Н.Золбаяр: MRSA халдвар нь ихэвчлэн арьсны идээт үрэвсэл, хатги байдлаар илэрдэг

0
652

АӨСҮТ Хүүхдийн тасгийн их эмч, АУ-ны магистрант Н.Золбаяртай ярилцлаа.

– Сүүлийн жилүүдэд MRSA халдвар нэмэгдэх болсон талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна. MRSA гэж юу болох талаар эхлээд тайлбарлана уу?

– MRSA халдвар сүүлийн жилүүдэд ихсэж, ард иргэдэд ч энэ нэршил танил сонсогдож байгаа байх. MRSA гэдэг үг нь methicillin-resistant staphylococcus aures гэсэн үгний товчлол бөгөөд монголоор бол МТСА /метициллинд тэсвэржсэн стафилококк ауриус/ гэсэн үг. Стафилококк аурисийн олон эмэнд дасалтай болсон хэлбэр нь гэж ойлгож болно.

Стафилококк ауреус нь эрүүл хүмүүсийн 25-30% -д арьс, хамрын хөндийн салстад  бие махбодын хэвийн ашигтай бактериудай хамт оршдог. Ямар нэгэн эмгэг үүсгэдэггүй боловч нөхцөл бүрдсэн үед хяналтгүй өсөж үржиж эхлэхэд MRSA халдвар үүсгэгдэнэ.

MRSA нь өөрөө олон антибиотикт тэсвэржсэн супер бактерийн халдвар бөгөөд ихэнх тохиолдолд хүмүүсийн антибиотикийн замбараагүй хэрэглээнээс  үүсдэг. Тодруулбал хатги, буглаа, ханиад томуу зэрэг өвчний үед дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчийн зааврын дагуу антибиотик хэрэглэхгүй байх, эсвэл дутуу хэрэглэх зэргээс шалтгаалж MRSA халдвар нь тухайн антибиотикт дасал болж эхэлдэг. Ингээд дараа дараагийн антибиотикийг хэрэглэх үед тэдгээрт улам тэсвэртэй болоод байгаа юм.

Мөн зарим хүнд MRSA халдварын шинж илрэхгүй ч гэсэн өөрөө тээгч байдлаар бусдад халдварлуулах тохиолдол байдаг. MRSA халдвар нь ихэвчлэн арьсны идээт үрэвсэл, хатги байдлаар илэрдэг.

MRSA нь ихэвчлэн ямар замаар халдварладаг юм бэ?

– MRSA халдварыг эмнэлгийн болон эмнэлгийн бус гэж хоёр ангилдаг. Эрчимт эмчилгээний тасагт удаан хугацаагаар хэвтсэн, мэс засалын тасаг, антибиотикийн хэрэглээ ихтэй газар MRSA халдвар их байдаг.

Мөн тээгч мөртлөө өөрийгөө ч мэдэхгүй халдвар тараагаад явж байгаа хүмүүс сүүлийн үед нэлээдгүй байна. Зарим нь өөрөө мэддэг ч олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, эсвэл фитнес, саунд үйлчлүүлэх үедээ санамсаргүй бусдад халдаах нь бий. Үүнийг эмнэлгийн бус нөхцөлд тархаж байгаа хэлбэр гэж үзэж болно.

Учир нь MRSA шууд болон шууд бус байдлаар халддаг л даа. Шууд бус гэдэгт алчуур, тэр сауны гэх мэт өвчтэй хүний хүрсэн эд зүйлээс дамжиж байгаа юм. Харин шууд гэдэгт MRSA халдвартай хүнтэй гар барих, шүргэлцэх зэргээс халдаж болно. Өөрөөр хэлбэл, нэг гэр бүлийн хүмүүс бие биедээ халдвар тараах эрсдэл өндөр гэсэн үг.

MRSA халдвараас сэргийлэхийн тулд антибиотикийн хэрэглээг анхаарах хэрэгтэй юм байна. Өөр юу анхаарах вэ.

– Тийм ээ. Антибиотикоос гадна халдвар хамгааллын дэглэмийг өөрсдийн нөхцөлдөө тохируулан сайн баримтлах хэрэгтэй. Гадуур, олон нийтийн газраар яваад ирсэн үедээ гараа савандан угааж, хоолой амаа сайтар зайлаарай.

Мөн фитнесийн газрууд болж өгвөл MRSA халдвар илрүүлэх шинжилгээнд үйлчлүүлэгчдээ хамруулахыг зөвлөдөг бол сайн. Түүнчлэн гоо сайхны салонууд ч гэсэн MRSA халдвар тараах эрсдэл өндөртэй газруудад багтдаг. Тиймээс ариутгал сайн хийсэн газруудаар үйлчлүүлж байх хэрэгтэй.

MRSA нь ямар эрсдэлийг үүсгэдэг вэ?

– MRSA халдвар нь арьсны идээт үрэвсэл, хатги байдлаар илэрдэг гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл анхны шинж тэмдэг нь идээт үрэвсэл л гэсэн үг. Энэ нь арьсны өнгөц гадаргууд харагдаж байгаа ч гэсэн олон гараад, хүмүүс шахаад, оролдоод байхаар үрэвсэж, цусаар тархан үжил, үжлийн шок болдог.

Мөн дотор эрхтэнд нөлөөлж, хүндрэлүүдийг үүсгэдэг. Хүмүүс хатги л байна, долоо гардаг гээд тоодоггүй шүү дээ. Энэ нь буруу ойлголт. Олон гарна гэдэг нь тэр бактерийн идэвхжил өндөр байна л гэсэн үг.