Уран уншлагын мастер Д.Жагдаг

Уран уншлагын нэрт мастер, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жагдагийг “Хүмүүс” буландаа онцолж байна.

“Хөгжүүлбэл авьяастай хүүхэд байна”

Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
… хэмээн унших МУГЖ, уран уншигч Д.Жагдаг гуайн дуу хоолойгоор бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн олон сайхан шүлэг, өгүүллэг, найраглалууд бий.

Алдартай зохиолчдын агуу бүтээлүүдийг уран яруу хоолойгоор сонсогч түмэндээ хүргэж явсан энэ эрхэм Хэнтий аймгийн мөрөн сумын өндөр хааны өвөрт төрж, өсжээ.

Багаасаа л урлагт хайртай байсан тэрээр дуучин болох юмсан гэсэн бяцхан мөрөөдөлтэй байж. Харин жаахан том болоод жүжигчин л болох юм шүү гэж боддог болсон хэмээн хөөрөлдсөн нь бий. Түүнийг урлагт татагдаж, урлагийн хүн болоход ээж нь нөлөөлсөн гэдэг. Д.Жагдаг гуайн ээж сайхан дуулдаг, “Талын таван толгой”-г байнга л аялж явдаг нэгэн байж.

Багаасаа л дуу хөгжимд их сонирхолтой, шүлэг унших дуртай байсан тэрээр сургуулийнхаа урлаг соёлтой холбоотой бүх л арга хэмжээнд оролцдог байжээ. Дунд сургуульд байхдаа ч мөн ялгаагүй драмын дугуйлан, бүжгийн сургалтад явж өөрийгөө хөгжүүлж байв.

Гэвч 16 настай байхад нь түүний ээж бурхан болж, дөнгөж наймдугаар ангийн хүүхэд байсан тэрээр сургуулиасаа гарч, ээжийн оронд ээж болох үүргийг гүйцэтгэсэн хэмээн өгүүлсэн байдаг.

Д.Жагдаг 16-хан настайдаа Худалдааны ажилтны ордонд дагалдан жүжигчнээр шалгуулан тэнцэж, бүжигчнээр ажиллан урлагийн тайзнаа гарч эхэлжээ. Тэрээр энэ тухайгаа “Отгон найруулагч олон хүүхэд шалгаруулснаас гурван хүүхэд тэнцсэн. Тэдгээрийн нэг нь болох миний бие дагалдангаар таван сар гаруй ажилласан. Жүжигчдийг эзгүйд нь орлодог жүжигчин байлаа. Тэр үед Соёлын яамнаас мэргэжилтнүүд ирж хяналт тавьдаг. Тэгсэн би Ч.Чимэд гуайн “Би монгол хүн” шүлгийг уншаад тэр хавиар нь  дуулаад бүжиглээд л явсан. Тэгсэн яамныхан хуралдаж, хурал дээр миний тухай яригдсан юм билээ. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай шүлэг уншихыг минь сонсоод “Хөгжүүлбэл авьяастай хүүхэд байна” гэж хэлсэн байдаг” гэжээ.

Хамгийн анх тэрээр Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” найраглалыг сар гаруй бэлдэж тайзнаа уншихад үзэгчид маш халуун дотно хүлээн авчээ. Дараа нь Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд”, Ш.Дулмаагийн “Хүүгийн эцэгт бичсэн захидал” найраглалууд гарч энэ сор болсон бүтээлүүдээ “амьдруулж” уншдаг болсон байна.

Үүний дараагаар тэрээр уран уншигчдын улсын анхдугаар уралдаанд оролцож тэргүүн байр эзлэв. Харин түүнийг Ардын жүжигчин Б.Зангад гуай Монгол Улсын Филармонид ажиллахыг урьжээ. Ингээд Б.Зангад гуайн анхны тушаалаар Филармонид ажиллах болсон хүн нь авьяаслаг уран бүтээлч, уран уншигч Д.Жагдаг юм.

1974-1984 оны хооронд Улсын филармонид ажиллахдаа тэрээр Симфони найрал хөгжим, “Баян монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагтай тус тус хөдөө бригадаар явахад явж, шүлэг найраглалаа уншиж, тоглолтоо ч хөтөлдөг байж.

Түүний уран бүтээлийнх нь оргил үе Улсын филармонитой салшгүй холбоотой бөгөөд бидний сэтгэл зүрхэнд хоногшсон олон бүтээлийг урнаар уншсан юм. Тухайлбал,

  • Б.Явуухулан “Тэхийн зогсоол”, “Би хаана төрөө вэ”, “Шүлэг минь Хүлэг минь”
  • Д.Нацагдорж “Миний нутаг”
  • Ш.Сүрэнжав “ Багш” , “Гар”, “Ерэн баатрын дууль”
  • Б.Лхагвасүрэн “Үр могой”, “Цэнхэр дурдан алчуур”
  • Р.Чойном “Зүүд”
  • Ш.Дулмаа “Хүүгийн эцэгт бичсэн захидал”
  • Д.Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг”, “Хар цас”, “Сэгс цагаан богд”, Хүүхэлдэйн дууль буюу Светланагийн өчил”, “Чингис”
  • П.Бадарч “Мөнхийн дурсгалд”, “Есөн эрдэнийн орон”
  • С.Оюун “Эзэнгүй одон”
  • О.Дашбалбар “Амьддаа бие биенээ хайрла”
  • Т.Галсан “Цээж бичиг”, “Хатуу болзол” зэрэг олон шүлэг найраглалуудыг уншжээ.

