Ц.Ариунаа: Энтеровирус, ротавирусийн халдварын үед антибиотик өгөх хэрэггүй

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа Хан-Уул эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Ц.Ариунааг урьж, энтеровирус, ротавирусийн халдварын үед анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.

– Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед энтеровирусийн халдвар эрс нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Үүний талаар эхлээд тайлбарлаахгүй юу?

– Цэцэрлэг, сургууль эхэлж, хүмүүс ихээр бөөгнөрөх шаардлага үүсэж байгаа энэ үед ханиад, томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна.Тэр дундаа ротавирусаар үүсгэгдсэн өвчлөл их энэ долоо хоногт их байна. Энтеровирусийн ч халдвараар өвдсөн тохиолдолд цөөнгүй ирж байна л даа.

Энтеровирус инфекция нь гар, хөл, амны өвчин юм. Энэхүү вирусийн гаралтай ханиадны үед халуурах шинж илэрнэ. Мөн ам, гар, хөлийн ул, гуя орчим тууралт өгдөг. Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж тохирох эм бичүүлж авах хэрэгтэй.

Харин гэрийн нөхцөлд шингэн сайн уулгах ёстой. Мөн С, Д витамин давхар өгнө. Ер нь энтеровирусийн хүндрэл нь тууралтаасаа илүү халууралтаар л тодорхойлогдоно. Эмчилгээ авсан боловч 39, 40 градус хүртэл өндөр халуураад л байвал ХӨСҮТ-д хандана.

– Ер ханиад, томуугаар ямар хүүхэд илүү өвчлөмтгий байна вэ?

– Дархлаа султай хүүхдүүд л хүнд өвдөөд байна. Тэр хүүхдүүдэд амьдралын зөв хэвшил гэдэг юм л дутуу байна уу гэж анзаарагддаг. Жишээлбэл эрт унтахгүй байна. Хүүхэд оройн 9 цаг гэхэд унтчихсан байх ёстой. Эрт унтах тусам дархлаа, өндөр болгодог бодис ялгарч байдаг.

Мөн 1000-тай Д витаминыг таслалгүй, өдөр болгон ууна. Иргэд маань Д витаминыг заавал өглөөний 10-12 цагийн хооронд уух ёстой, ингэж байж шимэгдэлт нь явагддаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш, өдөртөө л багтаад уу. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хоолыг нь өгчхөөд л уулгачих. Ямартай ч өдөр болгон таслахгүй уух ёстой. Д витаминыг тогтмол хэрэглэснээр ханиад, томуу томуу төст өвчнөөр өвдөхгүй шүү дээ. Өвдсөн ч хөнгөн тусна.

– Ротавирусиийн үүсгэгдсэн өвчлөл их байна гэлээ. Энэ талаар үргэлжлүүлэн ярилцъя. Энэ үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Өндөр халуурч, бөөлжинө. Зарим тохиолдолд суулгалт хавсарч байна. Хэрэв хүүхдэд ийм шинж тэмдэг илэрсэн бол эмчид үзүүлэхээс өмнө халуунаа буулгах шаардлагатай.

Гэхдээ халууралт нь дотроо улаан, цагаан гэж хоёр янз байдаг. Улаан халууралтын үед 38.5 хүрсний дараа халууныг буулгавал сайн. Улаан халууралтын үед хүүхдийн хоёр гар, хөл халуун, хацар нь улаан болдог.

Цагаан халууралтын үед хүүхэд 37.4, 5 хүрээд л хоёр гар, хөл нь хүйтэн болж, арьс нь эрээнтээд эхэлдэг. Энэ бол хүндрэхийн дохио тул хурдан дулаацуулах шаардлагатай. Нүцгэн биедээ тэвэрч дулаацуулаад, халууны эмийг нь өгөөд эмнэлэгт яаралтай үзүүлнэ. Түүнчлэн халуурч байгаа хүүхэд шингэнээ их алдаж байгаа учраас шингэнийг нөхөх зайлшгүй шаардлагатай.

– Шингэнийг хэрхэн нөхөх вэ?

– Бөөлжиж, суулгаж эхлээгүй байвал ус, шөл, хярам сайн өгнө. Ингэхдээ ойр ойрхон, бага багаар халуун бүлээнээр уулгана. Бөөлжөөд эхэлбэл бөөлжилтийн эсрэг эмийг эмчиийн заавраар л өгнө дөө.

Бөөлжилтийн эм уусны дараагаар ходоодны агших чанар ихсэж бөөлжилт багасна. Энэ үед нь хоол цайгаа сайн өгнө.

Ер нь бөөлжиж, суулгаад л эхэлбэл хоросол өгөх хэрэгтэй. Хоросол өгөхдөө хүүхдийн нас, жинд тааруулна. Хүмүүс ихэвчлэн буруу өгсөн байдаг. Тухайлбал, хоёроос дээш насны хүүхдэд бөөлжилт бүрийн дараа 200 мл, суулгалт бүрийн дараа 200 мл өгнө. Харин хоёроос доош насныханд бөөлжилт, суулгалт бүрийн дараа 100 мл өгнө. Ингэхдээ 5-7 минутын зайтай том хүүхдэд балгуулаад, жоохон хүүхдэд халбагаар өгөөд л явчихна.

Хэт өндөр халуураад байгаа хүүхдэд бага зэрэг сахартай ус, баахуу цай өгч болно. Учир нь хүүхэд халуурсан үед тархинд нь сахар дутагддаг. Бөөлжилт, суулгалт өгч байгаа вирусийн халдвар нь нарийн гэдгийг гэмтээдэг учраас шингэнээ заавал нөхөх хэрэгтэй.

– Амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?

– Дархлаа нь сайн байвал хүүхэд амьсгалын замын өвчнөөр өвдөхгүй. 8-9 цагт тогтмол унтаад сурчихсан хүүхдүүд ханиад хүрэх нь бага. Тиймээс эрт унтуул.

Д витамин нь амьсгалын замын өвчин, гэдэсний халдвараас сэргийлдэг тул тогтмол ууна. Мэдээж чанартай хүнс хэрэглэхийг хүнс болгон л боддог. Тиймээс хүнсэндээ анхаараарай.

Мөн зарим хүмүүс дураараа антибиотик өгчхөөд ирж байна. Энтеровирус, ротавирусийн халдварын үед антибиотик өгөх хэрэггүй, улам дархлааг нь унагаана. Хүний биеийн дархлааны 70 хувь нь гэдсэнд байдаг бөгөөд антибиотик өгөөд байвал гэдэсний ашигтай бактерийн тоо багасчихдаг. Ингээд дархлаа нь мууддаг. Тиймээс дураараа антибиотик өгөлгүй эмчид хандаарай.

– Ярилцсанд баярлалаа.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!