“Ганц бие залуусын чуулга уулзалт зохион байгуулна”

0
265

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдээлэл хийжээ. Тус аймгийн залуучуудын хувьд анхаарал хандуулах асуудлын нэгд гэр бүл төлөвлөлт орж байгаа учраас түүний санаачилгаар гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээ наймдугаар сарын 12-14-ий өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв, цаашлаад Дөргөн нуур баазад болох бөгөөд одоогоор 300 гаруй залуус бүртгүүлжээ. Бүртгэл энэ сарын 10-ны өдөр дуусна. Бүртгүүлсэн иргэдийг бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, гэр бүл төлөвлөлт, мал аж ахуйн бизнесээ хэрхэн авч явах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө, сургалт орох аж.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Хөдөө сумд, баг, малчны хотонд очоод эмийн үзлэг хийхээр 20, 30-тай залуучууд цусны даралт ихсэлттэй, бараг 10, 20 жил эмнэлгийн  тусламж, үйлчилгээ аваагүй байх жишээний. Наад захын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй байдгаас болоод хорт хавдрын өвчлөл ихсэж байна. Зөвхөн эрүүл мэндээс гадна гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдоод байна. Хөдөө орон нутгийн залуусийн хүйсийн харьцаа алдагдсан. Эмэгтэйчүүдийн тоо цөөхөн.

Манай аймгийн хувьд мөн нэг хүндрэлтэй зүйл нь цус ойртолтын асуудал. Улсын хэмжээнд хамгийн өндөр түвшинд байгаа. Тиймээс сум сумын залуусыг хооронд нь уулзуулж, танилцуулна” гэжээ.