Судлаачид хэт халалтаас болж арьсны хорт хавдрын тохиолдол нэмэгдэнэ гэжээ

Урин дулааны цагт хэт халалтын улмаас арьсны хорт хавдар буюу меланома болон ноцтой аюул бүхий хорт хавдрын тохиолдлууд нэмэгдэж магадгүй гэдгийг Их Британийн судлаачид The Gurdian-д өгсөн ярилцлагадаа дурьдаж, наранд удаан хугацаанд байхгүй байхыг анхааруулсан байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь арьсны хорт хавдрын өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх шалтгаан болно гэж тэд үзжээ.

Английн Бристолын Их сургуулийн профессор Dann Mitchell “Иргэд урин дулааны улиралд илүү их цагийг гадна өнгөрүүлдэг. Ингэснээр арьсны хавдар үүсэх гол эрсдэлт хүчин зүйл болох нарны хэт ягаан туяанд илүү их өртөнө гэсэн үг. Хэт ягаан туяа нь шууд хорт хавдар үүсгэдэг гэж хэлэхгүй ч эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мэдээж хэрэг удаан хугацаанд, олон удаагийн давтамжтай наранд байх нь эрсдэлийг улам л ихэсгэнэ. Хүний үйл ажиллагаатай холбоотойгоор уур амьсгалын өөрчлөлт бий болж, дэлхийн дулаарал явагдаж эхэлсэн. Дулаарал болон арьсны өвчлөлийн уялдаа холбооны талаар цаашид илүү нарийвчлан судална” гэсэн юм.

Мөн бусад судлаачид хэт халалтын улмаас меланомагийн өвчлөл, нас баралт нэмэгдэж магадгүй гэж таамаглаж байгаагаа хэлжээ.

Тиймээс арьсаа наранд түлэгдэхээс сэргийлэхийг судлаачид анхааруулсан байна. Сүүлийн жилүүдэд арьсны хорт хавдрын оношилгоо, эмчилгээ сайжирснаар нас баралт буурсан гэж мэдээлжээ. 

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Өнгөрөгч зургадугаар сард гэхэд Францын нэгэн бүс нутагт 40 хэм хүртэл халж, гадна орчинд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байв.

Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд тодорхой арга хэмжээ, шийдлүүдийг гаргасаар буй. Тухайлбал, Нидерланд улс 2030 он гэхэд азотын хийн ялгаруулалтыг 50 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: RT

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!