Алдарт жүжигчин Инна Чуриковагийн амьдралын түүх

0
1080

Инна Чурикова бол олон сайхан дүрээрээ алдартай, сая сая үзэгчдийн хайрыг татсан ОХУ-ын кино од юм. Тэрээр уйгагүй хөдөлмөр, авьяас чадвараараа ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртэж, ЗХУ, ОХУ-ын төрийн шагналын эзэн болжээ.

Түүнийг бид энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Намтар

Жүжигчин 1943 оны 10-р сарын 5-нд Башкир улсын Белебей хотод төрсөн. Түүний гэр бүлд урлагийн хүн байдаггүй бөгөөд аав Михаил Кузьмич нь агрономич, ээж Елизавета Захаровна агрохимич, хөрс судлаачаар ажиллаж байжээ.

Чурикова хүүхдийн зусланд амарч байхдаа анх удаа тайзан дээр гарч, жүжигт бага зэргийн үүрэг гүйцэтгэсэн байна. Гэхдээ тэрээр үүнээс хойш жүжигчин болохыг мөрөөдөж эхэлжээ. 9-р ангид байхдаа Инна Константин Станиславскийн нэрэмжит театрын театрын студид элсэн орж, Зөвлөлтийн агуу жүжигчин Лев Елагинаар хичээл заалгах болж.

Сургуулиа төгсөөд Чурикова хэд хэдэн театрын дээд сургуульд шалгалт өгөв. Тэрээр Щепкинское, Москвагийн урлагийн театрын сургуулиудад шалтгал өгсөн боловч тэнцээгүй байна.

Харин эцэст нь Щукины сургуульд шалгалтаа амжилттай өгснөөр элсэн орж, улмаар 1965 онд сургуулиа онц дүнтэй төгссөн юм.

Театр

Чурикова 1965 онд сургуулиа төгсөөд алс холын Камчаткийн театрт томилогдсон боловч түүний ээж нь зөвшөөрөөгүй юм. Тэрээр цорын ганц охиноо Москвад үлдээхийн тулд бүхий л чадлаа дайчилсан гэдэг. Харин Чурикова Москвагийн театруудад шалгуулж, Сатирын театрт орохыг хүсжээ.

Гэхдээ Иннаг тэнд аваагүй тул М.Н.Ермоловагийн театрт ажиллах болсон байна.

Тэрээр анхандаа хүүхдийн, бүр Баба Яга, амьтны дүрд тоглодог байв. Харин нэгэн удаа “За тюремной стеной” хэмээх сэтгэл зүйн жүжигт тоглосноор театр шүүмжлэгчид түүнийг анзаарчээ.

Чурикова театрт 3 жил ажилласан бөгөөд дараа нь театрын жүжиг, тоглолтод хааяа оролцож, түлхүү кинонд тоглодог болов.

Цаг хугацаа өнгөрөхөд Инна театрын урдаа барьдаг жүжигчдийн нэг болжээ.

Кино

Чурикова оюутан байхдаа анхны кинондоо тоглосон. 1960 онд түүнд Василий Ордынскийн “Тучи над Борском” хэмээх кинонд тоглох санал ирсэн байна.

Харин тэрээр 1964 онд ОХУ төдийгүй олон оронд алдаршсан “Морозко” хэмээх үлгэрийн киноны Марфушагийн дүрд тоглож, энэ үеэс олонд танигдаж эхэлсэн юм.

Анх энэхүү дүрд Тамара Носоваг тоглуулах гэж байсан боловч найруулагчид Чуриковагийн хүсэл эрмэлзэл илүү таалагдсан гэдэг.

Чурикова Марфушигийн дүрийг бүтээснийхээ дараа өөрөөсөө ичиж, бүр кино салбарыг үүрд орхих тухай бодож байжээ. Гэвч энэ дүрийн ачаар найруулагчид залуу жүжигчнийг анзаарч, инээдмийн дүрд урьж эхэлсэн байна.

Мөн түүний тоглосон, монголчуудын сайн мэдэх нэг кино бол “Баригдашгүй өшөө авагчид” юм. 1966 онд гарсан уг кинонд тэрээр шаргал үст Жосигийн дүрд тоглосон байна. Мэдээж алдартай жүжигчин болохын тулд тэрээр олон кинонд тоглосон. Энд зөвхөн чухлыг онцолсон гэдгийг тунгаана биз ээ.

Хувийн амьдрал

Түүний хувийн амьдрал энгийн бас аз жаргалтай. Тэрээр нөхөртэйгөө “В огне брода нет” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Чурикова залуу найруулагч Глеб Панфиловт шууд л дурласан байна. Харин тэдний жинхэнэ хайрын түүх “Эхлэл” киноны зураг авалтын үеэр эхэлсэн гэдэг. Тэд энэ үеэс илүү дотносож эхэлсэн байна.

Түүний нөхөр Глеб Панфилов ЗХУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт, ОХУ-ын Ерөнхийлөгчийн шагналын эзэн юм. Иван Панфиловын хувьд Чурикова бол түүний хоёр дахь эхнэр. Тэрээр өмнө нь гэрлэж байсан бөгөөд нэг хүүтэй юм.

Харин Глеб Панфилов болон Чурикова нар дотуур байрны жижигхэн өрөөнд хамт амьдарч эхэлсэн бөгөөд удалгүй гэрлэжээ. 1978 онд тэдний хүү Ваня ч мэндэлсэн байна.

Хүү ч бас жүжигчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд 4 настайдаа дэлгэцийн анхны дүрээ бүтээсэн. Гэвч эцэг эх нь түүнийг жүжигчин болгохыг хүсээгүй тул дипломат болохоор шийджээ. Гэсэн хэдий ч 2008 онд Иван Панфилов аавынхаа найруулсан “Гэм буруугүй” кинонд ээжтэйгээ хамт тоглож, гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэх болжээ.