Б.Чойжилсүрэн: Өвлийг давж хавартай золгох хэрэгтэй

0
117

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цахилгаан эрчим хүч болон дулааны асуудлаар тодрууллаа.

Тэрээр: “2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 1240 орчим иргэдэд нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан энэ ажлын хүрээнд 19 орчим тэрбум төгрөг тусгасан. Энэ төсвийг 2023-2026 оны төсөлд цувуулан хувааж суулгахаар болсон. 2023 оноос эхлэн нөхөн төлбөр олгохоор төсөвт суулгасан. 

Улаанбаатар хотын хувьд тог цахилгаанд холбогдоогүй 14200 орчим айл өрх байна. Үүнээс 9800 орчим айл өрхүүдийг тог цахилгаантай холбохоор 2023 оны төсөвт тусгасан. Үлдсэн 4000 орчим айлд тог цахилгаан өгөх боломжгүй байна. Санхүүгийн асуудалтай байгаа учраас энэ жилд 4000 өрхөө тог цахилгаантай холбож чадахгүй байх гэж бодож байна.

Энэ өвлийн хувьд бүх зуухнууд ямар ч нөөцгүй ажиллана. Тэгэхээр хүнд өвөл болно. Сүүлийн 10 жилийн туршид манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ 5-6 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь 60-70 мигабитаар нэмэгдсэн гэсэн үг.3 жилийн дотор ТЭЦ-3 шиг цахилгаан станцыг байгуулах хэрэгтэй.  Цахилгаан эрчим хүчний хувьд шинэ шугам барьж болно. 

Юун түрүүнд өвлийг давж хавартай золгох хэрэгтэй байна. Эхний ээлжид ТЭЦ-3-ийг өргөтгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд дулааны эх үүсвэрүүдийг нэмэхээр судалгаа хийгээд явж байна” гэв.