Ц.Чинбаяр: Омикроны шинэ бүртгэгдсэн хувилбарын үед ядарч сульдах, хоолой сөөх, ханиах шинж илэрнэ

0
830

ХӨСҮТ-өөс Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, Томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Оны 44 дүгээр долоо хоногт КОВИД-19-ийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрсэн. 

Тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл “Ногоон” байгаа ч цөөн хэдэн аймагт “Шар” болсон” гэв.

Түүнчлэн тэрбээр коронавирусийн хувилбарын тандалтын талаар “48 сорьцод хувилбарын тандалт хийхэд 37 сорьцод Омикроны ВА.5.2 хувилбар илэрсэн. Мөн нэг сорьцод BF.1, таван хүнд BQ.1.2 хувилбар илрээд байна. 

BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгдсэн.

Омикроны BA5.1, BA5.2 нь бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 нь бага хувьтай илэрч байгаа ч халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Мөн супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. 

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр: Омикроны шинэ бүртгэгдсэн хувилбарын үед ядарч сульдах, нус гоожих, хоолой өвдөх сөөх, ханиах шинж илэрч байна. Энэ нь өмнө нь ковидын үед илэрч байсан шинжүүдтэй адил. Нас баралт, хүндрэлийн хувьд ч хүнд хэлбэр үүсгэхгүй, өмнөхтэй ижил байгаа.

Ийм учраас ДЭМБ-ын зүгээс вирусийн эсрэг эмчилгээг энэ үед хэрэглэх боломжтой. Вакцины нэмэлт болон сэргээх тунг хийлгэсэн хүмүүс хүнд болон нэн хүндээр өвчлөхөөс сэргийлж чадаж байна. Омикроны дэд хэв шинжүүдээр өвчилсөн хүмүүс давтан халдвар авч байгаа гэх мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар 325 хүн ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байна. Эрчим эмчилгээний тасагт зургаан хүн маш хүнд эмнэлзүйн ангилалтай хэвтэн эмчлүүлж байна. Хэдийгээр өвчлөл бага байгаа боловч эрсдэл өндөртэй хүмүүс халдвар авсан тохиолдолд хүндэрч болзошгүй.