Ж.Сүхбаатар: Түгжрэл бол бидний бодит нүүр царай

0
136

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр /2022.11.21/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, богино хугацаанд түгжрэлийг захиргааны аргаар л шийдвэрлэх боломжтой. Албадлагын арга хэрэглэхгүйгээр түгжрэлийг бууруулах ямар ч боломжгүй.

Миний ажил, албан тушаалын цар хүрээг иргэд ойлгох хэрэгтэй. Бодлогын асуудлыг хариуцсан хүний хувьд би чиглэл өгөх хэдий ч ирэх жил энэ асуудал дахин давтагдах эрсдэлтэй. Бид зам нэмж барьж чадахгүй. Тиймээс аль болох хувийн унаанаас салж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

BRT-г явуулж эхлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн дүүжин тээвэр дээр Францын талтай уулзаж, тохиролцсон. LRT төслийн тухайд нийслэлээс боломжоороо урагшлуулах байх. Мөн метро байна. Би метрог үгүйсгэдэггүй.

Түгжрэлийн нөхцөл байдал жил ирэх тусам муудах дүр зурагтай байна. Тийм учраас эхлээд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх хэрэгтэй. Түгжрэл бол бидний бодит нүүр царай. Түгжрэлийг бууруулах хүрээнд бид олон талын судалгаа хийсэн. Нэгдүгээрт, албадлагын аргаар автомашины дугаарын хязгаарлалт тогтоох, хоёрдугаарт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх. Мэдээж албадлагын арга хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа. Гэвч өнөөгийн нөхцөлд үүнээс өөр арга алга. Түгжрэл 1, 3, 5 дахь өдөр их байгаа учраас энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх хэрэгтэй. Дараагаар нь урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Би ерөөсөө зовлон ярих гээгүй. Бодит байдлыг л хэлж байна. Хэдийгээр түгжрэл бууруулах төсөв хасагдсан ч бид ажлаа чадах чинээгээр хийнэ” гэлээ.