П.Батсүх: Цэвэршилтийн өмнөх болон дараах насанд хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэж байдаг

0
185

ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүхийн хөхний хавдрын талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Хөхний хавдраар өвдөх шалтгаан, эрсдэлт хүчин зүйл нь юу вэ?

– Хөхний хавдраар өвдөх шалтгааныг хоёр ангилж болно. Нэгдүгээрт, үнэмлэхүйн эрсдэл. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн болж төрөх, нас нэмэх зэрэг нь үнэмлэхүйн эрсдэл болно. Учир нь хөхний хортой хавдрын 98-99 хувь нь эмэгтэйчүүдэд тохиолддог. Нас нэмэх тусам, ялангуяа цэвэршилтийн өмнөх болон дараах насанд хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэж байдаг.

Хоёрдугаарт амьдрахуйн эрсдэл гэж бий. Үүнд удамшлын хүчин зүйл, биеийн жингийн илүүдэл зэрэг орно. Мөн хорт зуршлын хэрэглээ эрүүл мэндэд их нөлөөлж байгаа. Стандарт тунгаар алкоголь хэрэглэхэд хөхний хавдраар өвдөх эрсдэл нэмэгддэг гэж үзэж байна. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн хөхний хавдар дахих эрсдэл байгаа гэх судалгаанууд бий. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол, туяаны нөлөөлөлд ажиллах, шөнийн ээлжинд ажиллах, дааврын эмийн нөлөө гэх мэт зүйлс ч нөлөөлдөг.

Хөхний хавдар эрэгтэй хүнд ч тохиолддог гэж ярьдаг шүү дээ.

– Ер нь бол хөхний хавдрын тохиолдлын 1-2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа. Монгол Улсад ч гэсэн адилхан. Эрэгтэйчүүдийн хувьд энэ талын мэдээлэл, ойлголт багатайгаас, тоохгүй байснаас, хөхний булчирхайн өөр эмгэгтэй андуурагдсанаас болоод төдийлөн эрт үедээ оношлогддоггүй.

– Хөхний хавдрын эрт илэргүүлэгт хэдэн наснаас эхлэн, ямар давтамжтай хамрагдах вэ?

– Дунджаар 40-70 насны эмэгтэйчүүдийг хамрагдахыг зөвлөдөг. Мөн бүс нутгийн онцлог, тохиолдлыг түвшингээс хамаараад зарим улс орон жил бүр зарим нь хоёр жил тутам үзүүлэх хэрэгтэй гэдэг.

Харин Монгол Улсын хувьд нэгдүгээрт хөхөө өөрөө шалгах аргыг зөвлөж байна. Мөн насны хувьд 40-70 насны хүмүүсийг үзүүлэхийг уриалдаг. Учир нь Монгол Улсад хөхний хавдраар өвчилсөн хүмүүсийн 80-85 хувь нь 40-70 насныхан байдаг. Энэ хүмүүсийг жил тутам хөхний хавдрын эрт илрүүлэх үзлэгт, хоёр жил тутам момографийн үзлэг хийлгэхийг зөвлөдөг.