Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр тогтоолгосон хэрнээ давхар цалин авч буй төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлнө

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. 2023 оны Монгол Улсын төсвийн хуулийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Төсвийн хуулийг дагасан 102 хуулийн төсөл бий. Үүн дотор Улсын төсөвтэй холбоотой 18 хууль, гүйцэтгэл засаглал болон төрийн хяналт шалгалтын тухай 82 хууль дагалдаж орж ирсэн. МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсөв дагасан нийт 102 хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Төрийн албаны тухай хуульд дараах хоёр өөрчлөлтийг оруулжээ. Орон нутгийн төсвийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх төсвийг улсын төсөвт суулгасан байна. Харин 20-оос бусад хувиар орон нутгийн төсвийн боломжоор цалинг нэмэгдүүлж болох аж. 

55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгосон хэрнээ давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хуулийн төсөлд заажээ.