БНХАУ-д өдөрт 5,000 гаруй хүн ковидоор нас барах магадлалтай

0
135

Энэ долоо хоногийн нэг өдөр Хятад даяар 37 сая орчим хүн коронавирусийн халдвар авсан байж болзошгүйг Блүүмбэрг агентлаг өчигдөр мэдээлжээ.

Лхагва гарагт болж өнгөрсөн Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооны хаалттай хуралдааны тэмдэглэлийг тус агентлаг олж авснаа ийнхүү мэдээлсэн байна.

Нийтдээ арванхоёрдугаар сарын эхний 20 хоногт Хятадын хүн амын 18 хувь буюу 248 сая хүн халдвар авсан гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа ажээ.

Цар тахалтай тэмцэх “тэг ковид” стратегиасаа татгалзсанаас хойш сар хүрэхгүй хугацаанд Хятад улсад коронавирусийн халдварын томоохон давлагаа дэгдээд байгаа.

Пүрэв гарагт эрүүл мэндийн мэдээллийн Airfinity компанийн гаргасан тооцооллоор Хятадад одоо өдөрт 5,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас барж, хамгийн багадаа нэг сая гаруй хүн халдвар авч байх магадлалтай байна.

Тус компанийн дүгнэлтээр бол энэ удаагийн давлагааны үеэр нийтдээ 1.3 саяас 2.1 сая хүн амиа алдах магадлалтай гэнэ.

Гэхдээ дээрх тооцооллоос Хятадын эрх баригчдын зарласан албан ёсны тоон мэдээлэл нэлээд хэмжээгээр зөрж байгаа.

Тухайлбал Пүрэв гарагт тус улсад 4,000 хүрэхгүй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг ч хүн нас бараагүй гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Хятадын эрх баригчдын зарлаж буй тоон мэдээллийн найдвартай байдал олон улсын хэмжээнд санаа зовоосон асуудал болоод байна. Тухайлбал АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярихдаа цар тахлын бодит мэдээ мэдээллээ “нээлттэй, ил тод” байлгахыг уриалжээ.

Хятад улсын хүн амын 90 хувь вакцинжуулалтад хамрагдсан гэж байгаа ч өндөр настнуудын хувьд хувь хэмжээ харьцангуй бага байна. Тухайлбал албан ёсны тоо баримтаас үзвэл 80-аас дээш настнуудын хувьд бүрэн вакцинжуулалтын хувь хэмжээ 57.9-аас хэтрэхгүй байгаа юм.

Энэ долоо хоногт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “тэг ковид”-ийн хоригууд цуцлагдсан цагаас хойш Хятад улс эмнэлгүүдийнхээ ачааллын талаар тоон мэдээлэл өгөөгүйг мэдээлжээ.

Энэ нь Бээжингийн эрх баригчид өвчлөлийн тоо баримтыг нэгтгэж дийлэхгүй байгаатай холбоотой байж болзошгүй гэж ДЭМБ дүгнэсэн байна.

Саяхан ямар тохиолдолд хүнийг Covid-19 өвчнөөр нас барсан гэж үзэх стандартаа Хятадын засгийн газар шинэчилсэн юм. Үүний улмаас нас баралтын тоо хэмжээ өмнө зарладаг байснаасаа нэлээд зөрөх төлөвтэй байна.