ХУУЛЬ: Дараах тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрөөс чөлөөлнө

25 ба түүнээс дээш ажилтантай ААН нийт ажлын байрныхаа 4 хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна гэсэн хуулийн заалт бий. Хэрэв энэ хувиар ажиллуулаагүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлбөрийг төлнө гэсэн заалттай. Төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих үйл ажиллагаанд зарцуулдаг.

Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах зохицуулалтуудыг тусгажээ.

144 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт

144.1.Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй.

144.2.Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна.

144.3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 144.2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө.

144.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн 144.3-т заасан төлбөрөөс чөлөөлж, эсхүл хөнгөлж болно.

144.5.Энэ хуулийн 144.3-т заасан төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална. Энэ төлбөрийг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах бөгөөд төлбөр хураалт, зарцуулалт, үр ашгийн талаар жил бүр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнана.

144.6.Ажил олгогч энэ хуулийн 144.1-д заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг хориглоно.

144.7.Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

144.8.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээсээ, зайнаас, бүтэн бус цагаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авна.

Хуулийн шинэчилсэн агуулгад хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрийг хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх зохицуулалт шинээр орсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг урт хугацааны гэрээ байгуулж, худалдаж авбал тухайн дүнгээр хөнгөлж, чөлөөлж болно. Мөн үүнд хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асарч байгаа иргэний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн багтана.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүйн төлбөрийн орлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг боловсруулдаг. Үүний хүрээнд хувиараа аж ахуй эрхлэх гэж байгаа иргэнд барьцаагүй, хүүгүй, 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлдэг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхэлтийг дэмжих заалтууд бий. Тухайлбал, ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах юм бол нэг жил тогтвортой ажиллуулсны дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал авах аж.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!