Б.Жавхлан: Ойрын жилүүдэд өр зээлтэй холбоотой дефолт зарлах эрсдэлгүй

Сүүлийн үед хэвлэлүүдээр Монгол Улс үнэхээр дефолт зарлах эрсдэлд хүрсэн эсэх талаар онцолсоор буй. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ үүнд тайлбар хийлээ.

Тэрбээр, “Сүүлийн үед дефолт хэмээн хаяглаж, зохион байгуулалттайгаар мэдээлэл цацаж байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд ойрын хугацаанд, тодруулбал ойрын гурван жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой ямар ч дефолт зарлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Өнөөдрийг хүртэл Засгийн газраас нийтдээ 7 бонд гаргасан.

Анх 2012 оны 12-р сард “Чингис” бонд

2015 оны 6-р сард “Дим Сам” бонд

2016 оны дөрөвдүгээр сард “Мазаалай” бонд гээд 2012-2016 онд нийтдээ 2,2 тэрбум ам.долларын бонд гарсан.

Үүнээс хойш гурван тэрбум ам.долларын дөрвөн төрлийн бонд гарсан нь:

2017 онд “Хуралдай” бонд

2017 онд “Гэрэгэ” бонд

2020 онд “Номад” бонд

2021 онд “Century” бонд юм.

Нийтдээ 5,2 тэрбум ам.долларын 7 бондоос зөвхөн хамгийн анхны “Чингис” бонд л төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн байдаг. “Дим Сам” болон “Мазаалай” бондыг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан. Түүний дараа гарсан дөрвөн бонд нь өмнөх өрүүдээ төлөх зээлийн зохицуулалттай гарсан байдаг. Аль Засгийн газрын үед өр тавьсан, аль үед нь өрийг төлсөн гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Үүнийг улс төржүүлэх хэрэггүй.

Олон Улсын гадаад зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу өрийн менежментээ зохицуулсны үр дүнд дефолт зарлах аюулаас бид хол байна. Үүнийг бид биш гадны хөрөнгө оруулагч нар үнэлж байгаа.

“Чингис” бондоор санхүүжүүлсэн бүх өр төлбөрийг нэг бүрчлэн шалгаж, өнөөдөр ямар эрсдэл бий болгосныг ил тод тавьна. Энэ бондын 1,5 тэрбум ам.долларын 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болчихсон байршиж байгаа” гэлээ.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!