ХӨСҮТ: Ковидоор хүнд өвчилж байсан хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал АУ-ны магистр клиникийн профессор Ц.Чинбаяр Томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Үүний:

  • 70 гаруй хувь халуурах
  • 60 хувьд ханиалгах
  • 15 хувь хоолой бачуурах, ларингитын шинж
  • 10 хувьд бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч байна.
  • Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна.

Энтервирусийн халдвар, гар хөл амны өвчний халдвартай бага насны хүүхдүүд өвчилж байна. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай.

Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгах нь чухал ач холбогдолтой.

Ковидоор өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэлтэй. Тийм учраас ковидоор хүндээр өвчилж байсан хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна” гэв.