10 баримт: “Anuxai’s fitness show”-ны оролцогч, залуу жүжигчин Д.Оюунзул

0
525

ТВ8 телевиз, Fitness Agency хамтран эхлүүлсэн “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн оролцогч, залуу жүжигчин Ж.Оюунзулыг 10 баримт буландаа онцолж байна.

Нэг. Д.Оюунзул багаасаа л хурц тод хэллэгтэй, шүлэг уншиж, дуулж, бүжиглэх дуртай хүүхэд байжээ. Тэрээр жаахан охин байхаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд дөрөвдүгээр ангиа төгсөхдөө сургуулийнхаа бүх дугуйланд явдаг, тэмцээн, уралдаан хөтөлдөг байж.

Хоёр. Тэрээр зургадугаар ангидаа драмын дугуйланд явж эхэлсэн бөгөөд МҮОНТВ-ийн хүүхдийн редакцид хөтлөгч хийж байв.

Гурав. Д.Оюунзул СУИС-ийн жүжигчний ангийг гавьяат жүжигчин Лайхансүрэнгийн Лхасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Найдангийн Ганхуяг нарын удирдлага дор суралцаж 2010 онд төгсжээ. Л.Лхасүрэн багшийг “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр Монголын ард түмэн андахгүй мэдэх билээ.

Дөрөв. Тэрээр хамгийн анхны дүрээ “Сэрүүн хасын нууц” жүжигт бүтээжээ. “X-ТҮЦ” продакшны тавьсан тэрхүү хятад жүжигт бага эхнэрийн дүрийг бүтээсэн байна.

Тав. Үүний дараа тэрээр “Black box” театрт ажиллах болжээ. Энэ тухайгаа “Сургуулиа төгсөөд театрт орж чадаагүй, тогтсон ажилгүй, уран бүтээлд ч тоглоогүй. Би бусад хүүхдүүдийг бодвол оюутан байхдаа телевизийн нэвтрүүлгээр олонд танигдчихсан байсан. Гэхдээ бусдаас онцгой царай зүс, бие хаа, ялгарах гоц авьяасгүй гэж өөрийгөө боддог, өөрийнхөө үнэ цэнийг ч бүрэн мэдэхгүй, зөв үнэлж ч сураагүй тийм л үеийг туулж байв. Нэг талаас шар хор хөдөлж, нөгөө талаас маш их шаналсан. “Вlack box” театрт аавыгаа тэнгэрт дэвшисэний дараахан орж таарсан. Тухайн үед болсон үйл явдлууд тэгж давхцсан нь энэ театрт орох, театрын агаарт уусан нэгдэх нөхцөл бүрдэхэд их нөлөөлсөн гэж боддог. Хүн харахад годгоносон, нүүрээ будсан охин байсан байх. Гэхдээ миний дотоод сэтгэл маш их тээштэй байсан. Би яг л буруу замаар яваад байгаа ч юм шиг санагдаж явсан үедээ энэ театрт ирсэн дээ” хэмээн ярьсан нь бий.

Зургаа. Д.Оюунзул “Ах дүүс” кинонд рок охины дүрд, “Бардо” кинонд завсрын ертөнцөд хоригдсон сүнсний дүрд, “Миний ахын эхнэр”“Эр хүн болгож өгөөч”, “Боловсрол” телевизийн “Гэрлэн дохио”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” кинонуудад тус тус тогложээ.

Долоо. Д.Оюунзул 2015 оны “Гэгээн муза-12” олон улсын наадмаас Моно жүжгийн төрөлд “Хүний дуу хоолой” жүжгээр шилдэг эмэгтэй жүжигчин, 2018 оны “Гэгээн муза-15” наадмаас Драмын жүжгийн төрөлд “Годог хүлээхүй” жүжгийн  Владимирын дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэж байсан уран бүтээлч юм.

Найм. Түүний халамжит ханийг н.Од гэдэг бөгөөд тэд хоёр хүүхэдтэй юм.

Ес. Anuxai’s fitness реалити шоуны 2-р улирлын ялагч 20.000.000 төгрөгийн эзэн болно. Д.Оюунзул өөртөө хувьсал хийн, 45 хоногийн хугацаанд уг шоунд оролцсон билээ. Шоуны ялагч хараахан тодроогүй байгаа бөгөөд хоёр хоногийн дараа тодруулах юм. Тэрээр шоуны хугацаад 7,3 кг жин хасаж чаджээ.

Арав. Д.Оюунзул “Oyunzul’s drama class” нэртэй хөтлөгч, жүжигчин, англи хэл хосолсон сургалтын төв ажиллуулдаг байна.