Эдгээрээс гадна Симфони найрал хөгжимтэй “Хувдай ишигний паян”, “Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр” зэргийг урнаар уншдаг байжээ.

2008 он. Тэрээр Д.Арвин гишүүний хамт нутаг руу явжээ. Нутагтаа очоод найраглалаа уншчихаад гишүүнтэй индэр дээр зогсож байтал хүмүүс “Та нар наад хүмүүсээрээ юмаа хийлгэхээ л мэдэх юм гавьяа шагналыг нь өгөөч” гэж орилолдож.

Үүний дараагаар хотод ирээд байж байтал нэгэн өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнрүү утастаж, маргааш нь шагналаа аваарай гэжээ. Ингээд ард түний хайртай ураг уншигч Д.Жагдаг МУГЖ цолоор энгэрээ мялаасан түүхтэй.

Тэрээр өөрийнхөө бүтээлүүдээр “Их найргийн хурим” VCD-гээ 2004 онд гаргаж байсан. Харин тэр цомогт ороогүй олон сайхан бүтээлүүдийг түүний охин М.Энхтуяа нэгтгэж, “Их найргийн хурим-2” цомгийг гаргасан байна. Уг цомогт Д.Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд”, Мөн АУЗ Б.Лхагвасүрэн, Т.Галсан, С.Оюун, Ц.Хулан, Бя.Энхтуяа зэрэг олон сайхан яруу найрагчдын сор болсон бүтээлүүд багтжээ.

Алтан цомын эзэн

Түүний амьдралын нэг хэсэг хошин урлагтай холбогдоно. Учир тэрээр хошин урлагийн театрын анхдагчдын нэг. Энэ тухай МУГЖ Б.Батзаяа “Би 1989 онд Хүүхэд, залуучуудын театраасаа өрх тусгаарлаж, Хошин урлагийн театрыг байгуулсан. Тэгэхэд надтай хамт жүжигчин И.Одончимэг, Б.Туяа, О.Энхтуул, Н.Амгалан, Н.Энхбаатар, гэрлийн техникч Хүрлээ нар театраасаа гарсан. Сүүлд Л.Чаминчулуун, Д.Жагдаг эгч маань бидэндтэй нэгдсэн” хэмээсэн байдаг.

Харин МУГЖ Д.Жагдаг энэ түүхээс хуваалцахдаа “Улсын филармонид ажиллаж байхдаа “Баян монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагтай хөдөө их явна. Тэдний тоглолтыг хөтлөхийн зэрэгцээ, өөрийн уран бүтээлээс уншдаг байв. Харин тэдний дууны дунд уянгын, уйтгар гунигтай найраглал уншихад хэцүү байсан юм. Ингээд хошин шогийн аястай уран бүтээлийг тэнд “шигтгэх” болсон. Энэ үеэс л хошин урлагийн суурь тавигдсан байх.

Харин үүний дараа би Армийн театрт ч ажилладаг боллоо. Ингээд 90-ээд оны үед улс даяараа амьдрал жаахан хэцүү болсон. Энэ үед театрт байлгах, байлгахгүй асуудал яригдаж байхад Чамиа маань хоёулаа гаръя, уран бүтээл хийе гэсэн. Тухайн үед Б.Батзаяа, И.Одончимэг, Б.Туяа, О.Энхтуул нар хошин урлагийн театр байгуулж байсан юм билээ. Би мэдээгүй. Тэгээд л тэр театрт орж, ажиллаж эхэлсэн” гэсэн байдаг.

Тэрээр хошин урлагийн шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” урлагийн их наадмаас 1998 онд алтан цомыг хүртэж байсан авьяаслэг нэгэн билээ.

“Хүний төлөө гэсэн халуун сэтгэлтэй, хөдөлмөрч хүн байсан даа”

Олон сайхан найраглал, шүлгийг уран тансаг шаглаж, Монголын өгүүлэхүйн урлагт тодоос тод гялалзаж, түүчээлж явсан энэ эрхэм 2019 онд тэнгэрийн орноо морилсон.

Д.Жагдаг зургаан хүүхдийн ээж бөгөөд түүний уран уншлага, ажил мэргэжлийг нь залгамжилж байгаа нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, нэвтрүүлэгч М.Энхтуяа нь юм. Тэрээр ээжийнхээ тухай “Ээж минь үнэхээр хүний төлөө гэсэн халуун сэтгэлтэй, хөдөлмөрч хүн байсан даа. Тэтгэвэртээ гараад зүгээр суулгүй урагшаа хойшоо наймаанд ч явж байсан. Цайны газар ажиллуулаад тогооч хийж ч явсан, ёстой зүгээр суудаггүй хүн байсан даа.

Би ээжээсээ зургуулаа. Яг өөрийнх нь уран уншлага, ажил мэргэжлийг нь залгамжилж байгаа нь ер нь би дээ. Өлгийтэй нялхаасаа авхуулаад урлагийн бригадаар насаараа явж, тогоонд нь чанагдаад, багаасаа ч өөрийгөө урлагийн хүн болно гэж мэдэрчихсэн юм” гэжээ.

МУГЖ Д.Жагдаг гуайн хань цэргийн хүн байж. Тэрээр нэгэн удаа “Хань маань цэргийн хүн байсан болохоор ч тэр үү би цэрэг, эх орны сэдэвтэй шүлэг найраглал их уншдаг байсан. Нөхөр маань байнга томилолтоор явчихдаг. Тэгээд би дагаад л явна даа” гэсэн байдаг.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!