No menu items!
HomeНом ярьяД.Гансаруул: Бестселлер гэгддэг л номуудыг битгий уншаарай

Д.Гансаруул: Бестселлер гэгддэг л номуудыг битгий уншаарай

-

Энэ удаагийн “Ном ярья” булангийн маань зочноор Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул оролцлоо.

-Танд ширээний ном гэж байдаг уу?  Ширээний ном тань юу вэ?

– Жалчингийн Заяабаатарын “Хайртыгаа битгий мартаарай” ном миний ширээний ном байсан. Арван жилийн сурагч байхаасаа л энэ номыг эргүүлж, үнэнч хайр, хүлээлтийн тухай уншиж, заставын амьдралыг төсөөлдөг байлаа. Ямартай ч энэ ном намайг бодит оршихуйгаас холдуулж чаддаг байсан юм. Хотод оюутан болж ирээд удаагүй байхдаа найздаа уншуулсан биш дахиж “Хайртыгаа битгий мартаарай” номоо олж хараагүй дээ. Буцааж надад өгөөгүй. Би тэр номыг номын худалдаанаас эрж олоод худалдаад авч болох ч тэр л номоо одоо ч “хүлээдэг”.

– Яагаад ширээний номоороо сонгох болсон бэ?

-Шилжилтийн нас, анхны хайр, хонхны баяр, найзуудын урвалт, ганцаардал дунд “Хайртыгаа битгий мартаарай” ном намайг тайвшруулж, “Өөр орчин, өөр хүмүүс, гэгээн хайр байдаг, үнэнч сэтгэл гэж байдаг юм шүү” гэдгийг мэдрүүлсэн. Тийм эмзэг үедээ энэ номыг олсон л доо. Тухайн үед дэлхийн сонгодог зохиолуудыг уншдаг байсан. Гэтэл Монгол зохиолчийн ном намайг хүчтэй татсанд гайхаж билээ. 

-Одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Стиг Ларсоны хоёр цувралыг эхлүүлсэн ч өөрийн фэйсбүүк хуудаст өгүүллэг цувралаар бичиж байгаа болохоор уншихаа түр хойшлуулчихаад байна. “Үлгэрийн далай” Буддын сургаалт үлгэрүүд, Агата Кристигийн цувралуудыг мөн түр завсарлуулчихаад байна. 

-Та хамгийн анх ямар ном уншиж байсан бэ? 

-Ёстой гоё асуулт байна. Л.Түдэв гуайн “Оройгүй сүм”. Хичээлээ тарангуутаа Төв аймгийн Төв номын санд очиж уншдаг байлаа. Номын санч эгч “За, миний дүү оройтчихлоо. Одоо хоёулаа харих уу даа. Гэр холыг ч хэлэх үү” гэнэ. Ямартай ч хичээлээ тарж номын санд очиж шимтэн байж уншсан хамгийн анхны ном маань тэр. 

-Таны хувьд  хамгийн үнэ цэнтэй ном? 

-2007 онд гаргасан туурвилзүйн “Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” ном минь. Миний анхны ном. Аав минь энэ номыг хэвлэхэд надаас ч илүү баярлаж, чадлаараа дэмжиж билээ. Энэ бол аав, бид хоёрын ном. Аав минь миний хамгийн хайртай, дотны найз байсан. Тийм болохоор би энэ номондоо маш их хайртай. 

-Номтой холбоотой хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцаач? 

-Манай дүү “Найзын маань ээж ном шатааж цай чанаж, хоол хийж байна” гэлээ. Би дүүгээ гуйж тэр номнуудыг авчраад өгөөч гэлээ. Дүү минь тэвэр тэврээр баахан ном авчирлаа. Хоёр хайрцаг шахуу болсон. Бүгдээрээ хавтасгүй. Голдуу арав, хорьдугаар хуудас хүртлээ байхгүй. Төгсгөл нь ч байхгүй хуучны номнууд байлаа. Тоос шороонд дарагдаад удчихсан. Би гололгүй бүгдийг нь уншив. Эхлэл, төгсгөлийг нь өөрийнхөөрөө төсөөлж төгсгөсөн. Хожим нь Утга зохиолын ажилтан мэргэжлээр сурч байхдаа тэр зун би дэлхийн сонгодгуудаас чамгүй хэдийг уншжээ гэдгээ мэдсэн. Мөн төгсгөл нь миний төсөөлснөөс огт өөр байсныг ч мэдсэн сэн (Инээв).

-Та номоо ямар арга барилаар уншдаг вэ?

-Удаан унших дуртай. Сүүлийн үед хэд хэдэн ном зэрэгцүүлж уншдаг арга барилтай болж эхэлж байна.

-Та өөрийгөө номоор төсөөлвөл /аль нэг дүрээр/? 

-Төсөөлөгдөхгүй байна аа. Триллер, детектив зохиолын номууд. 

-Та бусдад ямар ном уншихыг санал болгох вэ? 

-Бестселлер гэгддэг л номуудыг битгий уншаарай. 

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд