт анхны дээд мэргэжил эзэмшсэн 12 дуучны нэг болсон байдаг. Улмаар 1968 оноос Цэргийн дуу бүжгийн чуулгын  дуучин болов. 1970 онд  Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцах завшаан тохиож, хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд УДБЭТ-ын гоцлол дуучнаар хуваарилагдлаа.

Ийнхүү УДБЭТ-ын гоцлол дуучнаар 23 жил ажиллахдаа Монголын тайзнаа тавигдсан үндэсний болон дэлхийн сонгодог 20 шахам дуурийн гол дүрийг бүтээжээ. Ид дуулж байх эгшиглэнт он жилүүдэд нь түүнийг уриагүй үлдсэн театр, зохиолоо өгөөгүй хөгжмийн зохиолч байгаагүй гэдэг.

Зууны манлай  дуучин тэрбээр зөвхөн чадварлаг дуучин төдийгүй  сайн найруулагч, шилдэг сурган хүмүүжүүлэгч билээ. Тэрээр  1984 онд Б.Ямпиловын “Шидэт ваар”, 1991 онд Дж.Пуччиний “Чио Чио Сан”, 2002 онд Д.Лувсаншаравын түүхэн “Хар Хорум” дуурийг найруулан тайзнаа амилуулсан төдийгүй  “Хар Хорум” дуурийг анх удаа Хархоринд тоглож байжээ. 

Мөн тэрбээр “Сэтгэлийн дуудлагаар”,  “Амьдралын цуурай” гээд хоёр ч кинонд  дүр бүтээж амжсан байдаг. Түүний бүтээсэн дүрүүд нь дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны  Х  их наадмын тэргүүн байрыг эзэлж, Москвагийн “Большой” театрт алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн дараа уригдаж дуулсан анхны эмэгтэй дуучин  болсон  юм. “Большой” театрын гоцлол дуучин  С.Маслов “Оросын өлгий нутаг Шаляпинийг төрүүлсэн-Таныг Монгол. Тантай хамтран дуулагч болоод Их театрын сонсогчид хамт шүү” хэмээн Уртнасан гуайн бүтээсэн дүр болоод хичээл зүтгэлийг үнэлж байв.

Авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, 1976 онд 31  насанд нь Монгол Улсын гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 2000 онд “Зууны мэдээ”  сониноос уншигчдын дунд явуулсан  санал асуулгаар  ХХ зууны  шилдэг эмэгтэй дуурийн дуучин хүндэтгэлийг хүртээсэн юм.

Гомбын Түмэндэмбэрэл

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул тэрээр БНМАУ-ын Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин юм. Ардын болон зохиолын 400-аад дууг эзэмшсэнээс 200 орчим дууг тайзнаа дуулжээ. 

Г.Түмэндэмбэрэл гуай дээрх олон дууг эгшиглүүлэн амьдруулахдаа ардын дууны шилэлт, сонголтыг зөв хийж дуулах ур дүйн хэлбэрийг бий болгож, түүний намба төрх, уран нугалаа, өнгөний айзам хэмнэлийг баяжуулан хөгжүүлж, түүнд эрдэнийн сайхан шигтгээ суулган уран тансаг болгон өвөрмөц, давтагдашгүй хоолой зөөлөн аялгуугаар дуулдаг байсан. Ийнхүү үзэгч, сонсогчдыг уянгын ертөнцөд нэвтрүүлж чаддаг увидасыг эзэмшсэн урлагийн нэрт мастер байв. 

Тэрээр дэлхийн 10 гаруй оронд өөрийн орны соёл, урлагийг сурталчилсан төдийгүй Вьетнам, Лаос улсуудын төрийн дээд шагнал, Вьетнам улсын нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдөж байжээ. Г.Түмэндэмбэрэл олон залуучуудыг дуулах эрдэмд сургаж “Түмээ багш”, “Ээж” гэж шавь нартаа хайрлагдан хүндлэгдсэн нэгэн байв.

