Хууль: Малчны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан хууль хэрэгжиж байна

0
3647

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжсэнээр 2020 оноос эхлэн малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг тава. жилээр наашлуулсан зохицуулалтын дагуу 2022 оны 9 дүгээр сарын байдлаар нийтдээ 26.0 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 92.1 тэрбум.төгрөг зарцуулж дундаж тэтгэврийн хэмжээ 504.1 мянган төгрөг байна хэмээн НДЕГ-аас мэдээлэв.

НДЕГ-аас малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэе.

МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР

Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин (1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна) Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна.

Доор дурдсан нөхцөлийг хангасан малчин тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Үүнд:

  • Нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй.
  • Нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй.

Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:

  • Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа;
  • Цэргийн алба хаасан хугацаа;
  • Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа;
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;
  • 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа.

Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн … оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:

  • Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй;
  • Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл”-ийн тогтоолыг үндэслэнэ.