Б.Бумдэлгэр: ХӨСҮТ элэгний дельта вирусийг илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээг нэвтрүүлнэ

0
90

“Лабораторийн шинжилгээний чанар хангалт, чанарын гадаад үнэлгээний төрлүүд, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт сургалт өнөөдөр боллоо.

Энэ үеэр 2022 оны байдлаар ХӨСҮТ-ийн үндэсний чанарын гадаад хяналтад иммунологийн чиглэлээр Хепатитын B, C вирус, ДОХ/Тэмбүүгийн үүсгэгчээр 121 лаборатори, нян судлалын чиглэлээр 63 лаборатори хамрагдсан тайлан, үр дүнг танилцуулсан юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр “ХӨСҮТ өнгөрсөн хугацаанд хепатит В, С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээ дээр чанарын хяналт явуулж байсан. Одоо бид шинээр хепатитын дельта вирусийг илрүүлэх, ачааллыг тоолох шинжилгээг үндэсний чанарын гадаад хяналтыг шинээр нэвтрүүлэх гэж байна.

Оношилгооны практикт шинээр орж ирж буй энэ үзүүлэлтүүдийн чанарын хяналтыг улсын хэмжээнд хийхийн тулд ХӨСҮТ өөрөө олон улсын чанарын хяналтын байгууллагаар мөн шалгуулан хянуулсан байх ёстой. Харин ХӨСҮТ өнгөрсөн онд ийм хөтөлбөрт хамрагдаж амжилттай үр дүн авсныг өнөөдөр танилцуулж байгаа.

Сүүлийн үед монголчуудын дунд элэгний өвчлөл өндөр байгаа. Тухайлбал, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдар зэрэг өвчнийг үүсгэх гол үндсэн суурь нь элэгний В, С вирус байдаг. Тэгвэл нэмэлтээр элэгний дельта вирусийн халдвар хавсарч авсан хүн маш хүнд хэлбэрээр, маш хурдан хугацаагаар элэгний хавдар, хатуурал үүсэх магадлалтай гэсэн судалгаа бий.

Бид өнгөрсөн хугацаанд элэгний В болон С вирусийг илрүүлээд тоолоод сурчихлаа. Харин одоо дельта вирусийг илрүүлдэг, ачааллыг нь тоолдог болох хэрэгтэй. Энэ гурван вирусийн халдварыг эрт илрүүлбэл тухайн өвчтөнд эрт арга хэмжээ авч, хүндрэлээс сэргийлж чадах юм.

Эрүүл мэндийн даатгалын газраас элэгний дельта вирусийн оношилгоонд санхүүжилт өгөхдөө олон улсын чанарын гадаад хяналтад хамрагдаж тэмцсэн байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байгаа юм билээ.

Тиймээс өмнө нь элэгний В, С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээ хийж байсан лабораториуд дельта вирусийг илрүүлэх шинжилгээг нэвтрүүлэхдээ заавал олон улсын чанарын хяналтын гадаад хөтөлбөрт заавал хамрагдах шаардлагатай.

Одоогоор ХӨСҮТ энэ шалгуурыг давсан учраас дельта вирусийн илрүүлэг, ачаалал тоолох шинжилгээг цаашид хийнэ гэсэн үг” хэмээн ярилаа.