Түүний дуулж амьдруулсан “Хөх торгон дээл”, “Хувирашгүй сэтгэл”, “Бүсгүй хүний заяа”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Цэнгэлийн хур”, “Эх орон минь тандаа баярлалаа”, “Урсгал тунгалаг Тамир”, “Түвшин жаргалтай бүсгүйчүүд” зэрэг олон сайхан дуунууд ард түмний сэтгэл зүрхэнд түүний өнгө эгшиг, намба аясаар шингэн тогтсон билээ.

Пэлжээгийн Адарсүрэн 

Ард түмний бахархал, хайртай дуучин П.Адарсүрэн 1942 онд  Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт төржээ. Түүнийг Хятад-Монголын хил дээр шифрлэгч-радистаар ажиллаж байхад нь БНХАУ-ын төлөөлөгчид “П.Адарсүрэнг их гоё дуулдаг гэсэн, бид нарт зориулаад сайхан ая бариад өгөөч” гэж хүссэн аж. Ингээд тэрээр хятадын ардын дуу болох “Дорно зүгээс нар мандаж байна” дууг маш сайн дуулжээ. Гэвч энэ үйл явдал НАХЯ-ны анхааралд өртсөнөөр Мао Зе Дуны үзэл санааг дэмжигч гэсэн улс төрийн хэлмэгдэлд өртөөд халагдаж, цэргийн амьдралаар явах зам үүд нь хаагдсан гэх түүх бий.

Дараа нь Ховд аймгийн Булган суманд “Цаг уурын станц”-д ажиглагч хийж байгаад 1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубийн эрхлэгчээр ажиллан, «Гэр ахуйн модны хоёрдугаар артель»-д зураачаар ажиллахын зэрэгцээ Гадаад худалдааны яаманд харьяалагдах «Хоршоолол» нийгэмлэгт самбо, чөлөөт бөхөөр хичээллэв.

Улмаар 1971 оны 11-р сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан Бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч медальт байранд орсон байна.

Түүний намтарт ямар ч төрийн том гавъяа, шагнал авч байгаагүй ч 2021 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор Цагаанхайрхан сумын Соёлын төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгох тогтоол гарсан гэдгийг онцолжээ.

Дагийрагчаагийн Банзрагч

Д.Банзрагч нь ардын болон зохиолын олон сайхан дууны урын сантай бөгөөд “Гарын арван хуруу”, “Гайхмаараа”, “Эрүү цагаан болжмор”, “Дөрвөн уул”, “Цэцэг нуур”, “Наран эрдэнэ эх орон”, “Таван булгийн төлчин”, “Хөдөө нутаг сайхан”, “Ариун цагаан хөдөлмөр”, “Сансарт хүртэл дуудлаа”, “Намрын хонгор салхи”, “Алтан шар зам”, “Саальчин бүсгүй” зэрэг 200 гаруй дууг амилуулан дуулсан юм.

Дагийрагчаагийн Банзрагч нь 1936 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн бөгөөд 1964-1966 онд ХБДС-д оройгоор суралцаж 7-р анги төгсжээ. Мөн 1975-1978 онд Марксизм-Ленинизмийн их сургуулийг төгсөж 1961-1965 онд Барилгын авто тээврийн 1-р баазад жолооч хий байгаад 1965 оноос эхлэн тухайн үеийн УАДБЧ / Үндэсний Урлагийн Их театрт/ дуучнаар ажиллах болжээ.

Тэрээр ЗХУ, БНАГУ, БНУАУ, БНСЧСУ, БНПАУ, БНСВУ, Азербайджан, БНХАУ, Лаос, Кампучи зэрэг улсуудад эх орноо төлөөлөн урлагийн тоглолтод оролцож, өөрийн уран бүтээлээрээ дуучин УГЖ Д.Самбуу, бүжигчин Ц.Чимэдцэрэн нарын хамт тайлан тоглолтоо хийж байв. Д. Банзрагч нь 1973 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор шагнагджээ.